Аливаа оноосон нэрнээс түүнд хандах хандлагыг нь харж болно. Говийн нэг гүвгэрийг “Элст хайрхан” гээд нэрлэсэн байх бол нэг янз, “Элстийн хөтөл” гэчихвэл өөр хандлага харагдаад ирэх жишээтэй. Оноосон нэр гэдэг бол тэхээр ерөөс хоёр ижил юмыг хооронд нь ялгах хэрэгсэл төдий биш байх нь. Нөгөө талаар оноосон нэр нь ямар ч байлаа гэсэн цаад зүйлийн мөн чанар өөрчлөгддөггүй байх юм. Амны жижигхэн горхийг “Мөрөн” гэж нэрлэсэн ч горхи горхиороо үлдэхийн адилаар, төрөлхийн халирамхай, хулчгар хүнийг “Зоригтбаатар” гэж хичнээн ч нэрлээд нэмэр багатай байх жишээний.

Монголыг гадаадад сурталчлах, ер нь шинэ Монгол улс гэж юу юм бэ, монгол хүн гэж яадаг хүнийг хэлдэг юм бэ гэдгийг дэлхийд таниулах асуудал өнөөгийн төрийн гадаад харилцааны гол чиглэлүүдийн нэг болоод явчихав аа. “Гадаадад монголыг сурталчлах хөтөлбөр” нэртэй албан ёсны баримт бичиг хүртэл хүртэл гаргахаар сэджээ. Зөв өө, зөв, үнэхээр чухал асуудал. Нэг гэм нь үүнийгээ зөвхөн “Монголын тухай /мэдээжээр эерэг сайн/ мэдээллийг аль болох өргөн хэмжээнд тараах” гэсэн, хүүхдийн бойтог шиг жижигхэн сэдвээр хязгаарлаад, үүндээ зориулж уул овоо шиг их хөрөнгө зарцуулахаар яриад байгаа нь л нэг тиймэрхүү. Нөгөө хямрал, энээ тэрээ болж байхад яагаад ийм юм яриад эхлэв гэхээр “Гадаадад бидний нэр хүнд сайн байвал хандив, тусламж, зээлийн хэмжээ нэмэгдэнэ шүү дээ” гэх. Тэр мөртөө ингээд сурталчилчихад ийм хэмжээний хандив, тийм хэмжээний зээл ороод ирнэ гэж хэн ч барин тавин хэлж чадахгүй. Дахиад л ямар ч тооцоо судалгаагүй түнэр харанхуй асуудалд зориулж цацах, хайран мөнгө.

Нэг л юм ойлгогдохгүй байгаа юм. Гадныхан Монголын тухайд чухам юуг нь сайн мэдэхгүй байгаа учраас сурталчлах гээд байгаа юм бэ? Ерөөс Монгол гэж нэг ийм улс байдаг шүү гэдгийг л ерөнхийд нь сануулах гээд байна уу, эсвэл тодорхой чиглэлээр, жишээ нь, үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ ч гэдэг юм уу, гайхуулах гээд байгаа юм уу? Ярьж байгааг нь ажаад байхаар зүгээр л “Бид аягүй сайн, аягүй хөөрхөн, Та нартай найзлах гээд Ардчиллын замаар зүтгээд л байгаа улс, даанч жаахан хөрөнгө дутаад байх юм, одоо нэг багахан хэмжээний зээл, хандив ороод ирвэл ч болоод явчих гээд л байна” гэж гоншигонохыгоо “сурталчлах” гэсэн хөөрхөн үгээр нэрлээд байгаа бололтой.

Ер нь аливаа улсыг гадаадад сурталчлах асуудал ганцхан юман дээр тулгуурладаг гэдгийг хэзээ ч мартахгүй, өглөө бүр санаж баймаар. Энэ нь тухайн улс өөрсдөө гадныханд хэр сонирхогдож, тэдний тухай тухай мэдээлэл авах аазгайг нь яаж хөдөлгөж чадах вэ гэдэг асуудал юм. Тэд бидний тухай сонирхохгүй байгаа бол бид хөнжилдөө мянга тийчлээд, бүх төсвөө шидээд, чихэн дээр нь өдөржин шөнөжин орилоод ч тоож үзэх, сонсох, унших хүн гарахгүй. Нөгөө эрэлт, нийлүүлэлтийн алдарт хууль энд ч бас бүрэн эрхтэй таахалзана. Бид Чингис хаанаараа түрээ барьж, тэдний сонирхлыг татахыг баахан оролдсон, одоо ч оролдсоор байгаа. Гэхдээ гадныхан хэдийнэ Чингисийн Монгол, Орчин үеийн Монгол хоёр шал өөр гэдгийг мэддэг болсон учраас Чингис хаанаар өнөөгийн Монголыг төсөөлтлөө хууртана гэж найдах нь тэнэг тэнэг гэхэд арай ч хэтэрхий юм болох байх аа. Ер нь өнөөгийн мэдээллийн технологи гэрлийн хурдыг бараг даваад байгаа ийм үед өөрийгөө нэг их төсөв хөрөнгө гаргаж ирээд л, хий хоосон магтах нь, нөгөө Крыловын ёгт үлгэрт гардаг Моська мэтийнхний л хийдэг ажил.

Бусад улс орнуудын олон улсын тавцан дээрх нэр хүндийн өсөлт бууралтын байдлыг ажиглаад үзэхэд хэд хэдэн зүйл ажиглагдана. Юуны өмнө асар их хөдөлмөрч ард түмэн, асуудлаа бие даан шийдэж чаддаг оюунлаг улс орнууд бусдын анхаарал, сонирхлыг ихээр татдаг байна. Тэднээс суралцах, үлгэр авах зүйл их байдгаар үүнийг тайлбарлана. Ийм улс орнууд өөрсдийгөө сурталчлах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй, сохор зоос ч зарцуулахгүй байсан, нэр хүнд нь данбоолий исгэгч хийсэн бүлээн гурил шиг хөөгөөд ирдэг байх юм. Дайнд ялагдаж, хамгаа зөөлгөж, модоо барьснаас 60-аад оны үед хаана байдгийг нь ч олонхи мэддэггүй шахам болсон Япон улс 70-аад оны үед нэр хүндээрээ нөгөө ялаад, зөөгөөд байсан том гүрнүүдийг эргээд зодчихоо шахсан бэлээхэн жишээ байна.

Тэгвэл бид бусдад өнөөдөр юугаараа үлгэрлэх вэ? Бид өөрсдөө юуг бүтээж, бусдад жишээ болох юуг санаачилж, ямар асуудлаа бусдыг “Пөөх” гэж дуу алдан ангайтал шийдэж чадав? Дэлхийн улс орнуудын хэмжээнд Монгол гэдэг удаан хөдөлгөөнтэй, эсгий гэртээ жаргалтай, хаа очиж багаасаа морь унадаг, лазандуу хүн амтай, байгалийн баялаг ихтэй ч бие даагаад ашиглаж чаддаггүй, хүсдэг ч үгүй, эрх баригчид нь айлд орохоороо л “хэдэн төгрөг зээлчихээч” гэж гуйхаас өөрийг үл мэдэх улс гэсэн ойлголт тогтчихсон байна. Ялангуяа ихээхэн залхуу хүмүүс гэдэг дээр санаа нийлдэг байх юм. Арга ч үгүй л дээ, компьютерээс эхлээд шүдний сойз, савангийн хайрцгаа хүртэл зөвхөн гадаадаас авна, өөрсдөө дотооддоо хийе гэж хэн ч оролдохгүй. Тэдний хувьд, ядахдаа зүү, утсаа ч өөрөө үйлдвэрлэдэггүй улс орон байна гэхээр санаанд нь багтахгүй. Юмыг нь худалдаад авъя гэхээр “Чингис” нэртэй цагаан архинаас өөр санал болгох юмаар маруухан. Яах вэ, бас ч гэж бөх, бокс, сонгодог урлагийн хөгжлөөрөө гайгүй шүү. Ингээд л болж байх шив дээ. Гэтэл үүнээс илүү, бусдад гайхуулах юутай болчихоод бид өөрсдийгөө сурталчлах гээд байгаа билээ?

Монголын нэр хүнд аль нэг гадаад улсад “Бид аягүй мундаг, сайн, поогоо улс шүү” гэж чанга хашгирснаас биш, үүнд зарцуулсан мөнгөний их багаас ч биш, зөвхөн монголчуудын хөдөлмөр, ухааныг төрөөс яаж дэмжиж, өдөөж, хөгжилд чиглүүлж чадахаас л шалтгаална. Дэлхийн хаана ч гологдохооргүй хөдөлмөрч, чадварлаг монголчуудын хөдөлмөрийг төр нь дэмждэггүй, харин үргэлж саад хийж, дарамталж байдагт л өнөөгийн Монголын нэр хүнд олон улсад унах нэг шалтгаан оршиж байгаа юм. Төрийн дэмжлэгийг баталгаатай авдаг ганцхан бүлэг байдаг нь цөөн тооны баячууд, бусад нь бол хог шаар. Зөвхөн гадаадад гарч баймаажин, хөдөлмөрч чанарынхаа ид хавыг гайхуулж, тэр хэмжээндээ цалин орлоготой амьдрах боломжтой болдог нь монголчуудын өнөөгийн бодит байдал. Энэ хөдөлмөрийн үр дүн Монголд ямар ч байдлаар нөлөөлөхгүй, өөр аль нэг харь гүрний хөгжил цэцэглэлтэд монгол хүний оруулж байгаа хувь нэмэр болоод дуусдагт бидний эмгэнэл оршино. Энэ байдлыг өөрчлөөгүй байж, зөвхөн сурталчилгаандаа ахиухан мөнгө цацсан төдийгөөр Монголын нэр хүнд дэлхийн тавцанд өглөөний нар шиг мэлтэсхийн гийнэ гэдэг гонж.

Нөгөө нэг асуудал бид өөрсдөдөө хэр хүндэтгэлтэй хандаж чаддаг билээ гэдэгт байна. Монгол улс шинэ түүхэндээ бурантаглуулсан тэмээ шиг л явж ирлээ. Оросуудад хөтлөгдөж баахан явснаа нэг сайхан өдөр туйлаад бурантгаа тасалж чадсан боловч сэхээ авахын завдалгүй барууныханд, бүр тодорхой хэлбэл Америкчуудад бурантаглагдаж орхив. Тэд хаашаа явна, бид тийшээ л сажилна. Хөдөлгөөн бүрийг нь анаж, даган дууриана. Яг л сургуультай сармагчин шиг. Ялангуяа төсөв, санхүүгийн тал дээрээ ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ч гэх шиг олон нэртэй боловч, үнэн чанартаа АНУ-ын холбооны нөөцийн банкаар хөтлүүлэлгүйгээр нэг ч алхаж чадахаа болилоо. Нөгөө эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал хаачсан нь бүү мэд. Бусад салбаруудын тухайд ангайгаад ч хэрэггүй. Ингэхээр Монгол улс бие даасан, тусгаар тогносон улс мөн үү? “Дархан манай тусгаар улс, даяар Монголын ариун голомт” мөн үү?

Дэлхийн улс төрийн орон зай хумигдаж, дахин хоёр туйл руугаа явж эхэллээ. Нэг талд АНУ тэргүүтэй өрнийн орнууд, нөгөө талд Орос, Хятад тэргүүтэй дорны голцуу улс илтэд бүлэглэж, зөрчилдөх, сөргөлдөх хандлага нэмэгдэж байна. Монгол хаана явна? Эдийн засаг, санхүүгээр өрнийхөнд чөдөрлөгдсөн биднийг газар зүйн байрлал, түүнтэй хамааралтай улс төр дорно зүг рүү чангааж, биднийг яахаа ч мэдэхгүй, бүлтэгнэж суухад хүргэлээ. Украйнд, одоо Сирид болж байгаа асуудлаар дээрх хоёр бүлгийн санал зөрөлдөөнд бид ямар ч байр суурь илэрхийлж зүрхэлсэнгүй, ам, чих, нүдээ таглаад, асуухаар хоёуланд нь толгой дохиж тал өгчихөөд таг улалзан суув. Хоорондоо таарахаа байсан ээж, нөхөр хоёрынхоо хэрүүлд чухам хэнийх нь талд орохоо мэдэхгүй уймарчихсан бүсгүй шиг шаналж, хөтөлсөн зүг рүү нь алхаж, өшиглөсөн зүг рүү нь өнхөрч яваагийн цаана бид өөрсдийгөө үнэхээр үнэлж, хүндэтгэж чадахаа больсон нь тод томруун харагдана. Монголчууд өөрсдийнхөө асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй, зөвхөн гадны хүнд л найдах хэрэгтэй гэсэн бодол эрх баригчдын толгойд тарган цавуу шиг наалдчихаж. Таван толгой, Оюу толгойг монголчууд эзэмшиж чадахгүй, гадныханд өг, арван давхар байшинг монгол барилгачин лав барьж чадахгүй, Хятад ажилчдыг оруул, хууль мэддэг хүн Монголд лав байхгүй, гадны хуулийн компанид ахиухан мөнгө цутгаад зөвлөгөө ав. Монголыг хөгжүүлэх арга замыг Монголчууд мэдэхгүй, чадахгүй, тэгээд л гүйцээ.

Ийнхүү өөрсдийгөө басамжилснаас болоод хачин инээдтэй юм ч их хийдэг боллоо. Буриадын нэг барималчны “Чингис хаан” гэсэн баримлыг нэгэн монгол эр хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэх үнээр худалдаж авлаа гэж шуугиж байх юм. Ур чадвар, хийцийн хувьд, мөн тэр бүтээлчийн “Эх” нэртэй барималтай нь харьцуулахад нэг их гавиад байхгүй тэр баримал Лондоны талбайд тавигдсаныг дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн гээд ойлгочихож, хөөрхийс, уг нь тэр талбай чинь мөнгөө л төлчихвөл нохой ч гэсэн баасаа тавьчихаж болдог л газар байхгүй юу. Уг нь үнэхээр дэлхийн хэмжээнд бүтээл хийдэг боловч, даанч хөрөнгө мөнгөний гачаалаас болоод гаргаж чаддаггүй нэг монгол уран бүтээлчийнхээ бүтээлийг тэр Лондоны талбайд аваачаад тавьчих зардлыг нь гаргаад өгчихсөн бол өдийд өөр нэг орны зузаан хэтэвчтэй эр түүнийг нь хэдэн сая доллараар худалдаад авчихсан ч байх юм билүү. Даанч, хэзээ ч монгол хүний /энд зөвхөн Монгол улсын иргэн гэсэн ойлголт яваад байгаа юм/ бүтээл дэлхийн хэмжээнд үнэлэгдэнэ гэж байхгүй гэсэн, өөрсдийгөө доромж үзсэн бодлоосоо салж чадахгүй юм даа, бид. Монголчууд бид, ялангуяа эрх баригчид өөрсдөөсөө бусад монголчуудаа дорд үзэж, манай ард түмэн ерөөсөө юу ч чаддаггүй, мэддэггүй, жаахан тэнэг, мангардуу, оюуны хомсдолын илт шинж тэмдэгтэй улс гэж оношлоод, түүнийгээ байнга харуулаад, бид ч өөрсдөө “нэг тиймэрхүү тал ч бий шүү” гэж хүлээн зөвшөөрөөд байхаар гадныхан биднийг үнэлнэ гэж байх уу? Бидэнд итгэж, “Энэ монголчуудтай чинь хамтраад хөгжчихье, байз” хэмээн ханцуй шамлах баагий олдох уу? Юу л бол.

Нөгөө талаар салж холдоод байгаа хоёр туйлын аль алинаас уяатай байх гэж оролдсоор Монгол улс өөрийгөө тасар татах нь. Үүнд өөрийн гэсэн бодлого шаардагдаад байхад гаргая гэж зүрхлэх хүн байхгүй, улс төрчдийн сэтгэл хоёрдож, хөзрөөр мэргэлэхээс наахнуур болж байна. Барууныхан биднийгээ баадуудаж “Монгол бол Ардчилалд шилжихийн үлгэр жишээ болсон улс” хэмээн цаасан малгай өмсгөж, хааяа хааяахан хэд гурван ногооноор туслах боловч үүгээр бид хөгжинө гэж байхгүй гэдгийг 27 жилийн туршлагаасаа нэгэнт харсан, нөгөө талаар тэд манай баялгийг сонирхоод байгаагаа нуудаггүй, Орос, Хятад хоёр болохоор бидэнд өмнө хоёулаа хөөгдөж байсан болохоороо гомдол нь гүйцэд цайраагүй, найдвар муутай түнш гэж үзсэн хэвээр байгаа нь гачлантайгаас гадна бас л баялаг сонирхдогоо нуудаггүй, нэг ийм хавчуурганд л бид байна. Аль аль нь өнгөн дээрээ эелдэг инээмсэглэх боловч цаагуураа биднийг нэг их тоохгүй, дээгүүр харсан энэ хоёр талын араас тэлээ хурга шиг ээлжлэн зууралдан гувшиж, хоолны мөнгө царай алдан, ад үзэгдэж, бүр ядахаараа нөгөө гуйж түүж олсон мөнгөнөөсөө зарж байгаад ч болохноо өөрийгөө сурталчлах санаа сэдэж байхаар, өөрийн гэсэн бодолтой, толгойтой, чадвартай, мэдлэгтэй гэдгээ харуулах замыг Монголоосоо, монголчууд дундаасаа хайвал дээргүй юу? Тэднийгээ дэмжиж, дээшлэх боломжийг нь тавьж өгөх замаар, чухамдаа Монголын онцлогт таарсан хөгжлийн замыг олж хэрэгжүүлж чадвал хүссэн хүсээгүй, сурталчилгаатай сурталчилгаагүй, хэнбугай нь ч гэсэн биднийг хүндлэхгүй, туршлагыг сонирхохгүй, судалж суралцах гээд хүрээд ирэхгүй хаачих вэ, аан? Жинхэнэ “Монголыг гадаадад сурталчлах хөтөлбөр” гээч чинь ийм юман дээр л гарах ёстой. Өнөө маргаашаа аргалах багахан хандив, тусламжид царай алдан, гадныхны өмнө нүүрээ ширлэчихээд бөхөлзөхөд зориулсан юмаа “ сурталчлах хөтөлбөр”, энээ тэрээ гэж том нэрлээд хэрэггүй, тэр зэргийн юманд хууртах хүн олдохгүй. Жижигхэн хаваа “Арслан” гэж мянгантаа нэрлэсэн ч хүмүүс хав л гэж харахаас арслан гэж хардаггүй л байхгүй юу.

 

Чимидийн ЭНХЭЭ