-Франчайзаар орж ирсэн бүтээгдэхүүнүүд үндэсний үйлдвэрлэлийг боомилж байна-

Junk food-ын үер буух нь
“Моод Монголоор дуусдаг” гэж гашуун ч гэсэн үнэний хувьтай үг бий. Энэ үгийн үнэнийг олон жишээгээр баталж болно. Иргэдийнх нь боловсрол дорой, ядуу улс оронд зочилдог, улмаар уг улс орныхоо валютыг бэлнээр нь га­дагш урсгадгаараа олон оронд жигшигдэж, өд­рөөс өдөрт гишгэх га­зар­­гүй болж байгаа “сүл­­жээний бизнес”-ийн сүүл­­чийн хоргодох газруу­дын нэг нь Монгол Улс болж бай­гаа жишээ байна.

Мон­голын валютыг хангалттай сор­­сон бэртэгчин этгээдүүд одоо “тэнэг” иргэдтэй бусад улс орнуудыг хайн бэдэрсээр. Мон­­гол хүмүүс ч үүнд идэв­хийлэн оролцож буй. Тэгвэл сүл­­жээ шиг зочилсон улс орон­доо өвчин зовлонгоос өөр “ашиг” өгдөггүй “түргэн хоол­ны газар” хэмээх гамшиг Мон­голд маш хурдацтай түгэн дэлгэрч байна. Харамсалтай нь зарим нөхдүүд энэ төрлийн бизнесээр танигдсан ком­па­ниудыг өөрсдөө гуйж, улс­даа нэвтрүүлж байх юм.

Үйлч­лүүлэгчээ хааяа, хааяа түү­хий тахиагаар дайл­чихдаг гэмтэй Солонгосын “ВВQ Chicken”-ийг “яая” гэж байхад “Таван богд” групп KFC /Kentukky Fried Chicken/ хэмээх түргэн хоолны газрыг Монголд нээх болсон гэнэ. Таргалалт, чихрийн шижин гээд халдварт бус өвчнүүдийн гол шалтгаан болдгоороо дэлхий нийтэд “Junk фүүд” хэмээн ад үзэгдсэн түргэн хоолны газрууд Мон­голоор дүүрлээ.     
Франчайзын хууль үгүйлэгдэж байна

Дээр өгүүлсэн Junk food-ын үер Монголыг голчлон дайрч байгаа нь манай улсад франчайзын тусгайлсан хууль байдаггүйтэй холбоотой. Аль нэг гадаадын чамин брэндийн нэрээр иргэдийн тархийг угаах бизнес Монголд орж ирээд удаж байгаа ч багасах нь битгий хэл улам л өргөжин тэлж байгаагийн гол хөдөлгөгч хүч нь франчайзын бизнес юм. Харамсалтай нь ийм бизнесийг дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хүчээ авч байгаа аж. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бараа бүтээг­дэ­хүүн үйлчилгээндээ тусгай стан­дарт тогтоон, түүнийгээ бус­дад ашиглуулахыг франчайз гэж хэл­дэг.    

Эдийн засгийн ухаанд фран­чайзыг “өөр бизнесийн (франчайз эзэм­шигч) барааны тэмдэг, ху­­дал­дааны нэрийг ашиглаж бүтээг­дэхүүн үйлчилгээг зах зээлд гаргах эрхтэй хувь хүн эс­вэл хэсэг бүлэг хүмүүс, тэднээс франчайз хүлээн авагч хоёрын хооронд тусгай гэрээгээр үүссэн биз­нес харилцааг хэлнэ” хэмээн томъёол­жээ. Хар ухаанаар бодвол, нэг нөхөр том, амттай бууз, сайхан амттай цай “Шарсан бууз” хэмээх цайны газар нээж, түүнийгээ олны танил болгоно.

Дараа нь нийтийн хоолны бизнес эрхлэхээр шийдсэн ч эргэлтийн хөрөнгө тийм ч их биш учраас “олонд танигдахаасаа өмнө дампуурчих вий” гэж айсан, аль эсвэл зүгээр л шууд олонд танигдсан газрын нэрийг ашиглаж хурдан баяжих гэсэн залхуу нэгэнд нэрээ ашиглуулна гэсэн үг юм. Энэ бол бизнес эхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд бас ч үгүй давуу тал олгодог гэж байгаа юм шүү.

Манай компаниуд гаднаас фран­чайзаар брэнд оруулж ир­сэн хамгийн тод жишээ нь ЭмСиЭс-ийнхэн “Кока Кола” брэн­дийг үйлдвэрлэх эрхийг ав­сан явдал. Франчайзийг дотор нь үйлд­вэрлэлийн, үйлчилгээний, худал­даа­ны гэсэн ерөнхий  бүлэгт ан­гил­даг.

“Yйлдвэрлэлийн франчайз нь эрх шилжүүлэгчээс /franchisor/ олгосон эрхийн дагуу ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бор­луулахад чиглэдэг бол үйл­чилгээний франчайз нь янз бүрийн үйлчилгээг (зочид бууд­лын, засварын, гоо сайхны гэх мэт) аль болох өргөн хүрээнд хүр­гэх зорилготой байдаг. Ха­рин худалдааны франчайз нь зарим нэг онцлог шинжтэй бүтээг­дэ­хүүнийг борлуулахад чиглэдэг байна /эх сурвалж Б.Бумбаа/”.

Франчайзаар орж ирсэн брэндийг “хулхи” гэхийн учир
Кока колагийн франчайз бол үйлдвэрлэлийн фран­чайз. Франчайзер ком­пани франчайз хүлээн авагчид бү­тээг­дэхүүний жор тусгай бэлд­мэлүү­дийг нийлүүлдэг. Үйл­чил­гээний франчайзад ч мөн адил. Гэх­дээ бүтээгдэхүүнийг үйлдвэр­лэ­хэд шаардлагатай түү­хий эдийг ту­хайн орон нутгаасаа авдаг.

Тийм ч учраас өөр франчайз ком­­панийн үйлдвэрлэсэн нэг брэндийн бүтээгдэхүүнүүд хоо­рон­доо адилгүй. АНУ-д үйлдвэр­лэ­сэн кола Монголд үйлдвэрлэсэн кола хоёр ялгаатай. Ядаж ус нь ялгаатай байдаг учраас. Бас ту­хайн компани жороо яг 100 хувь бусдад франчайзлах нь бараг л байдаггүй. Түргэн хоолны газруудад ч адил.

Жишээ нь, түргэн хоолны газар гэхэд улс болгонд өөр. Америкийн түргэн хоолны газарт Америкийн бай­гальд бий болсон, тэндхийн ур­гам­лаар хооллосон тахиа байгаа. Амт нь эндхийн тахианаас шал өөр. Америкт америк тахиа, Мон­голд монгол тахиа байдаг, тэд­гээр нь амтаараа ялгаатай гэж ойл­гож болно. Тэгвэл франчай­зер компанийнхтай адилхан байлгахын тулд BBQ Chicken Со­лонго­соос, KFC АНУ-ын Кентак­ки­­гаас тахиа импортлох уу гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Тухайн газрынхаа тахиагаар л хийнэ. Гэтэл манайд тахиа байхгүй. Одоо л дөнгөж өндөгний хэрэгцээгээ хангах гэж яая даа гэж байгаа улс махны чиглэлээр тахиа өсгөх болоогүй. Өндөглөх чадваргүй, хөгшин болсон хэдийгээ л махалж байгаа байх.

Шуудхан хэлэхэд, манайх махны чиглэлээр тахиа үржүүлэх болоогүй байна. Тиймээс Монголд хэрэглэгдэж байгаа бүх тахиа урд хөршөөс орж ирдэг. АНУ-ын тахиа аме­рик, Монгол тахиа монгол амт­тай байдаг ёсоор Монголд нээг­дэх гэж байгаа Америк нэр­тэй шарсан тахиа ч “хятад”, Со­лон­гос шарсан тахиа ч хятад амт­тай. Монголчууд бид үнэхээр хэ­нэг­гүй болохоороо л ийм “хятад амт­тай” мөртлөө Америк, Со­лон­гос гэсэн нэртэй хулхи шар­сан тахиаг зооглож байна. Гад­ны брэнд нэр ашиглаагүй ижил төр­лийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэж байгаа аж ахуйн нэг­жүүд ч хятад тахианы махаар үйлдвэр­лэл явуулж байгаа юм.

Франчайз хүлээн авагч компаниуд үндэсний үйлдвэрлэлийг боомилдог
Франчайзын давуу тал гэж байдаг шиг сул тал гэж бас бий. Их хэм­­жээний мөнгийг франчайзын төл­­бөрт урьдчилж төлдөг, фран­чайз  эзэн компаниас өгсөн дү­рэм журамд захирагдах, үнэнч байх, өсч томрох нь хязгаартай бай­­даг зэрэг сул талтай байдаг юм байна.

Монголд байгаа фран­чайз үйлдвэр ижил төрлийн бү­­тээг­­дэхүүн үйлдвэрлэдэг Мон­­гол компаниудаа дарладаг. Дэл­­­хийд нэртэй бүтээгдэхүүний нэ­­­рийг бариад үйлдвэрлэл явуу­­ла­­хаар ижил төрлийн бүтээг­дэ­­хүүн үйлд­вэр­лэдэг үндэсний үйлд­вэ­рүүд өрсөлдөх чадвар дут­даг гэсэн үг. Худалдан аваг­чид сонголтоо хийхдээ нэ­рийг чухалчилдаг нь ийм бай­д­алд хүргэдэг байна.

Гэвч ийм компаниуд нь үндэсний үйлдвэрлэгч­дийг нухчин дарсан хэрнээ хэзээ ч өөрөө бие даахгүй гэсэн үг. Жишээлбэл, үндэсний хэм­жээнд ундааны үйлдвэрлэл явуул­даг Монгол үйлдвэрүүд фран­­­­­чайз компаниудад дарлуул­саар, өсч дэвжих бололцоо нь то­дор­­хой хэмжээнд хаагдаж бай­гаа юм. Тиймээс дэлхийн улс ор­нууд франчайз компаниудыг оруулж ирдэг ч тодорхой хэм­жээнд хязгаарлаж барьдаг. Тус­­­гай хуулиар энэ асуудлыг зо­­хи­­­цуулдаг. Харин Монголд фран­­­чайзыг хуулиар тусгайлан зо­­хи­­цуулдаггүй.

Ийм хууль гар­­га­х­ыг бизнес эрхлэгчид шаар­­даж байгаа ч одоо болтол хойр­­гошин суусаар байгаа нь фран­чайз компаниудын эрх аш­гийг хамгаалдаг нөхдүүд төрд байгаагийн гэрч юм. Хэрвээ Фран­чайзын тухай хууль бат­лаг­даж гарвал өөрийн гэсэн онц­логтой, чанартай Монгол брэн­дийг дэлхийд түгээх ч боломж бүр­дэх юм. “Брэнд” гэдэг нь ту­хайн бүтээгдэхүүн чанар, бу­сад онцлогоороо хэрэглэгчдэд та­нигд­сан байдлыг хэлдэг гэж бод­­дог.

Тэгвэл Монголд үйлд­вэр­­лэг­­дэж байгаа чанартай бү­тээг­­дэхүүнүүд ч үнэн хэрэгтээ брэнд. Харамсалтай нь Монголд дан­­­даа хэрэггүй Junkfood л фран­чай­­заар орж ирэх юм даа. Хууль са­наач­­лагчид аа. Хоосон нэрээр ард түмнийг хууран мэ­хэлж, га­даад руу их хэмжээний валют өгч байгаа франчайз хүлээн авагч ком­паниудыг хазаарлах цаг бол­жээ.
 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Х.Батсайхан