1999 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн УИХ-д МАХН-аас нэр дэвшихээр болж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “ Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй” хэмээн хэлсэн нь МАХН үнэмлэхүй ялалт байгуулах гол хөдөлгүүр болсон гэж үздэг. МАХН 72 суудал авч, 1996 оны сонгуульд ялсан залуу намуудын эвсэл бүхэлдээ хээр үлдэв. Ардчилсан хүчний лидерүүдийн бага хаадын үе шиг бие биенийхээ дээр гарах, бие биенээ нухчин дарах гэсэн тэдний өрсөлдөөний дүнд Ардчиллын анхдагч С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдөж, казиногийн гэх хэргээр ардчиллын өнөөх л анхдагчид нь олноороо шоронгийн хаалга татав. Уг нь 1996-2000 он тэднийх байв. Гэвч тэд Засгаа ч тогтвортой барьж чадсангүй. Үнэндээ тэд “С.Зоригийг хувьсгалт намынхан алчихлаа” хэмээн хашгирахаас хэтэрсэнгүй. Харин С.Зоригийн хэрэг замхран, энэ тухай дурсах төдий л хэвлэлүүд бичиж байлаа.

Д.Мөрөн бол тэр үед сонгуулийн гол зэвсэг байв. Харин аль намаас нэр дэвшвэл илүү магадлалтай, бас нэр хүндтэй байж чадах вэ гэж тэрээр багагүй эргэлзсэн ч гэдэг. Учир нь тэр Эвслийнхэнтэй илүү ойр байсан. С.Зоригийн амь насыг хөнөөснийг дуулаад хэргийн газар очиход Д.Мөрөн “ороод ир “гэж дуудсан хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Баттулга хэлсэн тухай 2012 оны аравдугаар сард гарсан “Тойм” сэтгүүлд бичсэн байдаг. Эвслийн Засгийн үед энэ хэргийн талаар “Деррик” шиг л ярьж байсан Д.Мөрөн УИХ-д АН-аас биш МАХН-аас нэр дэвшиж, арчилсан хүчинг нокаутанд оруулсан юм.

2003 оны нэгдүгээр сарын 29. Өдрийн сонин, Зууны мэдээ зэрэг хэвлэлүүдэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд Засгийн газар 500 сая төгрөг олгох шийдвэр гарсан тухай мэдээлэл гарав.

2003 оны гуравдугаар сарын 15

С.Зоригийн хороосон хэргийн сэжигтнээр Д.Энхбат гэгчийн Францаас бараг л хулгайлж авчрав. Учир нь 2004 онд сонгууль эхэлнэ. Харин МАХН-ын дарга С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн амлаж гарч ирснээ мартаагүй байлаа. Дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах их шуналыг нь зөвхөн С.Зоригийн “алуурчин” л биелүүлнэ. Сөрөг хүчинг, түүний лидерүүдийг С.Зоригийн аллагаар дэгээдэж унагах нь ард түмнийг эргүүлэх хамгийн сайн арга. ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын даргаар ахлуулсан баг Францаас Д.Энхбат гэгч танхай, давтан бүлэг хулгай, хууль бусаар хил зөрчсөн зэрэг элдэв янзын хэрэгт орооцолдож байсан этгээдийг “хулгайлж” авчрав. Гэвч тэр бол алуурчин биш гэдгийг хууль хяналтынхан мэдэж байсан биз. М.Энхсайханыг онилсон энэ ажиллагаа тун амжилтгүй өндөрлөсөн талаар тухайн үед хэвлэлүүд бичсээр байлаа. Сонгогчид МАХН-ын амлалтыг харин мартаагүй байв. Тэд МАХН-аас С.Зоригийн “алуурчин”-г нэхсээр 2004 оны сонгуульд ижил суудал оноов.

Харамсалтай нь ЦЕГ-ын дарга Д.Мөрөн “ Миний хэлсэн батлагдсан шүү дээ. Би сонгогдвол энэ хэргийг илрүүлнэ гэж амлаагүй шүү дээ” хэмээн мөрөө хавчаад л өнгөрөв.

2004-2012 оны хүртэл АН, МАН илүүрхсэн суудал авч, төрд дангаар ноёрхол тогтоох боломж ард түмэн өгөөгүй. Учир нь тэд аль аль нь амлалтдаа хүрдэг бил үү гэх асуултаар ээрэгдсэн түмэн хэний талд хэрхэн гар өргөх ухаанаа ч олохгүй эргэлзэх болсон. Энэ хугацаанд харин АН, МАН С.Зоригийн тухай дурсахыг хүссэнгүй. Эсвэл бүүр мартагнав. Учир нь С.Зоригийн сонгуульд ашиглах нь хамгийн оновчтой шийдэл гэх саналыг дэвшүүлсэн хүн нь АН, МАН-аас аль хэдийнэ алсран холдсон байлаа. Харин ч тэрээр өөрөө бусдын сонгуулийн шоуны бай болоод хэцүү нэрт рүү ачуулж үзэв. АН-д 2012 оны сонгуульд ялахад С.Зориг биш МАХН-ын дарга асан Н.Энхбаяр “тус” болов. Учир нь түүнийг “авлигач” гэдгийг “илрүүлж” чадсан нь АН-ын хувьд том ялалт болж чадав. Харин МАН өврөөсөө өөр нам төрүүлээд сонгуульд ялах тухай бодох ч сөхөө олдоогүй биз. Тэгвэл ирэх жилийн сонгуулийн зэвсэг юу вэ. Мартагдаж, архивын буланд шидэгдсэн С.Зоригийн аллага гэх хавтаст хэрэг байв уу.

АН “Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй “ Д.Мөрөнгийн үгийг няцаахыг хүсэв үү. “Бид илрүүлчихлээ” гэх сэжүүрээр нийгэмд уначихсан гэдэг нь ил тод болчихсон нэр хүндээ аврахыг хичээж байна уу. Чухам юуны учир ахин Б.Булгантай орооцолдож эхлэв. Түүнийг баривчилсан шалтгааныг Цагдаагийнхан яагаад тайлбарлахаас татгалзав. Эрдэнэтээс С.Зоригийн алуурчин гэх хоёр этгээдийн барьсан гэдэг үнэн үү гэх зэрэг түмэн таамгийг нийгэмд юуны учир бий болгов.

С.Зоригийн аллагын хэргийг яагаад заавал өнөөдөр сонгууль болоход зургаан сар үлдсэн энэ хугацаанд сөхөх болов. Б.Булганыг магадгүй Д.Энхбат шиг байдалд оруулчихвий гэх хардлага ч байна. Гэхдээ энэ удаад МАН биш АН-ынхан төрийн гурван толгой нь. Тэдний гарт эрх мэдэл бий гэдгийг мартаж болохгүй.

Гэрчтэй, эд мөрийн баримттай гэвч илэрдэггүй хэрэг бол С.Зоригийн аллага. Гэхдээ 20-оод жил улстөрчдийн дээш доош гүйх шат нь хэвээр л байна.

Намбус.мн