Олигархиудын холбогдсон дуулиант хэргүүд юу болов
2013/08/01
Энэ засгийн газрын үед их олон хэрэг илэрлээ. Голдуу сайд, дарга нартай холбоотой. Сайны ёр уу, муугийн ёр уу. Авлига авсан, өгсөн, улсын мөнгө идсэн уусан, тендер будлиантуулж дундаас нь мөнгө завшсан гэх хавтаст хэргүүд хууль хяналтынхны байр саванд багтахаа больж байгаа дуулдах юм. Нэгийг барихад цаана нь нэлээд хэдэн хүн хоморгонд нь өртөх жишээтэй. Монголд орон сууц биш шорон л нэмж барьсан ч болмоор. Олны танил эрхмүүдтэй холбоотой хэргүүд ямар шатандаа яваа юм бол оо.
М.ГАНХҮҮ ГЕНЕРАЛЫН ЭХНЭРИЙГ ӨРШӨӨСӨН Ч, ӨӨРИЙГ НЬ...
ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүг АТГ-т шалгаж эхэлсэн байна. Түүнийг хорих ангиудад шаардлага хангахгүй хяналтын камер нийлүүлсэн хэрэгт буруутгаж байгаа бололтой юм. Харин энэ хэргийн талаархи мэдээллийг Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өгсөн гэнэ. Камерууд шаардлага хангахгүй гэдгийг хип хоп дуучин Баавар хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа “илчилчихсэн”. ШШГЕГ-ын техник хариуцсан ажилтан асан, хурандаа Б.Мөнхбаяр гэгч нь бригадын генерал даргатайгаа нийлж байгаад тэрхүү камеруудыг хорих ангиудад “шахчихсан” бололтой юм. Камерууд нь нийтдээ 100 орчим сая төгрөгийн өртөгтэй гэх. М.Ганхүүг шалгах болсон шалтгааныг Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй холбож эхэллээ. Өмнө нь бригадын генералын эхнэр нөхрөө ажлаас нь халлаа хэмээн сайдыг заналхийлсэн захидал бичиж тэр нь олон нийтэд ил болсон. Сайд тухайн үед эхнэрт нь ууч сэтгэлээр хандсан ч нөхрийг нь “хорхойтой араандаа зуусан” байсан бололтой.
НИТХ-ЫН ДАРГА АСАН Т.БИЛЭГТИЙГ ГАДУУР БАЙЦААЖ БАЙНА
Т.Билэгтийг эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болж, батлан даалтад гаргасан. АНУ-д эмчил-гээ хийлгэж байгаад ирсэн, хагалгаанд орсон, бие нь сайнгүй байгаа тул гадуур байцаахаас өөр аргагүй болсныг олон нийтэд мэдээлсэн.
Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Т.Билэгтийг эрүүл мэндийн шалтгаанаар гадуур байцааж болдог юм байж. Тэгвэл ямрыг нь хорих анги, эмнэлэг хоёрын дунд дамнуурга дээр зөөж байцааж, ял оноодог юм бэ. Долоодугаар сарын 1-ний гэх үймээний хэргийн буруутан гэгдэх цагдаагийн удирдлагуудыг шоронд яс махтай нь хатаасныг олон нийт мэднэ. Т.Билэгтэд ямар учраас ийм эрх дарх, эрх чөлөө олгосон бэ. Т.Билэгтийг Н.Энхбаярын гэр, ажил, худ, аавынд нь нэгжлэг хийсний дараа батлан даалтад гаргасан нь хачирхалтай биш гэж үү.
Ё.ОТГОНБАЯР, О.ЭРДЭНЭСОЛОНГО НАРЫГ БАЙЦААСААР БАЙНА
УИХ-ын гишүүн, Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ билээ. Ё.Отгонбаярын тухайд хэргийг нь АТГ-аас УМБГ руу шилжүүлсэн. Харин эрхэм гишүүн хоолны хордлого авч нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн талаар өмнө нь мэдээлсэн. Үнэхээр хордлого авч эмнэлэгт хэвтсэн үү, тус эмнэлэгт байгаа Н.Энхбаяртай “учир ургуулах”-аар зориуд очсон уу гэдэг эргэлзээтэй гэх. Ё.Отгонбаярыг бусдад авлига өгөхийг завдсан, бусдыг дарамтлуулсан гэдэг үндэслэлээр шалгаж байтал, Багшийн хөгжлийн ордныг улсын төсвийн хөрөнгөөр бариулах явцдаа хууль зөрчиж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан зүйл анги нэмэгдчихээд байгаа. Эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хувьд 20 гаруй нууц дансных нь учрыг олохоор цагдаагийнхан шалгаж байна.
ТАТВАРЫН Ч.ГАНСҮХИЙН ХҮҮГИЙН ХЭРЭГ ПРОКУРОР РУУ ШИЛЖЖЭЭ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг АТГ-ынхан тусгаарлан шалгаж Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлээд байна. АТГ-аас шалгаж тогтоосноор Ч.Гансүхийн бага хүүгийн дансан дахь 16 тэрбум төгрөг гэдэгт нууц амраг нь гэх байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд шилжүүлсэн таван тэрбум, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага, судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансан дахь дөрвөн сая ам.доллар, Ч.Гансүхийн төрсөн эгч, дүүгийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө багтаж байгааг АТГ-ынхан мөрдөн байцаалтаараа тогтоосон байна. Ч.Гансүх, О.Бямбасүрэн, Ч.Энхбат нарын хэргийг прокурор хянаж яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ч.ГАНЗОРИГИЙГ БАРИВЧИЛСАН УУ
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчлан саатуулсан гэх мэдээлэл гарсан. Харин энэ талаар хууль хяналтынхан ам нээхгүй байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгт холбогдуулан баривчилсан бололтой. Энэ хэргийн талаар өмнө нь Хууль зүйн сайд ч ам нээж байсан удаатай юм. Чухам хэний ямар компанид зээл олгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.Энэ мэтчилэн хэргүүд зарим нь шалгагдаж, ихэнх нь замхрах шатандаа оров бололтой. Төрийн банкны экс удирдлагуудын хэрэг, “Анод”, “Зоос” банкны удирд-лагуудын хэрэг, хурандаа Т.Дашдэлэгийн хэрэг зэрэг олон хэрэг шалгагдаж байгаа гэдэг үгийн цаана нуугдсан хэвээр.
ЭМ-ИЙН САЙД АСАН Н.ХҮРЭЛБААТАР ХААЧИВ
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг гадаадаас ирэхэд нь онгоцны буудал дээр жирийн л нэг халаасны хулгайчийг барьж байгаа аятай, сүр дуулиан болголгүй баривчилж, “ганцад” хийсэн. Түүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байгаад сураг алдрав. Н.Хүрэлбаатарыг холбогдуулан шалгаж буй хэргийн талаархи мэдээллийг хуулийнхан олон нийтэд дэлгэхийг төдийлөн төвдөхгүй байгаа нь буруу хүнийг, буруу цагт нь, буруу хэргээр барьж хорьсонтой холбоотой байж магадгүй гэх харыг төрүүлж байна. Юутай ч Н.Хүрэлбаатарын хэрэгтэй холбогдуулан эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагаас тайлбар авсан гэх сураг сонсогдсон ч батлагдаагүй. Асар их мөнгөтэй сейфийг Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс хулгайлсан хулгайч онгойлгож чадалгүй хог дээр хаячихаад “Мөнгөтэй сейфийг чинь онгойлгож чадсангүй тул гэрийн чинь гадаах хогийн цэг дээр хаялаа. Очиж аваарай” гэсэн зурвас үлдээгээд явсан “тэнэг хулгайч”-ийн харгайгаар эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар хууль хяналтынханд шалгагдах болсон. Харин түүний хэрэг ямар шатандаа явааг мэдэх хүн даанч алга аа.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/08/04
ardchilsan nam uursdiigu ***lgaach bold batlan hamga****iin said baihdaa mungu ugaasniig ni ***lgaach