2012 онд Татварын багц хууль батлагдсан. Уг хуулийн дагуу арилжааны банкуудад байршиж байгаа 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах заалтыг тусгаж өгсөн байдаг. Тэгвэл энэ заалт ирэх оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Энэ нь Монголд нэн шинэ үзэгдэл ч олон улсад байдаг л үзэгдэл. Харин Монголд цагаа олсон шийдвэр үү гэдэг нь асуудал үүсэх эрсдэлтэй байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсын төсөв 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засаг хямарч, төр иргэдийнхээ халааснаас  авч болох бүхий л арга хэлбэрийг ашиглаж байгаа гэж хэлж болно. Үүний нэг хэлбэр нь 2012 онд Татварын багц хууль батлагдсан. Уг хуулийн дагуу арилжааны банкуудад байршиж байгаа 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах бодлого юм.

Иргэдийн арилжааны банкин дахь  хадгаламжийн хүүгийн орлого нь “Хувь хүний орлогын албан татварын тухай” (ХХОАТТ) хуулийн 13.1.4-д заасан татвар ноогдох хөрөнгийн орлогод хамаардаг.  ХХОАТТ хуулийн 2012 оны 10-р сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 16.1.16 заалтын дагуу мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш  нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас энэ оныг дуустал хугацаанд чөлөөлж байсан.
Тиймээс  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос тус хуулийн 23.1 заасны дагуу 10 хувийн албан татвар авах болж байна. 

Нийт хадгаламж эзэмшигчдээс 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай нь гурван хувь. Тэд нийт хадгаламжийн мөнгөний 70-80 хувийг эзэмшдэг гэсэн судалгаа бий.  Тэдний хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч байгаа нь иргэдэд дарамт үүсэх юм. Нөгөө талаас банкны зээлийн эх үүсвэр буурах эрсдэлтэй.

Тэгвэл энэхүү хуулийг батлах үед Монголын банкны холбооноос дээрх нөхцөл байдал нь манай улсад арай эртдэнэ, гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Учир нь жижиг зах зээлтэй, хуримтлалгүй, хуримтлуулах сэдэл, соёл бага манай улсын хувьд хадгаламжийн  хүүгийн орлогоос татвар авах нь эртдэнэ. Нөгөө талаас хуулийн заалт хэрэгжээд эхлэхээр иргэд арилжааны банкнаас хадгаламжаа татах нөхцөл үүсэх, улмаар банкны зээлийн эх үүсвэр буурах магадлалтай гэдгийг хэлж байсан юм.
 

Хууль хэрэгжээд эхэлбэл хэрхэн татвар хураах нь ойлгомжгүй хэвээр байгаа. Тиймээс иргэд мөнгөө эргүүлэн  татах, санхүүгийн өөр хэрэгслийг сонгох болно. Ядаж л 15 хувийн хүүтэй хадгаламжаараа Засгийн газрын үнэт цаас худалдан авч 16 хувийн татваргүй хүүг “идэх” боломжтой болж байна.

Олон улсад  арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг байна. Хүснэгтээс харвал татварын хувь хэмжээ харилцан адилгүй байгаа бөгөөд Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хувьд татварын хувь хэмжээ нь хадгаламжийн орлогын үнийн дүнгээс тооцон авдаг байна

Эдгээр улсуудын хувьд “төлөвшсөн” болохоор хадгаламжийн хүүгийн орлогоос татвараа төлөхөд асуудал үүсэхгүй. Харин эдийн засаг нь элгээрээ хэвтсэн цаг үед хуулийг хэрэгжүүлээд эхэлбэл бухимдал үүсэх нь тодорхой.  

Хувь хувьслын тохироог нь бүрдүүлээд өгвөл иргэд эгдүүцэхгүй л байх. Төр нь хувьсгалынхаа тохироог бүрдүүлчээд хуулиа хэрэгжүүлэсэй... Эс бөгөөс тооцоолоогүй олон эрсдэл, асуудалтай  тулгарахаар байна. Ядаж л 1990-ээд оны дундуур ийм хуулийн зохицуулалт хийсэн нь банкны салбарыг унагаж ББСБ-уудыг борооны дараах мөөг шиг олшроход нөлөөлсөн түүхээ эргэн санахад буруудахгүй бизээ.