Өнөөдөр "Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрбээр, Хүн амын хөгжилд төрөөс баримтлах цогц бодлогын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлууллаа. Энэ хүрээнд тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслүүдэд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог олон шатлалтай тэтгэврийн тогтолцоонд шилжүүлснээр тэтгэвэр авч буй ахмадуудын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төслийг баталлаа. Ирэх оны наймдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахим карт, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох хууль, дүрмийг боловсруулах зэрэг ажлыг хийж байна.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь энэ хуулийн зорилго юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжлээ. Энэ хууль гарснаар хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэний эрхийн асуудал хуульчлагдаж, эрх зүйн шаардлагатай байгаа зохицуулалтууд хангагдах юм.

Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хууль батлагдсанаар малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж бүрдэнэ.

Нийгмийн хамгааллын салбарт хүн амын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, энэ бодлогын хүрээнд хүн амын хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Хүн амын бүлэг тус бүрийн эрхийн хуулиудыг нэн тэргүүнд батлуулахаар ажиллаж байна.

Ахмадын эрх, эмэгтэйчүүдийн эрх, залуучуудын эрхийн тухай хуулиуд боловсруулалтын шатанд явж байна" гэсэн юм.

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гэр бүлийн тухай хуулинд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт орсон мэтээр яригдаж байна. Ийм заалт тус хуулинд орсон уу?

-Гэр бүлийн тухай өмнөх хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байдалд хүрээд байна. Гэр бүлийн харилцаанд байгаагүй цоо шинэ харилцаа бий болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа. Хоёрдугаарт гэр бүлийн хуулиар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах үүднээс хуулийг боловсруулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.

-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлнэ гэж байна. Хэдэн төгрөгийн орлоготой гэр бүлд хүүхдийн мөнгө очих юм. Уг нь АН мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно гэж амалсан. Энэ амлалтаасаа ухарч байгаа хэрэг биш үү?

-Нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлье гэдэг бол үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчилсан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авья гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

-Та нийтлэлч Баабарыг хууль бусаар тэтгэврээ тогтоолгосон гэсэн асуудлыг нийгэмд гаргаж тавьсан. Ер нь тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого олон гардаг уу?

-Ер нь тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого цаг ямагт гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Тэтгэвэр тогтоолгох гэсэн оролдлого бол явцгүй. Манайх УБЕГ болон бусад байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон. Тэгэхээр иргэний мэдээлэл бүрэн ил тод байж байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүмүүс яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа юм. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар ажиллаж байгаа.

-10 мянган нас барсан хүний нэрээр салбарын мэргэжилтнүүд ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх дуулианд салбарын сайдын хувьд ямар тайлбар хийх вэ?

-Олдож байгаа боломжийг ашиглаад хариуцлагатай мэдэгдэхэд, энэ асуудал шалгагдаад дууссан гэдгийг хэлье. Нийтдээ анх цагдаагийн байгууллагаас 14 мянга хүний нэр бүхий файлыг шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгаад үзэхэд нас барсан иргэдийн мэдээлэлтэй таарахгүй байсан. Түүн дотор ганц нэг мэдээлэл таарсан. Энэ дагуу бүх шалгалтыг хийгээд цагдаад буцааж өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас холбогдох хүсэлт ирсэн. Энэ дагуу шалгаад хариуг нь өгсөн. Үүний дараа цагдаагаас 10 мянган хүнтэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдсан. Иймээс шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан. Нийгмийн даатгалын хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн 10 жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Шалгалт 21 аймаг, 9 дүүргийг хамарсан. Уржигдар эцсийн дүн мэдээ гарлаа. Өнгөрсөн 10 жилд нийт 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37.8 тэрбум төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна. Энэ дотроос зөрчилтэй гэх 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Энэ зөрчил нь жилд 10 орчим ноогдож байгаа юм. Гэхдээ эдгээр зөрчил нь тухайн жилдээ арилгагдаад явсан байдаг. Нас барсан хүний тэтгэврийг зориудаар авсан гэхээсээ иргэний хасалтыг ар гэрийнхэн нь хийгээгүй зэрэг тохиолдол байдаг юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна. Энэ асуудал хуулийн байгууллагад шилжсэн.