Мөнгө бол нийгмийн харилцааны бүхий л асуудлуудыг зохицуулахаас гадна хүний мөн чанарыг нээж өгдөг илрүүлэгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Хүний чанарыг танихын тулд магадгүй цорын ганц зүйл дээр, тухайлбал мөнгөн дээр суурилан судлахад бараг л буруудахгүй.

Мөнгөнөөс болж хүн гаргадаггүй аашийг гаргаж, хүний энэ богинохон хорвоод багтах шингэхгүй болтлоо цадиггүй төрхийг үзүүлдэг. Бас зарим нь таван цаасны хуримтлалтай болмогцоо хүн төрлөөс ангижраад дээд төрлийг олчихсон юм шиг эргэн тойрныхондоо хүн бус харилцааг үзүүлдэг. Мөн зарим нь мөнгийг ертөнцийн цорын ганц хаан хэмээн сохроор итгэн хамгийн үнэтэй бүхнээ уландаа гишгэн мөнгөний төлөө үхэн хатан зүтгэсээр насыг элээдэг. Энэ мэт мөнгийг тойрсон хүний мөн чанартай холбоотой олон зүйлүүд аяндаа л бий болдог. Гэхдээ мөнгө муу муухай бүхний жишээ биш л дээ. Мөнгөтэй хүмүүс бүгдээрээ муу муухай амьтад байдаг гэдэг бол ихээхэн гажуудсан, эрүүл бус ойлголт юм. Тэр бүү хэл мөнгөөр дамжин илрэх сайхан сэтгэл аль байдгийг тэр гэхэв. Хамгийн хүнд үед сэтгэлээсээ туслах гээд таван төгрөг дугтуйлаад ирж байгаа найз нөхдөө бид хүндлэх ёстой. Хүндлээд зогсохгүй сайн хүн юм байна гэдэгт нь насан туршдаа итгэж явах хэрэгтэй.

Харин мөнгөнөөс болж хүнээ байсан нөхдүүдтэй эргээд хүний ёсоор итгэж харьцана гэдэг бол туйлын тэнэг явдал болно. Нэг ёсондоо мөнгө хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг тод томруунаар хэлээд өгчихдөг юм. Тийм болохоор мөнгийг олж байгаа хүнийг хараах биш, мөнгөнд хандаж байгаа хүний хандлагыг таних нь туйлын чухал зүйл билээ. Нөгөө талаас мөнгө хэмээгч бодитой хэрнээ хийсвэр, бараг л хий үзэгдэл шахуу зүйлийг нийгмийн сүнс хэмээн нэрийдэхэд ч буруудахгүй. Тиймээс тухайн нийгэмд мөнгө хэр зэрэг зөв эргэлттэй байна, тэр хэмжээгээр хөгжил дэвшил, аз жаргал, ирээдүй, соёл боловсрол, халамж, эрх зүйн хэрэгжилт гээд олон зүйлүүдийн утга учир, хэм хэмжээ тодорхойлогддог юм. Нийгэм нь мөнгөний зөв сайн эргэлттэй, ард иргэд нь тэрхүү мөнгөний эргэлтэнд чөлөөтэй оролцох боломжтой тийм нийгэм л хамгийн сайн нийгэм, хөгжлийн өндөр төвшинд гарч чадсан нийгэм байдаг юм.

Тийм болохоор бид өнөөдөр зөвхөн хувь хүмүүсийг төдийгүй нийгмээ мөнгөний харилцаатай уялдуулан шинжилж дүн шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Манай нийгэмд мөнгөний харилцаа туйлын буруугаар явагдаж байна. Цөөн хэдхэн хүний эрх ашигт нийцсэн мөнгөний богино эргэлт бий болчихоод банк санхүүгийн байгууллагууд нь тэрхүү богино эргэлтэнд зохицуулсан үйлчилгээг үзүүлээд байгаа нь нийгмийг нөмөрсөн ядуурлын нэгэн том эх булаг болчихоод байгаа нь нууц биш юм. Тухайлбал, сүүлийн үед төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөн талаас нь харахад ард иргэдээ бодсон үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг хэрнээ ачир дээрээ энэ нийгмийг сөхрүүлэх, цөөн хэдхэн хүний бизнесийг дэмжих бодлого гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Хэрвээ энэ нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулсан бол, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжих бодлого явуулсан бол нэн тэргүүнд үндсэн хуулийн тулгуур заалт болсон бүх иргэд тэгш эрхтэй байх зарчмыг зөрчилгүй нийт иргэдээ төрийн албан хаагч, хувийн секторын ажилтан гэж ялгаварлан гадуурхалгүй бүх иргэддээ адилхан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн бодлогыг улс ор-ныхоо эдийн засагт хор хохиролгүйгээр зохион байгуулах байсан юм.

Гэтэл явцуу эрх ашигт нийцсэн, далд эдийн засгийг дэмжсэн буруу бодлого явуулсны үр дүнд хувийн секторт ажиллагсад амьдралдаа итгэх итгэл үнэмшилгүй болж төрийн байгууллагыг бараадах хандлага нүүрлэж эхлээд байна. Энэ янзаараа бол тав арван жилийн дараа төрийн албаны данхайсан том бүтэц цаддаггүй, ханадаггүй бэрд мэт болж нөгөө талд нь хувийн секторт ажиллагсад жилээс жилд цөөрч, ажлын байр ч цөөрч, татвар төлөгчид хумигдах сөрөг нөлөө нүүрлэнэ гэдэг нь илт харагдаж байна. Үүний үр дүнд Монголын эдийн засаг туйлдаж, ажилгүйдэл улам нүүрлэх нь тодорхой юм. Нөгөө талаас төр жижиг, дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл гээчийг хэрэгжүүлж эхэллээ хэмээн өндөр дуугаар зарлаж байна. Хэрэг дээрээ өнөөх зээлээ 10 саяас 600 сая хүртэлх хэмжээнд олгоно гээд байдаг. 600 сая төгрөгийн зээлийг хэдүй хэрийн хөрөнгөтэй хүн авч чадах билээ. Мэдээж нэг сая доллараас дээш хэмжээний хөрөнгөтэй хүн л авч чадна. Сая доллартай хүн бол дэлхийн төвшинд баян хүнд тооцогдоно. Тэгэхлээр энэхүү жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гээчийн цаана ямар утгатай мөнгө хүүлэлт явагдаж байгаа нь тайлбарлалтгүй харагдаж байгаа юм. Үнэн чанартаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл хэмээгчийг хэдхэн цөөхөн баян хүн авч байгаа нь нууц биш юм. Энд ганцхан жишээ дурдая. Өнгөрсөн 2009 онд Булган аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 1 тэрбум төгрөг хувиарлагджээ. Уг мөнгийг хоёр компани л хувааж авсан гэдэг. Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийг аль болохоор олон жижиг аж ахуй нэгжийг хөл дээр нь босгох зорилгоор хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөх нь тодорхой. Гэвч Монголын төр хүсэхгүй байна. Монголын төр цөөнхийн эрх ашигт нийцсэн мөнгө хүүлэлтийн бодлогыг банкуудад санал болгож байна. Мөнөөх банкууд нь өнөө, маргаашийн ашгийнхаа төлөө, эрсдэлгүй мөнгө хүүлэлтээр санаа амар хөрөнгөө арвижуулах зорилгоор өнөөх бодлогыг нь уухайн тас шүүрэн авч Гобсекоос долоон дор бусармаг мөнгө хүүлэлтийг манай нийгэмд түгээн дэлгэрүүлж байна. Одоо банкны үндсэн зээлдэгчид төрийн албан хаагчид болсон.

Тэд цалингаа үндсэнд нь зээлэнд өгч мөчиг тачиг, өлөн зэлмэн байдлаар өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байна. Уул нь тэд аж ахуй эрхлэн амьдрах бололцоотой нийгэмд амьдарч байсан бол хэн нэгэн албан тушаалтанд долдойдон амьдрахыг хүсэхгүй л байсан байх. Үүний нөгөө талд хувийн жижиг хэвшлүүд хамгийн урт хугацаа нь л гэхэд 2 жилийн хугацаатай жилийн 30 орчим хувийн хүүтэй зээлийг царай алдан банкуудаас авч хүүгийн төлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт шахагдан дампуурахад хүрч байгаа нь ч нууц биш юм. Төрөөс сул цалин авч амьдардаг төрийн албан хаагчдад жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгож болж байгаа хэрнээ өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр баялаг бүтээгээд зогсохгүй ажлын байр бий болгодог жижиг аж ахуй эрхлэгчдэд урт хугацааны, бага хүүтэй зээл олгогдохгүй байгааг ойлгоход хэцүү байна л даа. Энд би төрийн албан хаагчдыг орон сууцны зээлэнд хамрагдах асуудлыг ор тас үгүйсгээд байгаа юм биш. Үндсэн хуулийн тулгуур заалт зөрчөөд ардчилсан нийгэм дэх эдийн засгийн чөлөөт байдлыг хаан боогдуулсан, нийгмийн дундаж хэсгийнхэний хөрөнгөжих, аж ахуйгаа бэхжүүлэх боломжийг хязгаарласан төрийн бодлогыг шүүмжилж байгаа юм.

Төрийн буруу бодлогоос болж хувийн жижиг хэвшлүүд устах аюул бий болсны горыг хэн амсах вэ гэвэл эгэл жирийн иргэд л амсана. Нэг л өдөр далд эдийн засгийг дэмжигч харалган төр, арчаагүй төр төрийн хэмээх албан хаагчдынхаа тоог цөөлөх бодлого явуулахад хувийн жижиг сектор нь хөгжиж чадаагүй Монгол орон урьд хэзээ ч байгаагүй ажилгүйдэл, ядууралд автах нь дэндүү ойрхон болчихоод байна. Учир нь жижиг аж ахуй нэгжүүд төрд гавьтай татвар төлж чадахгүй нь тодорхой ч төрийн албан хаагчдын орон тооноос хавьгүй илүү, цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүдээс хэд дахин илүү ажлын байрыг энэ нийгэмд бий болгож өгч байдаг юм. Иймд өнөөгийн манай нийгэмд бий болсон мөнгө хүүлэлтийн алдаатай бодлого нь иргэдийнхээ ирээдүйг хаан боогдуулсан арчаагүй үйлдэл гэдэг нь дэндүү тодорхой байна. Нэг ёсондоо мөнгөнд хандаж буй, мөнгөний эргэлтэнд хандаж буй Монгол төрийн бодлого нь Монгол улсыг ядууруулахад чиглэсэн, цөөн хэдхэн хүний бизнесийг дэмжсэн сувдаг шунахай мөнгө хүүлэгчийн бодлого болон харагдаад байгаа юм.

Ц.Буянзаяа

 

Эх сурвалж: www.duuren.mn