ҮХЦ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2015/12/22
Хуульзүйн байнгын хорооны энэ өдөр /2015.12.22/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч нэг асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулж, үлдсэн гурван асуудлыг хэлэлцэв. Үүний нэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь хэлэцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах санал гаргасан ч олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, Цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг зохицуулсан байна.
Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулах заалт тусгаж өгчээ. Энэ талаар хууль санаачлагч хэлэхдээ “ҮХЦ-ийн хуралдаан дээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сууж байхад дарга нь “Би ингэж боддог учраас, би ингэж ойлгож байгаа учраас” гэхчлэн хувь хүнийхээ үзэл бодлыг тулган хуулийг тайлбарлаж байсан. Үүнийг нь хэлээд хурлын тэмдэглэлийг авъя гэхээр үзүүлээгүй. Иймд энэ заалтыг оруулж өгсөн” хэмээн тайлбарласан юм.
Хуралдааны үеэр гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “ҮХЦ нь 13-р дүгнэлтээрээ иргэн хүний өмчөө захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг нь хаачихсан. Энэ мэтээр амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж, УИХ дээр дүгнэлтээ уншаад л гарчихдаг. Ойлголцох асуудал байхгүй болчихсон.” хэмээн гомдоллосон бол Ж.Батзандан, О.Баасанхүү нар “Цэцийн гишүүд бусад иргэдийн нэгэн адил 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг байх, шаардлагатай бол таван жилээр сунгах нь зүйтэй” хэмээн саналаа илэрхийлж байлаа.