Ээлжит сонгуулийн жил эхэллээ. Сонгуульд оролцох улс төрийн намууд ч хөдөлгөөнд орж, дор бүрнээ сонгуулийн бэлтгэл ажилдаа оров. Мэдээж, бодлого, мөрийн хөтөлбөр, хийж, хэрэгжүүлсэн ажлаа сонгогчдод хэр сайн тайлбарлаж, сурталчилсан нь олон хүний санал авах магадлал өндөр.

Үүнтэй зэрэгцээд намууд нэгийгээ хэрхэн, яаж муухай харагдуулах вэ гэсэн аянд морддог. Тэгвэл өнгөрсөн сонгуулиар түүхэндээ анх удаа сөрөг хүчний байранд шилжсэн МАН-ынхан өрсөлдөгчийнхөө эсрэг ямар арга тактик хэрэгжүүлэхээ төлөвлөөд тун завгүй явна.

МАН-ын дарга М.Энхболд БНХАУ руу явж, сонгуулийн зардлаа олоод иржээ. Тэрээр олон жилийн хамтын ажиллагаатай хэмээн яригддаг Хятадын Комуннист намаас мөнгө босгосон гэнэ. Энэхүү мөнгөөрөө сонгуулийнхаа PR-ийн ажлыг хийлгэхээр Солонгосоос баг хөлсөлсөн байна. PR-ийн баг нь ирэх сараас эрх баригчдын эсрэг “тусгай ажиллагаа”-гаа эхлүүлэхээр зэхсэн аж.

МАН-ынхан сүүлийн хоёр жилд АН-ын улс, нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг үгүйсгэх, гаргасан шийдвэрүүдийг нь мушгин гуйвуулах, иргэдийг төөрөгдүүлэх ажлыг эрчимтэй хийсэн. Ийм үүрэг гүйцэтгэх бүхэл бүтэн “арми”-ийг цахим орчинд ажиллуулж буй. Төрийн байгууллагуудын зарим албан хаагчийг хүртэл энэхүү үйл ажиллагаандаа татан оролцуулж, байгууллагын дотоод мэдээллүүдийг мушгин гуйвуулж, олон нийтэд цацаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гээчийг ч үзэглээд эхэлсэн гэнэ. Тиймээс үүнээс хойш тэдний хар PR-ийн ажил нь улам хүчтэй өрнөх нь. Тэдний нэг бай нь Э.Бат-Үүл ба түүний баг. Сар шинийн баярын дараа тэдэн руу чиглэсэн хар PR-ийн ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөө нь ч тодорхой болсон аж.

Мэдээж, нийслэлийн хэмжээнд АН-ынхан ямар ажил, бүтээн байгуулалтыг хэрхэн хийсэн нь олон нийтэд ил байгаа. Нийслэл хот маань л гэхэд 3-4 жилийн өмнө ямар байлаа. Одоо ямар болов, юу, яаж өөрчлөгдөв гэдгийг иргэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэн нь юу хийсэн бэ гэдгийг ч тунгаачихсан суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь хүмүүсийн мэддэг, нүдэн дээр нь ил байгаа зүйлийг харлуулах, мушгих гэж оролдох нь ямар үр дагавар авчирдагийг “ах” намынхан мэдэхийн дээдээр мэдэж баймаар. Тэдэнд үүнийг харуулах, сануулах туршлага ч бий юмсан. Нөгөө талаар тэд эрх баригчийн суудалд байхдаа өөрсдөө нийгэмд юу бий болгосноо санахгүй байгаа нь хачирхалтай.


Нийслэлд гэхэд л газрын наймаа, авлига, хээл хахууль, булхай луйвар гэх мэт нийгмийн хамаг л муу муухайг цэцэглүүлсэн. Энэ болгоны баримт, жишээ ч бэлээхэн бий. Гэтэл АН-ынхан тэр болгоныг нь сөхөж, хэрүүл зарга үүсгээд явж буй нь харагддаггүй. Тэр болгоны эсрэг “сум” тавихгүй байгаа нь ч учиртай биз ээ.


Ямартай ч, ирэх сараас Э.Бат-Үүл ба түүний баг руу чиглэсэн МАН-ынхны дайралтууд хүчээ авах нь.

Б.Энх

newscom.mn