10 хувийн урьдчилгаа олгох асуудал дээр нэгдмэл байр суурьд хүрэлгүй гацлаа
2015/11/18
Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гарган санхүүжүүлэх шийдвэр гараад багагүй хугацааг ардаа үдлээ. Уг ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан сайдыг нь хүртэл огцруулсан.
Гэтэл уг асуудал өнөөдрийг хүртэл хэрэгжих нь бүү хэл иргэдэд эрсдэл өндөр хэмээн эргэлзээтэй яриа гарч эхлэв. Эдийн засгийн хүндрэлийг барилгын салбарынханд илүүтэй мэдрэгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл 48 мянган орон сууц худалдаалагдаж эргэлтэд орохыг зогсонги байдалд оржээ. "Буянт-Ухаа-1"-ээс байрны урьдчилгаа мөнгөө төлөх чадвартай нь худалдаж аваад болчихсон. Өдгөө урьдчилгааг 10 хувь болгож үлдсэн нөхдүүдээ байртай болгоё гэдэг шийдэлд хүрсэн ч дөрвөн талт гэрээгээ хийж дуусчихвал л өнөө маргаашгүй өглөө гэж байсан ч гацаанд оров.
-Гэрээг дөрөв биш таван талт болгосон-
Энэ талаар Барилга хот, байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар "Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 256 дугаар тогтоол, 2015 оны долдугаар сарын 7-ны өдрийн 296 дугаар тогтоолууд гараад хэрэгжилтээ хүлээж байгаа. Таван талт гэрээ байгуулах бэлтгэлээ л хангаад байгаа юм байна гэж ойлгосон. Ипотекийн зээлийг Засгийн газрын баталгаатай гаргана гэдэг бол шинэ шийдэл учраас газар дээрээ зарим тохируулга шаардагдаад байхыг үгүйсгэхгүй. Уг нь дээрх шийдвэрүүдийг гаргаад дөрвөн талт гэрээ байгуулна л гэж байсан юм шүү дээ. Тэгснээ дөрөв биш, таван талт болгохгүй бол болохгүй нь гээд л тухайн үедээ оролцогчдын тоог бид нэмэхэд хүрч байсан. Шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд энэ мэт техникийн чанартай асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм асуудлууд байлаа гэхэд хамтарч суугаад л шийдлийг газар дээр нь түргэхэн шиг олоод явах боломж хэзээ ч байдаг. Уг нь би найман сардаа багтаагаад гэрээг зуруулчих юмсан гэж бэлтгэл базааж байсан. Мэдээж байгууллага хоорондын гэрээ гэдэг бол бас л адилхан яриа хэлэлцээ шаардах үйл явц. Тэгэхээр зарим байгууллага гэнэт тооцоогүй шаардлага тавьж болно. Дээрх тав дахь талыг гэрээнд оролцуулна гэдэг шиг. Үүнийг тухай бүртээ зохицуулаад л явчихна гэж тооцож байв. Ер нь өөрөө байхдаа эцэслэчихсэн гэж хичээсэн. Долдугаар сард журмаа батлуулж аваад л дараагийн ажиллагаанд орсон ч баяр наадам, хурим найр, огцрох солигдох болоод үнэхээр амжаагүй л дээ. Одоо УИХ, Засгийн газрын зөвшөөрлийг авна гэж сандралгүй, “хий” гэснийг нь хэрэгжүүлэх л үлдсэн. Мэдээж энэ ажил өнөөгийн сайд нараас бас л зарим шийдлүүдийг шаардаж байгаа. Нэгэнт ачааг нь үүрч буй хүмүүс тийм шийдлүүдийг нь олоод урагшилна гэж итгэж байгаа. Харин хэрэгжүүлэхгүй гэвэл энэ нь нэг хоёр сайдын асуудал биш учраас өөрийн шийдвэрээс яагаад буцаж буй тухай том тайлбарыг Засгийн газар өгөх шаардлагатай болно. Манай Засгийн газар чинь унаагүй, сайд нар нь л солигдсон шүү дээ. Тиймээс өөрөө өөрийнхөө шийдвэрээс буцаж, хэрэгжүүлэхгүй гэсэн асуудал байхгүй гэж ойлгож байгаа" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн удаатай.
-Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурьд хүрээгүй байна-
Тэгвэл түүний ажлыг хүлээж авсан Э.Баян-Сэлэнгэ сайд Барилга хот байгуулалтын яам орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор 10 болгохыг эдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Нэлээд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. 10 хувийн урьдчилгаа нь иргэдэд нэг талаараа эрсдэлтэй байгаа. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ. Тэгэхээр 10 хувь болгох асуудлыг амьдрал дээр хэрэгжүүлэхээс өмнө энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.
Тус салбарын сайдыг огцруулах гэж улайрахын оронд хийж эхлүүлсэн ажлын үр дүнг харах ёстой байсан. Гэтэл халаа сэлгээнээс болж багагүй хугацааг алджээ. Өдгөө барилгын салбар дахь муу зээлийн төвшин нэмэгдэж байгаад эрсдэл их гэж мэргэжлийнхэн үзэж байгаа гэнэ. Ийнхүү таван талт гэрээ байгуулчихвал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 10 хувийн урьдчилгааны гацаа гарах нь ээ.
Х.Даваа
igen · 2015/11/18
Uu ard irgediinhee tuluu hiih ajil bolhoor l gatsaj bga ym da uursdiinhuu tuluu bol hediinii shideed odoo ajilaa heregjuulj baiga da