Баяр наадмын өдрүүдэд үндэсний хэмжээний олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм байна. Баяр наадмын гурав дахь өдөр буюу 7 сарын 13-нд орой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн гуравдугаар сард Японы Токио хотноо болсон "Мercedes benz fashion week"-т өөрийн бүтээлүүдээ толилуулж, эх орныхоо нэрийг дэлхийн загварын тайзнаа гаргасан “Ariunaa Suri” брендийг үндэслэгч, загвар зохион бүтээгч, хатагтай С.Ариунаа   "SS2014 Fashion Week" анхны загварын шоугаа зохион байгуулах гэж байна.


Хатагтай С.Ариунаа ХБНГУ-ын Берлин хотын "Fachhochechule" их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөж, Бремэн хотын Урлагийн их сургуулийг магистр цолтойгоор дүүргэж, дэлхийд алдартай "Evelin Вгаndt" загварын агентлагт ажиллаж байсан ажээ.

С.Ариунаа 2014 оны хавар зуны коллекцоо танилцуулах уг шоугаа "Ус" сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд холоос харахад загвар өмсөгчид нь тайз засалтаасаа шалтгаалаад усан дээгүүр алхаж байгаа мэт харагдах аж.

Энэхүү загварын шоунд  2000-2009 оны Миланы загварын шоу, 2006 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, 2008 оны Дэлхийн миссийн тэмцээн зэрэг олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулдаг Италийн "GR event and communications" aгентлаг хамтран ажиллахаар болжээ.

Мөн Монголын шилдэг 10 загвар өмсөгчөөс гадна Бразиль, Америк, Оросын гурван топ модель урилгаар оролцох аж.
Түүнчлэн олон улсад алдартай Австрийн "Drumatical theatre" хэмээх бөмбөрийн хамтлаг оролцохоор болсны зэрэгцээ африк-испани гаралтай дуучин Келли Жойс ая дуугаа өргөн барих гэнэ. "Жазз Мон Амур" шинэ цомгийнхоо аялан тоглолтыг хийж байгаа түүний дараагийн зогсоол нь Ариунаа Сүригийн "SS2014 Fashion Week" байх нь.

Харин Монголоос Төрийн соёрхолт дуучин Д.Болд, "A sound", "Алтан ураг", "Гурван охин" зэрэг хамтлагууд, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцож, ая дуугаа өргөнө.

Дашрамд дурьдахад тус шоу нь хоёр хэсэгтэй ба долоодугаар сарын 13-ны 20 цагаас тусгай зочдод зориулсан VIP тоглолттой юм байна. Тус тоглолтын такс 100 ам.доллар ажээ.

Харин хоёрдугаар хэсэг буюу залуусын супер шоу 22 цагаас 03 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус шоунд гадаад, дотоодын нэртэй хамтлаг, дуучин, загвар өмсөгчид оролцоно. Үүн дээр DJ Б.Одонбат оролцож, С.Ариунаагийн үдэшлэгт зориулсан шинэ уран бүтээлүүдээрээ залуусыг 03 цаг хүртэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд доргиох гэнэ. Тус шоуны такс 15.000 төгрөг байх аж.

Шоунд ирсэн залууст YCAX-гийн зүгээс төрөл бүрийн амтат хоол, ундаа, ивээн тэтгэгч байгууллагуудын нэрийн бүтээгдэхүүнээр үйлчлэх юм байна. Ингээд “Ariunaa Suri” брендийн үндэслэгч, Загвар зохион бүтээгч С.Ариунаатай цөөхөн хором ярилцснаа танд хүргэе.

-       Шоуны бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна. Мөн ч их ажилтай байх шиг байна?

-       Анх удаа бие дааж шоу хийх гэж байгаа болохоор маш их ажил байдаг юм байна. Маш их юм ойлголоо, маш их юм мэдэрлээ. Том ажил байдаг юм байна. Шоуны бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрч байна. Гадаадаас ирэх 3 загвар өмсөгч маань 11-нд онгоцноос бууна. Найз нөхөд, танил тал, хамтарч ажиллаж байгаа бүхий л байгууллагууддаа баярлаж байна. Эднийхээ хүчээр бүхий л ажил сайхан бүтэж байна.

-       Германы дэлхийд алдартай брендэд ажиллаж байсан гэсэн. Яг ямар ажил хийж байв аа? Дэлхийд алдартай брендэд Монгол эмэгтэй ажиллаж байсан гэж бодохоор сайхан байна шүү?

-       Германы “Evelin Brandt” загварын агентлагт ажиллаж байсан. Ерөнхийдөө гурван гол загвар зохион бүтээгч байдаг юм. Ахлах загвар зохион бүтээгч, ахлах загвар зохион бүтээгчийн туслах загвар зохион бүтээгч, харин би 3 дахь загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Тэндээс их ч юм сурсан. Их ч юм ойлгосон. Хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зогсохгүй хөдөлмөрлөж, дайчин амьдрах ёстой юм байна гэдгийг ёстой маш сайн ойлгоод ирсэн дээ. Оюутан байхдаа их юмыг сурдаг. Гэхдээ ажилчин болоод бүр ихийг мэдэрсэн. Маш их юмыг тэндээс тээж ирсэн шүү.

-       Саяхан Японд болсон загварын томоохон шоунд амжилттай оролцоод ирсэн тухай сонссон. Танай энэ удаагийн арга хэмжээг ССАЖЯ хамтран зохион байгуулж байгаа гэж байна. Түрүүчийн удаа ССАЖЯ Япон улс руу явахад чинь 70 сая төгрөгөөр тусаллаа гэж байсан. Төр засагтайгаа хамтарч ажиллана гэдэг бас сайхан хэрэг шүү?

-       ССАЖЯ дэмжиж байгаад миний хувьд маш их баяртай байгаа. 70 сая төгрөг гэдэг хүмүүст том тоо мэт сонсогдож байгаа байх. Үнэхээр загварын ертөнцөд төр засгаас үзүүлж байгаа том тусламж. Гэхдээ шоуны нийт зардалын гуравны нэг болж таараад байгаа л даа. Тэгэхээр шоуны зардал маш өндөр байдаг юм байна. Шоу ойртох тусам маш их зардал гардаг юм байна.

-       Танай салбарыг тийм ч амархан салбар гэж бодохгүй байна. Арав гаруй жилийн өмнө ажилчин болж байсан хүний хувьд төдийгөөс өдий болтол өсч өндийхөд таны туулсан зам адал явдал дүүрэн байсан байх?

-       Өө адал явдал маш их. Би чинь хоёр их сургууль төгссөн хүн. Туулсан зам маань амархан байгаагүй. Маш их гүрийж байж энд ирсэн. Үнэхээр амархан байгаагүй.

-       Арван жилийн өмнө таны мөрөөдөл юу байсан бэ?

-       Сургууль төгсөөд хүн их юм боддог юм билээ. Нэг урлан байгуулаад хүний юм оёод суух уу? Эсвэл дэлхийд нэртэй бренд бий болгох уу гээд л олон юм боддог. Хүний зам мөр гэдэг сонин. Би хүний нутагт дэлхийн алдартай брендэд хоёр жил ажиллахдаа маш их зүйлийг ойлгосон. Яагаад дэлхийд Монгол хүний хийсэн бренд танигдаж болохгүй гэж. Одоо ч гэсэн мөрөөддөг. Мөрөөдсөөр байгаа. Хязгааргүй мөрөөдөж, хязгааргүй сэтгэх хэрэгтэй. Одоо энэ Ariunaa Suri гэдэг брендийг үнэхээр алдартай болгомоор байна. Англи, Германы том том брендийн дэлгүүрүүдэд Ariunaa Suri гэдэг бренд зарагдаасай гэж мөрөөдөж байна. Тэр цаг ирнэ. Иртэл нь хийнэ. Энэ Японы бренд байна, энэ Английн бренд байна. Wooоw, энэ Монголын бренд байна гэж уулга алдуулмаар байна. Үүний төлөө би маш их хөдлөмөрлөнө. Яг үүнийг л би яг одоо мөрөөдөж байна.

-       Таны гаргасан монгол брендийг дэлхий таних болтугай, дэлхийд танигдах болтугай. Тэр цагийг иртэл бүү шантараарай. Таны нэрний ард Монгол улсын нэр яваа шүү. Танд амжилт хүсье. Баярлалаа.

Б.Чулуунцэцэг