Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс өнөөдөр ажиллагчиддаа зориулан “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хамгаалах хэрэгслийн үзэсгэлэнг ажлын байранд дэлгэн тавьж, хөдөлмөр хамгаалалтай холбоотой санал хүсэлтийг хүлээн авсан байна. Монгол хүний амь нас, эрүүл мэнд орд газраас илүү үнэтэй. Эрүүл саруул ажилтан “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн том шавхагдашгүй баялаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээн ажилладаг уул уурхайн компаниудын бүтээгдэхүүн олон улс, дэлхийн зах зээлд үнэ цэнэтэй байдаг. Уул уурхайд бүртгэгдэж байгаа аюултай тохиолдлуудын шалтгааны 98 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, удирдлагын тогтолцоотой холбоотой гэж олон улсын шинжээчид үзжээ. Аюулгүй, эрүүл таатай ажлын орчинд биед эвтэйхэн, чанартай, өнгөлөг хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж 50-70 хувь дээшилж, компанийн нэр хүнд 59-70 хувь өсдөг. “Эрдэнэт” үйлдвэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны тухай OHSAS-18001 олон улсын стандартыг 2008 оноос хойш хэрэгжүүлж, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн. Тус үйлдвэрийн хамт олны санаачилгаар олон улсын стандартыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран боловсруулж, Монгол улсын MNS OHSAS-180012012 стандарт болгон 2012 онд батлуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, бодлого нь уул уурхайн салбарт жишиг болдог. Энэ бол түүхэн хугацаанд бий болсон “цусаар бичигдсэн” дүрэм юм. “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авснаас хойш өнөөг хүртэл 36 жилийн явцад хөдөлмөр хамгааллын сургалт зааварчилгаа, хамгаалах хэрэгслийн тогтолцоо бүрэлдсэн. Мөн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэхгүй байх эрхийг олгосон “Нэн түрүүнд ХАБ” бодлого, удирдлагын тогтолцоо тус үйлдвэрт хэрэгждэг байна.

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/60-2014-11-21#sthash.Gxsp37Xq.dpuf