Газар тариалангийн салбарт хүндрэл гарсан учраас засгийн газраас шат дараатай зохицуулалт хийж байна. Тухайлбал ганд ургацаа алдсан тариаланчдад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болжээ. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахдаа хүүгүй байна. Гэхдээ бүгдийнх нь зээлийг хойшлуулахгүй. Тодруулбал ургацынхаа хэдэн хувийг алдсан байгааг яамнаас тодорхойлно. Хэрэв ургацынхаа 50 хувийг алдсан байвал зээлийн 50 хувийн эргэн төлөлтийг хүүгүй хойшлуулах юм.

Зээлийн эргэн төлөлт дээр тариаланчдад хөнгөлөлт үзүүлэхээс гадна гурилын үнийг зах зээлийн зарчимд шилжүүлэхээ мэдэглээ. Өмнө нь засгийн газраас нэг тонн буудайг хэдэн төгрөгөөр зарахыг тогтоож өгдөг байсан. Энэ жилээс энэ зохицуулалт үгүй болно.

Буудайн үнийг зах зээлийн зарчимд шилжүүлснээр гурилын үнэ өсөх нөхцөл үүснэ. Үүнийг зохицуулах гурван талт хэлэлцээр хийх юм. Иргэдийг төлөөлж засгийн газар, гурилын үйлдвэр, тариаланч нар хэн хэнийхээ эрх ашиг нийцүүлсэн шийдвэрт хүрнэ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас 3 тал 3-уулаа сэтгэл хангалуун шийдвэрт хүрч чадахгүй гэдгийг санууллаа.

Ургац алдсан учир улсын хэмжээнд 106 мянган тонн буудай, 30 гаруй мянган тонн үрийн буудайг импортлох асуудал гарч ирээд байгаа. Тариаланчдаа дэмжихийн тулд гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас авсан буудайны хэмжээнээс хамаарч импортын буудайг өгнө. Өөрөөр хэлбэл гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас хэдий хэр буудай авна тэр чинээгээр импортын буудай авах эрхтэй болно гэсэн үг.

Импортын буудайг хүйтрэхээс өмнө буюу буудайны үнэ өсөхөөс өмнө засгийн газар өөрөө оруулж ирнэ. Импортын буудай хэдэн төгрөгөөр орж ирэхээс хамаарч дотоодын буудайны үнэ хэд  байх нь тодорхой болох юм. Үүгээр дотоодын буудайны үнэ тэнгэрт хадахаас сэргийлнэ гэсэн үг.