Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсон аавын хүү, ээжийн охин цөөнгүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж, байцаагдаж болно. Үүнийг бид үгүйсгээгүй.

Гагцхүү энэ хугацаанд эрүүдэн шүүж, байж боломгүй аргаар хэрэг зөрчил тулгах гэсэн башир арга Монголд байсаар байгааг иргэд дуу нэгтэй хэлэх биз. Уг нь манайхан эрүүдэн шүүлтгүй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс гэж өөрсдийгөө нэрлэх дур сонирхолтой. Гэвч хаа нэгтээ эрүү шүүлт гэх айхтар зүйл далд хэлбрээр биелэлээ олсоор байдаг. Үүнийг өөрийн биеэр эсвэл ойр дотно нэгнээсээ сонсож мэдэрсэн хүмүүс л цухалзуулдаг.


Хууль шүүхийн хүчний байгууллага шат шатандаа хүмүүсийг эрүүдэн шүүдэг, залхаан цээрлүүлдэг субьект болчихоод буйг нотлох олон баримт бий. Өөрөөр хэлбэл, Монголын төр, Монголын шүүх, прокурор, хүчний байгууллага хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг тохиолдол ил, далд хэлбрээр оршсоор байгаа энэ үед манай сайт эрүүдэн шүүлтийн асуудлыг энэ удаад хөндөхөөр бэлтгэлээ.


Ер нь олон улсын жишгээр хүнтэй зүй бусаар харьцах, гутаан доромжлох, нэр төрд нь халдах, зүй бусаар харьцах, үндэслэлгүй удаан хугацаагаар хорих зэрэг бүх үйл явцыг Эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Бүр “Эрүү шүүлийн асуудлыг дэлхий нийт 200-300 жилийн өмнө шийдчихсэн байхад бид одоо л өөрчлөхөөр ажиллаж байна” гэж хэлэх мэргэжлийн хүмүүс ч бий.


Цаашлаад эрүүдэн шүүлт гээчийг хамгийн их дэвэргэсэн газраар АТГ-ыг нэрлэж болно. Магадгүй үүнд эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан явдал ч нөлөөлж байж болох юм. Өөрөөр хэлбэл, АТГ энэ эрх мэдлийг авч том толгойтой болсноор сүүлийн үед эрүүдэн шүүлт гэдэг асуудал бүр хурцаар тавигдах болсон гэдгийг учир мэдэх хүмүүс дуу нэгтэй хэлдэг билээ.


ХЭҮК-оос гаргасан илтгэл тайланд “Эрүү шүүлт ба зүй бус харьцааг ямар ч онцгой нөхцөлд хориглох ба зөвтгөж болохгүй гэмт хэрэг, зөрчил юм. Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах нь төрийн салшгүй үүрэг учраас төр хэдийд ч үүргээ умартах буюу эрүү шүүлт ба зүй бус харьцааны хоригийг сулруулах ёсгүй” хэмээн онцолжээ.


Ингээд ХЭҮК-ын илтгэлд дурдсан хэд, хэдэн жишээ баримтыг дурдая.


Эрүү шүүлтийн бодит жишээ:
“ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангийн төлөөлөгч, ахмад М нь тус ангийн баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байсан /хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй/ ялтан Б-г албадан хөдөлмөрлүүлж, улмаар тайлбар тавилаа хэмээн тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглан хүнлэг бус хэрцгий харьцаж, зодож шийтгэсэн. Прокурор болон шүүх байгууллагаас М-ийн үйлдлийг хувийн сэдэлтээр, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлагад татах хугацаа /6 сар/ өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


Эрүү шүүлтийн бодит жишээ:
Авлигатай тэмцэх газар “иргэн Э-ийн баруун нүдний торлог бүрхүүл доод хэсгээрээ цоорсон, дээд хэсгээрээ ханзарсан тул яаралтай лазер мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн эмч нарын дүгнэлтийг үл харгалзан, эмнэлгийн тусламж авах эрхийг нь зөрчиж, Э-г Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдан хорих байранд шилжүүлж хорьсон. Энэ хугацаанд Э-ийн баруун нүдний хараа муудаж, орчноо харж чадахгүй болсон, зүрхний хэм алдагдаж, ходоодны шархлаа сэдэрч, бөөрний үйл ажиллагаа саармагжин, шулуун гэдсээр цус алдсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Цагдан хорих 461 дүгээр ангид буцааж авчирсан байна...”


Эрүү шүүлтийн бодит жишээ:
“...Авлигатай тэмцэх газар иргэн А-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа гурван аймгийн 3 цагдан хорих байр дамжуулан хорьсноор шаардлагатай эмчилгээ нь зогсч, улмаар 14 кг-аар турж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн байна.


Эрүү шүүлтийн бодит жишээ:

2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар нь Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч М-д зодуулсан талаар Комисст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгахад хэсгийн төлөөлөгч, дэслэгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын хурууны өндөг рүү цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохьсон, мөн хэргийн холбогдогч О-г ажлынхаа өрөөнд гарын булчин, цээж, мөр, толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах өрөөнд 6 хоног хоолгүй хорьсон. О-ийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийхөө буланд тавьчихаад “...өлсөж байна уу? Чи хоолоо идэх үү, үнэнээ хэлэх үү...” хэмээн тарчилган зовоож эрүү шүүлт тулгасан байж болзошгүй баримт цугларсан тул хуулийн дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэх болсон юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр Архангай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгахаар болсон. Иймд Комисс харьяалал тогтоолгон шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт уг гомдлыг шилжүүлжээ.


Эрүү шүүлтийн бодит жишээ:
Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад С-ийг 2007-2013 онд эрүү шүүлт тулгасан гэх нийт 12 удаагийн үйлдэлд шалгажээ. Түүнд 3 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч хууль тогтоомж боловсронгуй бус байгаагаас хэргийг прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.


Өнөөдөр манай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид нь эрүү шүүлтийг зөвхөн бие махбодын эрүү шүүлтээр төсөөлж, сэтгэл санааны эрүү шүүлтийг төдийлөн анхаарахгүй байгааг энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болох юм.


Юутай ч эрүү шүүлтийн шалтгаан болох цагдан хорихыг урьтал болгож буй мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хандлага, арга барилыг өөрчлөх шаардлагатай байгаа юм.

Д.Дуулим

http://www.24tsag.mn