"Ундаалах" голгүй үлдэх вий
2015/09/07
Монголчууд бидний ундаалдаг томоохон голууд ар араасаа бохирдлын хэмжээ нь хэтэрч аюулын харанга дэлдлээ. Эрх мэдэлтнүүд энэ талаар ганц үг ган хийхгүй сууна.
Харин иргэд хэнд, хаана хандахаа мэдэхгүй сууна. Гэтэл бидний ууж буй ус нь эрүүл мэндэд нь заналхийсээр л...
Одоогоос хоёрхон жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хамгийн их бохирдсон голуудын жагсаалтын эхний тавд Хатан Туул гол орж байсан юм. Нийслэлчүүдийн ундны усыг нийлүүлдэг туул голд төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийх үеэр бохирын томоохон суваг болгон хувиргасан. Дэргэдүүр нь өнгөрөхөд өмхий ханхалж дээрээс нь харахад ногоорон харагдаж байсныг тухайн үед иргэд баримтжуулж сошаль ертөнцөөр тараасан ч тусыг эс олсон.
Цагтаа бороо орохоор үерлэж хэд хоногийн дараа л татардаг байсан гэх Сэлбэ гол өдгөө усгүй хатаж байгаа. Иргэд нийлж цэвэрлэгээ хийдэг ч хэд хонолгүй л хогонд дарагдаж орхидог. Сэлбэ голын ойр орчимд 70 гаруй гүний худаг бий. Эдгээр гүний худаг нь “Сэлбэ” голыг ширгэхэд нөлөөлж байна” гэхэд болно. Сэлбэ гол нь 35 километрт урсдаг бөгөөд усны 50 орчим хувь нь гадаргын болон хурын усаар тэжээгддэг байна. Гэтэл хоёр жилийн өмнө ширгэж Сэлбийг сэргээх ажил өрнүүлсэн ч дорвитой сэхэж амь орохгүй л байна.
Ийнхүү Улаанбаатарчуудын ундны ундарга болсон голууд өмхийрч, ширгэж дуусах нь. Дээрээс нь хөдөө орон нутгийн голуудыг хууль бус алт олборлогч нар борхидуулж байна. Тухайлбал, Увс аймгийн Тариалан сумын нутаг, “Гэдэг” хэмээх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлжээ. Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон байна. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан хэдий ч уг гэрээн дээр ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байсан аж. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг Тариалан сумын Засаг дарга С.Цолмонд хүргүүлсэн байна. Ашигт малтмалын газраас Тариалан суманд бичил уурхайн зориулалтаар ашиглагдах 35,1 га газрын дүгнэлт ирсэн хэдий ч алт олборлож буй тус газар үүнд багтаагүй аж. Алт олборлогчид лацыг хөндөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Мэргэжлийн хяналтын газраас хууль бус алт олборлогчдын хөндсөн газрын хэмжээ, хохирлыг тодорхойлох, албадан нүүлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандсан байна.
Долоодугаар сарын 17-нд аймгийн Засаг дарга захирамж гарган Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, алт олборлогчдыг шалгаж, хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Гэвч хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улсын байцаагчын лацыг хөндсөн, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нөхөрлөл, иргэдийг албадан нүүлгүүлэх тухай албан тоотыг наймдугаар сарын 11-нд гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдсэнгүй. Сумын Засаг дарга, орон нутгийн Цагдаагийн газар уг асуудалд төдийлөн анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас хууль зөрчсөөр л...
Түүнчлэн алтны 70 гаруй компани Орхоны хөндийд олборлолт хийснээс Орхон гол бохирдлоо. Энэ талаар Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөл, “Миний мөрөн” ТББ хэвлэл мэдээллийнхэнд хандаж ам нээв. “Миний мөрөн” ТББ-ын тэргүүн А. Долгор-Өлзий "Монгол газар ХХК Архангай дахь өөрийн эзэмшил газраа бусдад хуваан зарсан. Одоо голын сав газрын эх дээр алтны уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс болж Орхон голын 70 гаруй хувь нь хүрэнтэж бохирдоод байна. Голоос ундаалдаг нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөл нөлөөлж байна" хэмээн өөрийн байр сууриа хэдхэн хоногийн өмнө илэрхийлээд авсан. Тэгвэл энэ асуудал өнөөг хүртэл эс шийдэгдэв.
Орхон гол манай орны 5 аймгийн 134 сумын нутгаар дамжин, Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ. Монголчууд ундаалах голгүй үлдэх вий дээ гэсэн айдас хэн хүнд төрөөд байгааг холбогдох байгууллагууд болон эрх мэдэлтнүүд сонортоо хүлээж авмаар байна.
Х.Даваа
Ari · 2024/03/25
Tegmeer l baina daa
doljin · 2015/09/08
Haluund hatan tuuliinhaa ereg deer seruutsej bgaa irged ee mashinaa zuleneesee holhon taviad goliinhoo ereg ruu ochij tseverhen amraad butsval ergeed irehed zuleg saihanaaraa bna shuu dee zulgee bas hamgaalay zuleg goyo sh dee humuus bid hogoo hayahaa bolison shigee goloo zulgee hairlay l daa huuhduudteigee l goliin ereg deer goyo b hiin daan ch daraa irehed ni ulaan shoroo bolson bh bii gej sanaa zovoh ym aa bid uursdiinhee orchniig uursduu hairlay
doljin · 2015/09/08
Hun ard mini ee bid usguigeer 1 ch honog amidarch chadahgui tul chandmana erdene usaa hun bur hairlay
Зочин · 2015/09/07
яах вэ