Долоо хоногийн тойм
2015/09/12
Өнгөрч буй долоо хоногт улс төрд зургаан сайдыг томилж, тамгыг нь гардуулав. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон, Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар,Сангийн сайд Баярбаатарын Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ, Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан нарт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар "Бид улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед энэ өндөр хариуцлагатай үүргийг хүлээн авч байна. Бидний өмнө нэн даруй шийдвэрлэх шаардлагатай, хүлээгдсэн олон ажил байгаа. Засгийн газрын гишүүд богино хугацаанд ажилдаа эзэн болж шударга, зарчимч, төрийн өндөр хариуцлагатайгаар ажиллах шаардлага тулгарч байна. Үүнийг ухамсарлан Засгийн газрын гишүүд хариуцлагатайгаар гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна" гэв.
Нийгэмд хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад эцэг, эхчүүдийн санааг чилээсэн асуудал сөхөгдөв. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш О.Цэцэгээ нь нэг айлын хүүхдэд гурван өдөр дараалан биед гэмтэл учруулсан хэрэг гарсан юм.
Н.Батцэрэг сайдаа, Ховд аймгийн Цэцэг суманд “Ашид алтай Майнинг” ХХК даварч байна
Ховд аймгийн Цэцэг суманд Цагаан эрэг гэх газар бий. Байгалийн цогцолбор газарт ордог уг газарт “Ашид Алтай Майнинг” ХХК нөхөн сэргээлт хийх зардлаа олохын тулд олборлолт хийж байна. Сүүлийн үед энэ ажлаа эрчимжүүлсээр өдөрт тонн тонноор нь олборлолт хийсээр байгаа бөгөөд хуулиас давсан үйл ажиллагаа вуулж байгаа уг үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага байгааг Н.Батцэрэг сайд анхаарна биз ээ!!!
Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед олборлолт хийж, дараа нь нинжа нар орж байсан. Нинжа нарт байгалийн цогцолбор газрыг ухах эрхийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Энэ хэрэг шийдэгдээгүй байхад Цэгцэг сумын засаг дарга Д.Цогбадарх 2 сарын өмнөөс Цагаан эрэгт “Ашид Алтай Майнинг” ХХК нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгож, улмаар гэрээ хийсэн байна. Ингээд 2015-07-р сараас эхлэн 13 га газрт нөхөн сэргээлт нэрийн өнөөдрийг хүртэл вольфрам олборлож байна. Үүнийг нутгийн иргэд таслан зогсоохоор эсэргүүцэхэд цагдаа нараар хамгаалуулж Ангиртын голооc ус татан үйл ажиллагаагаа явуулж 50 кг-аар нь вольфрам шуудайлсаар байгаа юм.
Тэдэнд ийнхүү даврах эрхээ Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 82-р тогтоолын хавсралтын 3.2-д заасан “ Нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын иөсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрхи хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэх энэ заалтаар тайлбарлаж байгаа.
Тэгвэл энэ нь Монгол улсын Эрүүгийн хуулийн зөрчиж байгаа юм. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох:
214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
214.3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Үүнээс гадна байгалийн цогцолбор газарт нэг см газар ч ухаж сэндийчиж болохгүй гэсэн хуулийн зүйл заалт ч байгаа. Тиймээс байгалийн цогцолбор газарт хуулт бусаар олборлолт хийж байгаа энэ байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны дагуу зогсоож, хуулиа мөрлөж, анхаарч ажиллахыг Н.Батцэрэг сайдаас нутгийн иргэд хүсч байна.
Учир нь Н.Батцэрэг таныг сайд болох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед хуулиа дээдлэн ажиллахболно гэдэг ам тангараг өгч байсан. Тэрхүү тангарагаа эргэн санаж, хууль бус үйлдлийг анхааралдаа авч арга хэмжээ авна бизээ.
Эдийн засаг Ноён "доллар" 2000-т хүрч, улсын өр нэмэгдсээр...
Долларын ханшийн өсөлт хоёр жилийн өмнөөс хүчээ авч, 1900 төгрөгөөс буухаа больсон гэхэд болно. Өнгөрөгч жил 1800 руу буураад 1900-ийн хэлбэлзэлтэй байсан ам.доллар энэ он гарсаар 1900 төгрөгөөс ер буусангүй ээ. Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас зарласан үнэ 1994 төгрөгтэй тэнцлээ.
Харин арилжааны банкууд нэг долларыг 1987-1992 төгрөгийн хооронд авч 1997-2000 төгрөгөөр зарж байна. Хар зах гэгддэг найман шарга валют арилжааны төв өчигдрийн байдлаар 1994 төгрөгөөр авч 1997 төгрөгөөр борлуулав. Долларын өсөлтийг төгрөгийн ханш бууралтаас болж буй хэмээн үзэж байна. Мөн нийлүүлэлт хомсдохын хэрээр үнэ нь ийн өсч буй хэрэг. Тэгэхээр гадаадад хөрөнгө оруулалтыг яаралтай нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил гэдгийг хаана хаанаа мэдэж байгаа ч эдийн засгаа аврах талаар бодож яваа улс төрч алга.
Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг татаж байсан нь уул уурхай байсан. Эдийн засагчид долларын ханшийг байж болох хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж үзлээ. Энэ эрчээрээ буурахгүй бол улсын өр нэмэгдэнэ.
Ирэх оноос Монгол Улс гаднаас зээлж ирсэн "Самурай", "Чингис" зэрэг бондуудынхаа өрийг төлж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, 2017-2023 оны хооронд Монгол Улс нийтдээ 4.4 тэрбум ам.долларыг гадагшаа төлнө. Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 21.6 тэрбум долларт хүрсэн. Үүний 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа билээ.
“Чингис” бондын хүрээнд Монгол Улс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хүүтэйгээр, харин нэг тэрбум ам.долларыг нь арван жилийн хугацаатай, жилийн 5.125 хүүтэйгээр зээлсэн. “Самурай” бондын хүрээнд арван жилийн хугацаатай, 30 тэрбум иенийг, 1.52 хүүтэйгээр зээлж, 2023 он гэхэд энэ бүх өр зээлийг төлж дуусгасан байх ёстой. Гэтэл улсын төсөв нь 580 тэрбумаар тасарч, 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байгаа улс яаж төлөх вэ?
Спорт С.Батцэцэг Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой алтан медальтан боллоо.
Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ "Лас-Вегас-2015" ДАШТ-нээс 63кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж улмаар аваргын төлөө барилдаж дэлхийн хошой аварга боллоо.
Ийнхүү тэрбээр чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвантаа аваргын төлөө барилдаж буй Монголын 2 дахь бөх, эмэгтэйчүүдээс анхных нь болж байна. Тэрбээр ДАШТ-ний 63кг-д Японы бөхийг 36 сек цэвэр дарж, дэлхий хошой аварга болж, тэмцээний 50 дахь медалийн эзэн болов.