Түргэн хоолны хорыг Та хүүхдээ бургер, пицца, шарсан төмс авч идээрэй гэж мөнгө өгдөг юм биш биз?

Түргэн хоол нь таргалалт үүсгэдэг бөгөөд эрүүл мэндэд хортой гэдгийг баталчихаад, дэлхий нийтээр энэ хоолноос татгалзаад эхэлсэн шүү. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама үүнээс татгалзаж, эрүүл мэндээ хамгаалахыг иргэддээ уриалсан бол Их Британид сургуулийн ойр орчимд буюу 400 метрээс дотогш түргэн хоолны газар байгуулахыг хуулиар хоригложээ. Өөрөөр хэлбэл манай улсад тамхины эсрэг хууль гарсантай тун төстэй юм цаана чинь болоод байна. АНУ-ын Төрийн департментийн эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээ хариуцсан агентлагийн мэдээлснээр тус улсад жил бүр 310.000- 580.000 хүн түргэн хоолноос шалтгаалан нас бардаг гэжээ.

Түргэн хоол нь хүний амь насанд шууд нөлөөлдөггүй ч зүрхны цочролд орох, даралт харвах, хавдар тусахад нь нөлөөлсөн гэж үзжээ. Харин Английн “Thorax” эрүүл мэндийн сэтгүүлд бага насны хүүхэд долоо хоногт гурван удаа түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай болохыг мэдээлсэн байна. Мөн тэд түргэн хоол тогтмол иддэг 50 орны 500 мянга гаруй бага насны хүүхдээс судалгаа авахад багтраа өвчин тусах магадлал 39 хувиар илүү гарсан ажээ.

Түргэн хоолноос дэлхий нийт татгалзаж байгаа ч реклам, сурталчилгаа, элдэв янзын урамшуулал, маркетингийн чанартай тэмцээн уралдааныг хүүхэд багачуудын дунд өргөнөөр ашиглах замаар “McDonalds” ирээдүйн хэрэглэгчидээ бэлтгэсээр ирсэн байдаг. Энэ борлуулалтын загвар монголд төдийгүй дэлхийн улс орнуудад ч адил үйлчилж, түргэн хоолны сүлжээг хөгжүүлсээр байна.

“Mc Donalds” гэхэд л дэлхийн 126 оронд 31 мянган салбартай. Харин “KFC” 25 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд түргэн хоолны борлуулалт эрчимтэй өсөхгүй байгаа тоо ажиглагджээ. Гэвч түргэн хоолны зах зээл Энэтхэг улсад эрчимтэй хөгжиж өнгөрөгч онд гэхэд л уг хоолны борлуулалт 14 хувиар өссөн байна. Учир нь бага мөнгөөр хурдан цадахад хамгийн тохиромжтой хоол гэж үздэг учир тус улсын дундаж давхаргынхны байнгын хэрэглээ болсон аж. Харин баячууд нь үүнийг ядуусын хоол гэж ойлгодог учир бараг хэрэглэдэггүй юм байна.

Тэгвэл энэ байдал манай улсад бараг эсэргээрээ. Найз нөхөд ах дүүгээ дагуулан тансаглаж байна гэж ойлгоод түргэн хоолонд ордог. Мөн борлуулалтаа дагаад жил ирэх тусам манайд олон улсын түргэн хоолны сүлжээ ресторанууд салбараа нээсээр байна. Ямартай АНУ-гийнхан нэг хэсэг энэ хоолонд дурлаж байсан бол тэргүүн хатагтай нь хүртэл анхаарлаа хандуулж, иргэд эрүүл мэнддээ анхаарах болсоноор үүнээс татгалзаж эхэлсэн байна. Харин манай улсын хувьд түргэн хоолны найрлаг хор уршигийг хянадаг уу. Үүнийг юу гэж үзэж, хэрхэн яаж хандах ёстой вэ. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох газрууд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах цаг ирсэн юм биш биз.

Н.Ганчимэг

Эх сурвалж: http://cityinfo.mn