Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай хүмүүс, түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлсний, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээдийн аль нэг нь нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба энэ нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болно гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхойлсон байна.

Бодлогын түвшинд дээр дурдсан ахиц дэвшил гарч байгаа боловч бодит байдал дээр гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадахгүй хэвээр байна.

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэгт холбогдсон 623 хүний 134 буюу 21.5 хувь нь дээд, 267 буюу 42.8 хувь нь бүрэн дунд, 152 буюу 24.3 хувь нь бүрэн бус дунд, 48 буюу 7.7 хувь нь бага боловсролтой, харин 22 буюу 3.5 нь боловсролгүй байна50. Үүнээс үзэхэд 401 буюу 64.3 хувь нь дээд болон бүрэн дунд боловсролтой хүмүүс байна. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн болон хувь хүний ухамсар, хүмүүжил, үзэл хандлагатай шууд хамааралтай, нийгмийн бүх давхаргад оршиж байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 1486 гэмт хэрэг51, 1381 захиргааны зөрчил52 бүртгэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн53 нэг цэгийн үйлчилгээний төвөөр 277, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр54 955, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр55 435, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр 56 4334 хүн тус тус үйлчлүүлсний 76 хувь нь эмэгтэйчүүд, 24 хувь нь хүүхэд57 байна.

Тэгвэл энэ тоо өсөхгүйгээр буурах боломжтой. Үүний тулд хүчирхийлэл үйлдэгчийг нь цагдаад мэдээлэх, гэр бүлийнхэн нь хүчирхийлэл үйлдэгчийг нуун дарагдуулахгүйгээр ил гаргаж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, сэтгэл санааг хамгаалах боломжтой болж байгаа юм. Энд нэгэн жишээг дурьдая.

Иргэн П, иргэн О нар гэрлэлтээ бүртгүүлэн 10 гаруй жил хамтран амьдарсан байдаг. Энэ хугацаанд тэд дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд өрхийн тэргүүн П байнга эхнэр О болон хүүхдүүдээ байнга дарамталдг байсан. Үүнийг цагдаагийн байгууллагад өгч байсан хэд хэдэн удаагийн дуудлага баталдаг. Байнгын дарамтыг тэвчээгүйн улмаас 2005 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд 2012 онд П-г иргэн О-д ойртох, уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч хохирогчийг хамгаалах тал дээр Монгол улсын хууль дэндүү том цоорхойтой тул гэрлэлтээ цуцлуулсны дараа ч П нь эхнэр хүүхдүүдээ дарамталж, биед нь гэмтэл учруулж байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж П-д эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг бөгөөд анхан шатны шүүхээс түүнд ял оноосон байдаг.

Хэрвээ хүчирхийлэл үйлдвэл эрхээ хасуулна, хүчирхийллийг нуун дарагдуулбал ахин хүчирхийлэлд өртөнө. Харин хүчирхийллийг харсан, сонссон хэн бүхэн иргэний үүргээ биелүүлэн хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Ингэснээр асуудлыг хурдан шийдэж олон хүнийг аврах боломжтой юм.

Дахин нэг жишээ. Төрсөн эцэг С нь охиноо 2008 онд анх зодож хүчиндсэн бөгөөд үүнээс хойш согтуудаа байнга зодож, хүчээр бэлгийн харьцаанд ордог болсон юм. Хорооны цагдаад хандахад бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэг учраас чамаас юу ч илрэхгүй, тиймээс найз нөхөдгүй болно хэмээн хэлдэг. 2010 оны 12 сараас эхлэн ээжтэй минь хамт хүчинддэг болсон. Үүнээс хойш гэрт цоожилж, хичээлд хүргэж өгч, авдаг бөгөөд байнгын хяналтдаа байлгадаг болсон. Хамгийн сүүлд 2011 оны 03 дугаар сарын 13-нд хүчиндсний улмаас 5 сартай жирэмсэн би доошоо цус алдаж, эмнэлэгт хоёр хоног хэвтэж эмчлүүлсэн. 2011 оны 03 дугаар сарын 31-нд дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж баривчлуулсан. Төрсөн эцэг С өмнө нь ээжийн дүүг хүчиндсэн хэргээр 8 жил хорих ял эдэлж байсан.

Хүчирхийлэлд өртсөн ч хууль хяналтын байгууллага ийнхүү тоомжиргүй хандаж байгаа бол ХЭҮК, Хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагад хандаж, стратегийн өмгөөлөл авч өөрийгөө өмгөөлүүлэх боломжтой байдаг. Ингэснээр өөрийгөө болон өрөөлийг хүчирхийллээс хамгаалах боломжтой.

Мөн цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх болон хүчирхийлэлд өртөгсөдийг хамгаалах дүрэм журам байхгүйтэй холбоотой байж болох юм. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх цагдаагийн байгууллагад өгөхөөс илүү зан үйлийг засаж авахыг хүсдэг. Ийм учраас өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байдаг цагдаагийн байгууллагын чиг үүрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тодорхой заалт оруулах, гэр бүлийн хүчирхийлэл илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох энэ чиглэлээр алба хаагч нарыг сургаж дадлагжуулах, гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголттой болгох нэн шаардлагатай байна.

Олон улсад 80 мянган хүн тутамд нэг хамгаалах байрыг бий болгосноор хямралт нөхцөл, эрсдэлд байгаа хохирогчдын аюулгүй байдлыг хангаж чадна гэж үздэг. Гэтэл манай улсын нийт 3 сая хүн амд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд 2 хамгаалах байртай байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа нийслэлд 1, орон нутагт 4 хамгаалах байр ажиллаж байсан ч санхүүжилтгүйн улмаас орон нутаг дахь байрууд хаагджээ. Улаанбаатар хотын хэмжээнд хохирогчдийг аюул, эрсдэлтэй үед харьяалал харгалзахгүй 72 цаг хүртэл хугацаагаар түр байрлуулах, эмнэлгийн тусламжид түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний 3 төв ажиллаж байна. Энэ төвүүд хоол, хүнсний төсөвгүйн улмаас хохирогчдыг удаан хугацаагаар байрлуулах боломжгүй байдаг. Иймд хамгаалах байрны тоог нэмэгдүүлэх, ялангуяа орон нутагт хамгаалах байр бий болгох, төрөөс санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хүчирхийллийг нуувал дахин давтагддаг. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог. Хүчирхийлэгчийн харгислал эрх чөлөөгөө хасуулснаар дуусдаг. Өөрийгөө, үр хүүхдээ, хайртай дотны хүнээ, хөршөө, хамаатнаа хүчирхийлэлгүй орчинд байлгахыг хүсвэл иргэн та үүргээ биелүүлэн хуулийн байгууллага, хүний эрхийн байгууллагад хандаарай. Эс бөгөөс гэр бүлийн хүчирхийлэл удах тусмаа ужгардаг болохыг хүний эрхийн байгууллагууд мэдэгдсээр байгаа. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө та бидний оролцоо чухал гэдгийг дараа дараагийн цуврал нийтлэлээрээ хүргэх болно.

 

А.Баярмаа