Элэгний С вирусийн эсрэг эмийг Монгол Улсын эмийн жагсаалтад өнгөрсөн тавдугаар сард бүртгэсэн билээ. Ингэснээр эм хэзээ орж ирэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байгаа. Бид энэ талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаатай уулзаж, ярилцлаа

- Монгол улсын хэмжээнд эмчлүүлэх нэн шаардлагатай элэгний С вирустэй 52 500 хүн байхад яагаад 1600 хүнийг эмчилгээнд хамруулж байгаа юм бэ?

- Эмчилгээ хийлгэх шаардлагатай 52 500 хүн гэж тооцсон. Уг эм нь өндөр үнэтэй. 52 500 хүний эмчилгээнд хэрэглэх эмийг оруулж ирлээ гэхэд хүмүүс авч чадах уу? Үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Дистрибютер компани нь өөрөө бизнесийн байгууллага. Тухайн компани маш их хэмжээгээр оруулж ирвэл хүмүүс авахгүй байвал эрсдэлд орно. Энэ эмийг дөнгөж шинээр оруулж ирж, хэрэглэх гэж байхад учиргүй их хэмжээгээр оруулж ирэх эсэх нь тухайн компанийн бизнесийн бодлого байх. Удахгүй орж ирэх 1600 хүний эм орж ирээд хурдан зарагдчих юм бол дараагийн сард нь тэрнээс илүү их хэмжээгээр авах боломж бидэнд байгаа. АНУ-ын Гилеад Сайнс компани эхний ээлжинд 5 000 ширхэг буюу 1600 хүний эмчилгээнд шаардлагатай “Харвони” эмийг өгье. Боруулалтын байдлаас шалтгаалаад илүү ихийг өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр тоо бол нэг их ач холбогдолтой биш.

- Эхний ээлжинд эмчилгээд орох 1600 хүнд багтсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? Би бүртгүүлээгүй байхад бүртгэчихсэн байна гэсэн асуудал яригдаж байгаа.

- Өмнө нь хувийн компаниуд эм оруулж ирэх гэж байна гэж дураараа бүртгээд байсан. Тиймээс бид улсын хэмжээний ХӨСҮТ-д нэгдсэн программ хийсэн. Сургалтад хамрагдсан эмч нар өөрийнхөө хяналтад орсон өвчтөнг уг программд бүртгэнэ. Регистрийн дугаараар бүртгэх учраас давхардал гарахгүй.

Үүнээс гадна “Омбол” ХХК эмийн жор олгох программтай.ХӨСҮТдэхьболон “Омбол” ХХК эмийн жор олгох программыг нэгтгэхээр бид ажиллаж байна. Нийлүүлснээр эмчийн хяналтад орж, эмчийн программд орсон хүн иргэний үнэмлэхтэйгээ “Омбол” ХХК-д очиж жор бичигдэж авах боломжтой. Хоёр программ бэлэн болсон, хурлаар орж ашиглахыг зөвшөөрсөн. Хоёр тусдаа программ дээр ажиллаж болох ч эмчийн ачааллын ихэсгэх учраас нэгтгэх бодлого барьж, үүнд анхаарал хандуулан ажиллаж байна. Ингэснээр давхардал арилах юм. Мөн хаана бүртгүүлснээ мэдэх илүү боломжтой болно.

Өмнө нь бүртгэл эхэллээ, энд тэнд бүртгүүлээрэй гэсэн зарыг-огт хэлээгүй. Үүнийг бид олон удаа хэлж байсан. Албан ёсны бүртгэл эхлээгүй, программ дээр бүртгэж байгаа, программ дээр албан ёсоор бүртгэнэ гэдгийг хэлж байсан. Харин хувийн компаниуд янз бүрийн байдлаар бүртгэл эхэллээ, бүртгүүлээрэй гэсэн зар явуулсан юм билээ. Тийм учраас хүмүүс хаана бүртгүүлснээ мэдэхгүй байна гэж ярьж байгаа.

Эмч нарын хувьд хяналтад орох хүмүүсээ бүртгэж байгаа. Ерөнхийдөө албан ёсны программ гарахаас өмнө хүмүүсээ хяналтад аваад, шинжилгээг нь бүрдүүлж байгаарай гэсэн үүрэг өгсөн. Одоо албан ёсны программ бий болсон учраас хэрхэн ашиглах талаар сургалтууд хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт бүх аймгуудад онлайнаар хийсэн. Энэ долоо хоногийн эхээр нийслэлд хийсэн. Энэ долоо хоногийн сүүлээр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийхээр бэлтгэл ажил явагдаж байна.

- “Омбол” ХХК-ийнхан эмийг хэзээ оруулж ирэх талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа. “Харвони” эмийг хэзээ оруулж ирэх вэ?

- Уржигдар ТНБД-тай “Омбол” ХХК-ийн төлөөлөл уулзсан. Уулзалтаар эм хэзээ орж ирэх талаар асуусан. Нэг долоо хоногоор хойшлуулж 12-р сарын эхээр оруулж ирнэ гэсэн мэдээллийг өгсөн.

- Эм орж ирэх хугацаа хойшлохоор 90 хоногийн хүчинтэй шинжилгээ хүчингүй болчих гээд байгаа. Хэрвээ 90 хоног нь өнгөрчихвөл дахин шинжилгээ өгөх үү?

- Тухайлбал би С вирустэй гэдгээ шинжилгээ өгөөд тодорхойлуулчихлаа гэж бодье. Эмчилгээнд хамрагдаад 3 сарын эмийг уусны дараа дахиад шинжилгээ өгөх ёстой. Тэрийгээ л хүмүүс хэлээд байх шиг байна. Эм уусны дараах шинжилгээгээр устаж уу үгүй юу гэдэг нь гарах юм. Шинжилгээ бол 90 хоногийн хугацаа дуусна гэсэн асуудал байхгүй.

- “Харвони” эмийг оруулж ирж байгаатай холбоотойгоор ойлгомжгүй асуудлууд үүсч байгаа байх. Тэдгээрийг хэрхэн шийдэж байгаа бол?

- ЭМСЯ бодлогын чанартай үйл ажиллагааг хийсэн. Өөрөөр хэлбэл заавар гаргаж, эмчилгээ хийх эмч нарыг сургасан, эмийг улсын бүртгэлд бүртгэж авсан, хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх санамж бичгээ боловсруулаад гэрээ байгуулсан. Ер нь төр захиргааны байгууллагын хувьд хийх ёстой ажлуудаа хийчихсэн байгаа. Үүнээс цааших ажил болох зохион байгуулалтын ажлыг ХӨСҮТ хариуцаад хийж байгаа. Бэлтгэл ажлууд зохих журмын дагуу явж байгаа.

Хувийн байгууллагуудын зарим үйл ажиллагаанаас болж хүмүүсийн дунд ойлгомжгүй байдал, явган яриа гарч байгаа. Бид бол албан ёсны мэдээллээ өгөөд, төлөвлөгөөний дагуу журмаараа л ажиллаж байгаа. Тиймээс мэдээллийг холбогдох зөв байгууллагаас буюу ЭМСЯ,ХӨСҮТ-д хандаж аваарай.

Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.

А.Баярмаа