“Монгол Улсыг нас барахад хамгийн тохиромжтой газраар тодруулжээ” гэсэн мэдээлэл саяхан цахим хуудсаар тарав. Дэлхийн улс орнууд янз бүрийн судалгаа гаргадаг. Тэгээд түүнийгээ цахим мэдээллийн хэрэгслээр тараасны нэг нь энэ. Оршуулах ёслолыг хамгийн хүнлэг байдлаар хийдэг улс орнуудыг энэхүү жагсаалтад багтаасан бөгөөд манайх эхний 10 дотор багтсан гэх. Инээдтэй ч юм шиг, эс бөгөөс эмгэнэлтэй ч гэж хэлмээр. Хаа хамаагүй газрын ийм хачин судалгаанд бид ямар шалгуураар тэнцсэн нь харин тодорхой бус юм. Магад нас барагсдад газар олгодог, хүн ёсоор оршуулах ёслол үйлддэг гэх мэтээр олон шалгуур байсан нь дамжиггүй. Тэгээд ч манай улс тийм тийм ёс заншилтай гэдгийг манайхаас ямар байгууллага гаргаж өгдөг эсэх нь ч тодорхой бус.

Ер нь ийм төрлийн судалгаа сүүлийн үед газар аваад байгаа. Монгол Улс аялж жуулчлахад хамгийн тохиромжгүй газар. Хамгийн айдас төрүүлдэг хотуудын нэг. Хамгийн их хулгайчтай хотуудын эхний 10-т орсон гэх мэтээр бидний талаар дэлхий дахин олон янзаар судалгаа хийдэг бололтой юм. Жуулчдын айдсыг төрүүлдэг гэдэг судалгааг гаргахдаа чухам хэдэн хүнээс судалгаа авсныг бид мэдэхгүй. Ямар ямар орнуудын жуулчид энэхүү судалгаанд хариулт өгсөн бэ гэдэг нь сонирхолтой. Хулгайчтай хотын жагсаалтад оруулахдаа тэд чухам юуг гол шалгуураа болгосон тодорхой бус.


Үнэн бодит эсэх нь тодорхой бус эдгээр жагсаалтуудыг манай хэвлэл мэдээлэл өлгөж аваад л орчуулаад тавьчихна. Тэр тусмаа хамгийн муу муухайг нь. Өөрийнхөө улсын нэр хүндийг гадны хэвлэлд хэзээ муухайгаар бичих бол гэдгийг хүлээж байсан аятай л өлгөж аваад орчуулж гарна. Эндээс нэг нь гэсэн үнэний ортой юу гэдгийг хэн ч судлахгүй нь харамсалтай. Харин сайхан мэдээг нь орчуулж тавих тохиолдол тун ховорхон. Монгол Улсыг тэд магад санаатай болон санаандгүй байдлаар муухай харагдуулахыг хүсдэг бол яах вэ.Яагаад бид улсынхаа нэр хүндэд тэгтлээ анхаарал тавихгүй байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдуудын яамдыг хар. Улсынх нь тухай нэг л бараан сүүдэртэй мэдээлэл гарчихсан байвал тэд тэр дор нь тухайн мэдээллийг гаргасан хэвлэл мэдээлэлтэй холбогдоод залруулга гаргачихдаг.

Манай элчин сайдуудын яам ингэж ажиллахгүй юм гэхэд ийм төрлийн мэдээллийг хаанаас ямар судалгааг үндэслэж хийснийг нь анхаардаг байгаасай. Аль болгон дэлхий дахинд өөрсдийнхөө талаар дандаа сөрөг мэдээлэл түгээх вэ. Дэлхий дахинтай хөл зэрэгцэн хөгжих л гэж байгаа бол эерэг мессэжийг эхлээд түгээе. Монголд очиж нас барах гэж хүн ирэхгүй. Харин Монголд очиж үзэхийг хүсдэг олон зуун хүн байгаа. Эзэн Чингисийн өлгий нутгаар аялж үзэхийг хүсэх нь дамжиггүй. Монголын тухай, аялал жуулчлахад боломжтой эсэх талаар интернэт ухахад өмнөөс нь хамгийн халтай, айдас төрүүлэм хот. Хулгайч ихтэй гэсэн дандаа сөрөг мэдээлэл гараад ирвэл ямар ч эр зоригтон наашаа зүглэхийг хүсэхгүй.

Тиймээс дэлхий дахинд өөрсдийнхөө талаар эерэг мэдээлэл явуулъя.
Аялал жуулчлах, амарч зугаалах боломжтой улс гэсэн жагсаалт байдаг бол түүнд нь оръё. Хулгайчгүй амгалан хот гэдгээ сурталчилъя. Дан ганц аялал жуулчлалаас гадна уул уурхай дээр ч манайх эерэг сурталчилгаа явуулах цаг нь болсон байна. Дэлхий дахинд элчин сайдын яамдаараа дамжуулаад боловч хэвлэл мэдээлэлтэй нь холбогдож эерэг мэдээлэл түгээх ажил хиймээр байна.

Монгол Улсад хөрөнгө оруулаач гэж ганц нэг олон улсын хурал дээр очиж гуйдаг биш хөрөнгө чинь хамгийн боломжтой хуультай оронд хэд дахин ашигтай үржих боломж байгаа талаар сурталчлах хэвлэлийн асуудалд төрийнхөн нэг анхаараад үзээч. Монгол Улсаа сурталчлах том пиарыг хийгээч. Ингэж чадвал бид хүссэн ч эс хүссэн ч дэлхийд танигдана. Интернетийн тэнэг судалгаанд биш өөрийн харсан үзсэн, сонссондоо хүмүүс итгэнэ. Монгол Улсыг ийм тэнэг тэнэг судалгаанд хамруулж түүнийгээ дэлхий дахинд тарааж байгаа газруудтай холбогдсон ч яадаг юм. Өнөөдөр өндөр хурдны цахим ертөнц хөгжчихсөн байхад холбоо тогтоох тийм ч хэцүү ажил биш.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn