МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн хуулийг барьцаалаад хаашаа ч хөдөлгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр би өршөөгдвөл бусад нь ч бас өршөөгдөнө. Би өршөөгдөхгүй бол мөн адил өршөөгдөхгүй гэж аашилж яваа сурагтай.

Цаашилбал Өршөөлийн хуульд хориг тавьбал би өршөөгдөхөө болино. Намайг өршөөгдөхгүй болчихвол бусад нь ч мөн адил өршөөгдөхгүй гэж үзэж байгаа бололтой. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг заалт тус бүрээр нь биш бүхэлд нь авч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хуулиндаа Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчилж бус зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Н.Энхбаяр гуай хуулийн энэ заалтыг З.Энхболдын гараар өөрчлүүлж хоригийг бүхэлд нь хүлээж авах эсэхийг л хэлэлцэх хэрэгтэй гэж шахаж яваа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний энэ шахалтаас болж АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн, яаж хэлэлцэхээ, цаашлаад хүлээж авах эсэхээ ч шийдэж чадалгүй гацсан сурагтай.

 

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн хувьд мэдээж Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй. Тэд яаж зовж байж энэ хуулийг батлуулсан билээ дээ. Тодруулбал, тус бүлгийн гишүүд сайн ажилласаны дүнд л өнөөдөр Н.Энхбаяр Монголд ирж чөлөөтэй агаар амьсгалж байгаа нь нууц биш.

 

Харин УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Гэхдээ зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцэх ёстой гэсэн байр сууринд нэгдээд байгаа аж.

 

Ямартай ч УИХ дахь намын бүлгүүд ийм байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр өдгөө УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг ямар дэгээр хэлэлцэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. З.Энхболд Н.Энхбаярын үгэнд ороод хоригийг бүхэлд нь хүлээж авах эсэхээр хэлэлцэх үү. Эсвэл зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцэх үү гэдгийг харах л үлдлээ.

 

Хэрвээ бүхлээр нь хүлээж авах эсэхээр санал хураавал хориг бүхэлдээ унах магадлалтай. Тэгэхээр нөгөө хууль бусаар хөрөнгөжсөн, авлигачид өршөөгдөнө гэсэн үг юм.

 

Харин зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцвэл зөвхөн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига хээл хахуулын хэрэгтэй нөхдүүд өршөөгдөхгүй үлдэж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүс болон хүүхэд, эмэгтэйчүүд хөнгөн, хүндэвтэр хэргээр хоригдож буй хоригдлууд өршөөгдөх магадлал өндөр байгаа юм.

 

Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн 4.1, 5, 7, 9 дүгээр заалтад хориг тавьсан. Гэтэл хоёр долоо хоногийн өмнө “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн хориг Өршөөлийн хуулийг бүхэлд нь унагаж мэдэхээр байна гэж мэдэгдсэн. Тодруулбал,  Ерөнхийлөгч хориг тавихдаа Өршөөлийн хуулийн 4.1 болон 7 дугаар зүйлд хориг тавьсан нь  одоо ял эдэлж буй шүүхийн ялтан болон мөрдөн  байцаалтад явж буй бүх хүнийг өршөөхгүй гэсэнтэй адил гэж байв.

 

Энэ нь үнэн бөгөөд УИХ уг заалтыг хүлээж авбал үнэхээр нэг ч хоригдол суллагдахгүй, хууль бүхлээрээ хүчингүй болох юм. Гэхдээ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг амьдралд алдсан олон энгийн иргэнээ өршөөх нь үү, үгүй юу гэдгийг харах гэж уг заалтууд дээр хориг тавьсан байж болох. Бас хоригийг бүхэлд нь унагаж мэдэх учраас зориудаар 4 болон 7 дугаар заалтыг оруулсан байж мэдэх юм. Харин 5 болон 9 дүгээр зүйл нь авлига, албан тушаал, залилангийн гэмт хэрэгтэй хүмүүс байгаа

 

 Тодруулбал, хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг заалт тус бүрээр нь хэлэлцсэн тохиолдолд УИХ-ын гишүүд иргэдээ үнэхээр өршөөе гэсэн юм бол 4.1 ба 7 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээж авах учиргүй. Учир нь хууль бүхлээрээ хүчингүй болно. Харин 5 ба 9 дүгээр зүйлд тавьсан хоригийг хүлээж авах үгүй нь гишүүдийн өөрсдийнх нь эрх.

 

Гэтэл “Шударга ёс“ эвслийнхэн хоригийг хоёр зүйл, заалтаар л тайлбарлаж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхээр мэдээллийг өгч явна.  “Хоригийг хүлээж авах уу, үгүй юу" гэж дөрвөн заалтыг багцлан ганц санал асуултаар шийдвэл дээр дурдсан 4.1 ба 7 дугаар заалт хоригт орж хууль бүхэлдээ унах учраас эвслийнхэн энэ хэсэг заалтаар шоу хийж байгаа бололтой.

 

Ингээд хуулийн дагуу хоригийг зүйл,  заалтаар нь хэлэлцээд өршөөхийг нь өршөөгөөд өршөөхгүй хүмүүсийг үлдээх ёстой дэгийг өөрчлөх гэж “Шударга ёс” эвсэл болон тэдний дарга УИХ-ын даргад хүртэл нөлөөлөхөөр явж байгаа биз. Ганц хүний эрх, ашгаар олон хүний эрх чөлөөг боомилсон ийм үйлдлийг УИХ-аар арай хэлэлцэж батлахгүй байлгүй дээ.

Т.Хулан