Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа" гэлээ.

Уг асуудлаар ар гэрийнхэн нь Хилийн цэргийнхэнд хандаж байсан ч хариу өгдөггүй аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 оноос эхэлж Хууль зүйн яаманд гурван удаа, Хилийн цэрэгт нэг удаа тус бүр албан бичиг явуулжээ. Эцэст нь цэргүүдийн ар гэрийнхэн Хилийн цэргийнхэнтэй уулзуулж өгөх хүсэлт тавьсан тул Ц.Даваасүрэн гишүүн хоёр талыг оролцуулсан уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан юм.

Энэ талаар Ц.Даваасүрэн “Уг уулзалтад Хилийн цэргийнхэн оролцоод цэргүүдийн ар гэрийнхнээс уучлал гуйсан. Гарч яваад хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ эдгээр хүмүүсийг хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Хилийн цэргийнхний нэр хүндийг гутаалаа” гэсэн нь хариуцлагагүй явдал. Уг уулзалт бодит баримтан дээр үндэслэгдэж яригдсан юм.

2015 оны тавдугаар сард 0311 дүгээр ангид хуваарилагдсан залуусаас 2 нь амь үрэгдсэн байгаа. Цэл залуухнаараа 21, 19-тэйдээ эндсэн байхад суурь өвчтэй гээд мэдэгдэл хийгээд хэнэггүй сууж байдаг юм. Хоёрхон жилийн дотор татагдсан цэргүүдээс тав нь эндэж, тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байна. Асуудал хүнд байгааг холбогдох газарт нь мэдэгдэж, арга хэмжээ авч анхаарахыг хүссэн, юу ч хийгээгүй, энэ хооронд хоёр цэрэг эндсэн” хэмээн онцоллоо.

Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэхүү хэвлэлийн бага хуралд оролцсон юм. Тэрбээр “Цэрэг татлага, халалтыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцдаг. Маш хүнд, эцэг, эхчүүд одоо “Эрүүл гэсэн эмчийн бичигтэй хүүхдээ л хүлээж авна” гэдэг болсон. Ренчинлхүмбэ сумаас 0311 дүгээр ангид татагдсан цэргүүдээс тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байгаа. Тэдний нэг нь цэргийн албанд байхдаа ар гэр рүүгээ утсаар ярьж “Одоо надад бүтэн эрхтэн үлдсэнгүй, зодуур их байна, дэг их байна” гэж ярьсан байдаг. Ийм яриа сонссон учраас эцэг, эх нь сумын Засаг даргын Тамгын газарт хандсан, би аймгийн Цэргийн штаб, аймгийн Засаг даргад хандсан байгаа.

Мөн цэрэгт татагдаад удаагүй байсан хүүхдийг нь өвдлөө гээд цэргийн ангиас ярихад нь ар гэрийнхэн нь очсон, гэтэл өрц нь цоорсон байсан. Цэргийн алба хаасан нэг жилийн хугацааныхаа долоон сарыг нь эмнэлэгт байж, хаасан. Халагдаад ирснийх нь дараа эмчийн нарийн үзлэгт оруулахад юу ч хэлдэггүй. Бодит байдал ийм байгаа. Бид 1000 гаруй км цаанаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын нэр хүндийг зохиомлоор гутаах гэж ирсэн юм биш. Асуудлыг анхаарч засахгүй бол эрдэнэт хүний амь эрсдэж, хүнд өвчин тусч байгаа учраас зохих хүмүүстэй нь уулзаж бодит үнэнийг хэлж арга хэмжээ авахуулах гэж л ирсэн” гэдгээ мэдэгдлээ.