Гацууртын ордтой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулчихаад байгаа билээ. Эдийн засгийн энэ их хямарлаас гарах энгийн бөгөөд хурдан биелэх боломжтой арга гэвэл хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах, уул уурхайг ашиглах гэдгийг толгойтой бүхэн мэддэг, ярьдаг. Харин зөв зохистой хэрэгжүүлэх сэтгэл,зүтгэл дутдаг болохыг ард түмэн харсаар байгаа.

Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэлгүй, хойшлуулснаас болж гар аргаар алт олборлогчид Гацууртад ноён сууж, дураараа аашлан, эцэст нь дөрвөн халуун амь шороонд дарлаа. Алт авч, амьжиргаагаа залгуулах гэсэн, шуналтай бөгөөд ядуу иргэд алтны төлөө өрсөлдөгчийнхөө амь насанд хүрч байна.

Угаас монголчууд алтан дээр суусан гуйлгачид гэдгийг дээрх хэргүүд нотлох шиг боллоо. Улстөржилт хийгээд популизм, утгагүй шашинлаг байдал зэргээс хэдэн жил дамнуулан Гацууртын ордын асуудлыг ч шийдэж чадахгүй л байна.

Гацууртын орд нь “Бороогоулд"-ын ордоос 45 км орчим, “Ноён” уулын бэлд байдаг. Дээд шороон ордыг нь 1992 оноос хойш ашиглаад дуусчихсан. Олборлолт явуулахаар хүлээгдэж буй талбайн 70 хувь нь эвдрэлд орсон аж. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь эвдсэн, шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулчихжээ.

Уг ордын баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. Үүнийг 9-10 жилийн хугацаанд ашиглаж, жилд таван тонн орчим алт олборлох боломжтой.

Үүнийг мэргэжлийнхэн гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолдог. Мөн татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө гэдэг. Гэхдээ төр хэдий хэмжээний хувийг эзэмшихээс дээрх олон тэрбум төгрөгийн тоо өөрчлөгдөх юм байна.

Харамсалтай нь УИХ-ын гишүүд ирэх сонгуульд ялалт байгуулахын төлөө амин хувиа хичээж, хэдэн арван хүнд ч болов таалагдахын төлөө маск өмсөж дүр эсгээд, энэ мэт асуудлыг шийдэж өгөхгүй юм. Уг нь Гацууртын орд хэдэн ядуу нинжа нарын өмч биш, монголын бүх ард түмний өмч учир тэдэнд ашигтайгаар хийх хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүд сонгуульд ялалт байгуулахаас өөрийг бодохгүй байгаа учир улсдаа хэрэгтэй алхамд шийдвэр гаргаж, эдийн засгаа сэргээх хүсэл тэдэнд алга. Гацууртын ордын асуудлыг ахин нэг бодож үзэн, эргэлтэд оруулахгүй бол ашиг харах байтугай нөхөн сэргээлт ч үгүй, баахан хоосон нүхтэй үлдэж мэдэхээр байгаа гэдгийг ухаарах зүхтэй хүн УИХ-д алга. Магадгүй тэд ард түмнийг ядуу байлгахгүй л бол Сонгуульд ялах боломжгүй учир ийнхүү элгээр нь мөлхүүлэхээс өөр аргагүй байгаа юм байлгүй. Хэрэв нинжа нарын хэл ам, эсэргүүцэл тэмцлээс айгаад байгаа бол Гацууртын орд гэдэг нь хүн алахаас ч буцахгүй, улайрсан ядуу нинжа нарын өмч биш гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

 

Н.Ганаа