Нийслэл хотыг анх 500 мянган хүн амтай, барааны савангаас өөр цэвэрлэгч бодис хэрэглэдэггүй шахам байхад Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж байсан гэдэг. Тэгвэл энэ байгууламж хэдийн хагас зууныг элээж, нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн байна.

Тодруулбал, энэ хугацаанд Төв цэвэрлэх байгууламжид технологийн хувьд ямар ч шинэчлэл хийгээгүй гэдгийг тус байгууламжийн дарга Н.Одхүү дурдаад хааяа нэг орж ирэх төслийг эс тооцвол шинэчлэл ч хийгдсэнгүй явсаар одоо ослын  байдалтай ажиллаж байна гэдгийг хэлсэн юм.

Цаашлаад өнгөрсөн зургаадугаар сард ТЦБ-ын биологийн цэвэрлэгээ хийдэг аэротенкийн тунгаагуурууд нурж, зогсохоос аргагүй байдалд хүрэхэд нийслэлчүүд, хэдэн дарга нар сая ухаан орсон мэт амтай болгон шагширч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл  яаралтай зээл хөөцөлдөж тус байгууламжийг шинэчлэхээр Франц Улс руу хүлгийн жолоо залж байлаа.

Улмаар ТЦБ-ын өнөөгийн дүр зураг ямар байдалтай байгааг бид сурвалжлагаар хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус байгууламж ямаршуухан байгаа талаар нэхэн сурвалжиллаа.

 

Журмыг яаралтай батлахгүй бол шинэ цэвэрлэх байгууламж бариад ч нэмэргүй

Одоогоор тус байгууллагад хоёр гол асуудал тулгараад байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхгүй бол дахин цэвэрлэх байгууламж бариад ч байдал дээрдэхгүй гэдгийг ТЦБ-ын дарга онцолсон юм. Үүнд,

1. Бохирдуулсны төлбөр төлөх журмыг батлах. Манай улсад 1997 онд хагас боловсруулсан арьс шир экспортлох хууль батлагдсан. Үүний дагуу арьс ширний үйлдвэрүүд хамаг л хүчтэй хортой, хямдхан гэсэн химийн бодиснуудыг хэрэглэх болсон байна. Харамсалтай нь өдөрт хэдэн мянган куб усыг химийн хороор бохирдуулж байгаа ч түүнийгээ шууд ТЦБ-руу нийлүүлдэг нь цэвэрлэх явцад ихээхэн саад учруулдаг байна.

2. Шинэ Цэвэрлэх байгууламж барих ажлыг түргэвчлэх. ТЦБ аваарын байдалтай ажиллаж байгаа гэдгийг өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа хүн бүр мэднэ. Цаашлаад шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг ч мэднэ. Иймд Ерөнхийлөгч Франц улсад айлчлал хийх үеэрээ шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг хөндөж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэсэн боловч Засгийн газар, УИХ шийдэлд хүрэхгүй байгаагаас ажлыг гацааж байгаа гэнэ.

Харамсалтай нь Нийслэлийн бохирын асуудлыг шийдвэрлэх цэвэрлэх байгууламж барихад цаг хугацаа их орох бөгөөд одоо эхэллээ ч 5-6 жил шаардагдана. Энэ хугацаанд энэ ТЦБ маань тэсэх үгүйг мэдэхгүй байна хэмээн Н.Одхүү дарга хэлсэн юм.

 

Л.Эрдэнэчимэг: Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг хурдлуулна

УСУГ-ын дарга С.Үнэн “Яг одоогоор ТЦБ-ыг шинэчлэх, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хийх газрыг тендерээр шалгаруулаад, Франц улсын Артелиа вилл гэдэг компанитай гэрээ хийчихсэн ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ оны 11 дүгээр сард багтаан ТЦБ болон Туул голын усан цогцолбор буюу УБ хотын усан хангамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тухайлсан шийдлийг гаргах чиглэл өгсөн.

Улмаар энэ чиглэлийн дагуу Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, хоёр төсөл дээр ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах ажил хийгдэж байна. Одоогоор хөрсний судалгаа, гидрогеологийн судалгаануудыг хийгээд дуусах шатандаа орж байгаа. Франц улсын засгийн газар, тус улсын сангийн яамнаас хамтран манай улсын ТЦБ-ыг шинэчлэн барьж байгуулахад тодорхой хөрөнгийг гаргах, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотой гэсэн саналыг өгөөд байна.

Харамсалтай нь манайхан шийдээ гаргаж чадахгүй байгаагаас ажил  гацаагаад улам бүр хоолойд тулгамдсан асуудал болгоод байна. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, 2016 онд эхлүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

Миний ярьсанчлан ТЭЗҮ-ийг боловсруулахын тулд Нийслэлээс 6 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Цаашдын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх ёстой. Нийслэл үүнд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Бусад яамнууд, БХБЯ, БОНХЯ, мөн засгийн гаүзрын бусад байгууллагууд, УИХ тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллахгүй бол УБ хотын нийт иргэдийн хувьд асуудал маш хүндэрлээ.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “ТЦБ-ыг шинэчлэх асуудлаар СХД-ээс сонгогдсон гишүүд байнга Засгийн газарт хүсэлт хүргүүлж байгаа боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна. Тийм учраас энэ намар хэлэлцэгдэх төсөв дээр энэ байгууламжийг шинэчлэх хөрөнгө суулгуулахын тулд газар дээр нь танилцаж, Ус сувгийн удирдах газартай хамтраад ажиллаж байна.

Ер нь бол шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай байгаа юм байна гэдгийг ойлголоо. Хоёрдугаарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах ёстой юм байна гэдгийг харлаа.

Өөрөөр хэлбэл, бохирдуулагчийг эргээд төлдөг, үйлдвэр болгон дээрээ жижиг цэвэрлэх байгууламжтай байх хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгөх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэх ёстой юм байна.

Мөн Францын засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламж барьж өгье гээд саналаа ирүүлчихсэн байгаа юм байна. Энэ гэрээг УИХ батлан соёрхох ёстой. Энэ утгаараа Засгийн газарт хүсэлт илгээж, Францын засгийн газартай холбоо тогтоож, яаралтай энэ ажлыг эхлүүлэх тал дээр арга хэмжээ авах ёстой . Иймд энэ асуудлыг хурдавчлуулах тад дээр анхааръя" гэлээ.

 

ТЦБ-аас гарч байгаа үнэрийг арилгах боломжгүй

Гэвч тус байгуулжийн үнэр, танар жилээс жилд ихэсч байгаагаас тус дүүрэгт оршин суугч буюу СХД-ийн дүүргийн иргэд нийслэл болоод ТЦБ руу өдөр бүр үнэр танар, орчин нөхцлийн талаар гомдол хүргүүлдэг байна. Энэ талаар ТЦБ-ын  Ашиглалтын албаны технологич инженер Ю.Эрдэнэжаргалаас тодрууллаа.

- ТЦБ-ын үнэр жилээс жилд тэлж, бүр Нисэх, Яармагийн орчимд ч үнэртэх болсон гэх. Энэ тал дээр танай байгууламжаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Ер нь үнэр гаргахгүй байх боломжтой юу?

- Энэ байгууламж маань уул шугамандаа ахуйн зориулалттай цэвэрлэх байгууламж. Ахуйн хэрэгцээнээс тунасан лагийг 44 карт, 15 га талбайд ил задгайгаар байгалийн аргаар хатааж цэвэрлэдэг техноллогитой.

Тэгэхээр энэ байгууламжийг үнэргүйжүүлнэ гэвэл зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж барьж, шинэ тохнологи нэвтрүүлж байж л шийдвэрлэхээс өөр гарцгүй. Хэдийгээр бид лагийг нягтруулж усгүйжүүлж байгаа ч үнэргүйжүүлэх боломжгүй байдаг юм.

Угтаа лагийг тодорхой температурт халааж байж үнэргүйжүүлдэг. Гэтэл манайд ийм технологи байхгүй. Тэгэхээр ТЦБ-д зайлшгүй шинэчлэлийн асуудал хэрэгтэй. Тэгж байж үнэрийн асуудал шийдэгдэнэ.

- Шинэ цэвэрлэх байгууламж баригдтал ямар арга хэмжээ авч болох вэ?

- Хэдийгээр бидэнд техник, технологи нь байхгүй ч үнэрийг багасгах тал дээр олон арга хэрэгжүүлж байна. Тодорхой хэмжээгээр ургамал тарьж үзлээ. Янз бүрийн үртэс асгаж үзлээ. Ер нь энэ тал дээр УСУГ-аас нэлээд анхаарч ажиллаж байгаа боловч төгс шийдлийг олоогүй байна.

 

ТЦБ-ын дарга Н.Одхүү: Манайхан өөрсдөө л хэнэггүй хүмүүс

- Сүүлийн үед танай байгууламжаас гарах үнэр эрс нэмэгдсэн гэдгийг иргэд хэлэх болсон. Тэр нь юутай холбоотой байна вэ?

- Жилээс жилд барилгажилт л нэмэгдэж байна. Тэр хэрээрээ төвийн бохир усны шугамтай холбогдоно. Манайд ирэх усны хэмжээ ихэснэ. Дээр нь арьс ширний үйлдвэрүүд хэрэглэсэн химийн бохирдолтой усаа огт цэвэрлэхгүйгээр нааш нь нийлүүлснээс бид хүчин чадлаасаа хэд дахин хэтрүүлж ажиллаж байна. Мөн техник, технологийн хувьд ямар ч шинэчлэл хийгдээгүй учраас ийм байдалд хүрч байгаа юм.

Ер нь би ийм жишээ хэлэх дуртай. Стакантай усанд нэг халбага давс хийчихээд үүнийг цэвэр ус болгоотох гэвэл би чадна. Гэхдээ 5 халбага хийчихээд цэвэршүүл  гэвэл би чадахгүй. Бид нар эдгээр арьс ширний үйлдвэрүүдэд хэдэн боть албан бичиг хүргүүлсэн, газар дээр нь очоод усыг нь битүүмжлээд ч явж үзсэн. Хаалгаар гарав уу үгүй юу, даруулсан юмыг нь аваад л хаячихаж байна. Бид нар хяналтын биш, үйлчилгээний байгууллага учраас энэ дээр ямар ч арга хэмжээ авч чаддаггүй. 

- Ингэхэд танай байгууллага ажилчдадаа сард ганцхан удаа 1 ширхэг резинэн бээлий, 2 ширхэг нэг удаагийн маск өгдөг гэсэн. Яагаад цэвэрлэх байгууламж байж тийм бага хамгамжтай байгаа юм бэ, үүнийш шийдвэрлэх арга бий юу?

- Цэвэр усан дээр л тэгдэг байх. Манайх долоо хоногт 2-3 удаа ажилчдынхаа бээлийг сольж өгдөг. Энэ бохир нөхцөлд хэн тэгж ажиллах вэ дээ. Манай хангамж бол хангалттай.

Харин манайхан өөрсдөө хэрэглэдэггүй. Бээлийтэй эрэг боолт тайлахаар гарт орооцолдоод байдаг гээд тайлаад шидчихдэг. Дээр нь малгай, каск өмс гээд байхад өмсөхгүй гүйж яваад тархиа хага цохиулчихдог хүмүүс ч байна. Манайхан өөрсдөө л хэнэггүй хүмүүс.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Мөн энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүнийг сонгогчид нь "барьж идэв"

Төв цэвэрлэх байгууламжаас өмнө нь бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.