mobicommmШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1/31 дугаартай удирдамжийн дагуу “Мобиком корпораци” ХХК-ний урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж, 2016 он хүртэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулж байгаа үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан.

Хяналт шалгалтаар:

1. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2006 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 4 дугаар тогтоол, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Мобиком корпораци” ХХК нь үүрэн холбооны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байдаг.

Гэтэл тухайн 94xx-тэй шинэ дугаарын худалдаа, үйлчилгээ, урамшуулалтай холбогдуулан “Мобиком корпораци” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11/3694 дугаартай албан бичгээр хяналт шалгалтын явцад тайлбар ирүүлэхдээ “урамшуулалд хамрагдаж буй хэрэглэгчийн тухайн дугаар нь 90 хоногийн хүчинтэй байх ба үүнд нэгж дагалдахгүй буюу 0 төгрөгийн данстай байна. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн шинэ дугаар авч буй хэрэглэгчид үзүүлэх урамшуулал бөгөөд хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж цэнэглэлт хийх шаардлагатай тул энэ нь огт үнэгүй үйлчилгээ биш юм” гэсэн тайлбарыг ирүүлсэн. Мөн өөрийн өртгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмж, олон улсын зөвлөх компани PWC компанийн баталгаажуулж өгсөн моделийн дагуу өртгийг хуваарилах буюу FAC (fully allocated cost) аргачлалаар тооцдог, 94xx-тэй дугаарын урамшуулал, үйлчилгээний сүлжээн доторх дараа болон урьдчилсан төлбөрт ярианы нэг минутын өөрийн өртгийг 22 төгрөг, харин бусад сүлжээнд дараа болон урьдчилсан төлбөрт ярианы нэг минутын өөрийн өртгийг 39 төгрөг байхаар тооцсон гэж мэдэгдсэн.

“Мобиком корпораци” ХХК-ийн дээрх тайлбар болон 94xx-тэй шинэ дугаарын худалдаа, үйлчилгээ, урамшууллын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж үзэхэд “хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж, цэнэглэлт хийх шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа хэдий боловч бодит байдалд мөнгө төлж, цэнэглэлт хийлгүйгээр 20 төгрөгөөр дугаар, үйлчилгээ худалдан авч, дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд үнэгүйгээр яриа хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 90 хоногийн хугацаанд дотны нэг хэрэглэгчтэйгээ 1 минут тутамд 0 төгрөгөөс бага зардлаар яриа хийж, мессэж хязгааргүй бичих, бусдаас дуудлага хүлээн авч үйлчлүүлэх зэрэг боломжтой байгаа юм.
Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасныг зөрчсөн байна.

2.“Мобиком корпораци” ХХК нь урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугаар, үйлчилгээг 20 төгрөгөөр худалдаж, дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулах үйлчилгээний хүрээнд интернет, хэвлэмэл танилцуулга, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан байна.
Гэтэл давамгай байдалтай аж ахуйн нэгж бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон нийтэд сурталчилж байгаа нь өрсөлдөөнд харш зар сурталчилгаа болсон байна. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг зөрчжээ.
Дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай

1. “Мобиком корпораци” ХХК-ийн тайлбарт “хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж, цэнэглэлт хийх шаардлагатай” гэж байгаа хэдий боловч бодит байдалд мөнгө төлж, цэнэглэлт хийлгүйгээр 20 төгрөгөөр дугаар худалдан авч, дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд үйлчилгээ авах тохиолдолд үнэгүйгээр яриа хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 90 хоногийн хугацаанд дотны нэг хэрэглэгчтэйгээ минут тутамд 0 төгрөгөөс бага зардлаар яриа хийх боломжтой байгаагаас гадна мессэж хязгааргүй, бусдаас дуудлага хүлээн авч үйлчлүүлэх зэрэг боломжтой байгаа юм. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасныг зөрчсөн байна.

2. “Мобиком корпораци” ХХК-ийн урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж, дотны нэг хүнтэйгээ “Мобиком корпораци” ХХК-ийн 20 жилийн ой хүртэл хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэх, үйлчилгээний 90 хоног дагалдуулах үйлчилгээ, урамшууллын хүрээнд хэвлэмэл танилцуулга тараах, интернет болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах байдлаар давамгай байдалтай аж ахуйн нэгж бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохоор зар сурталчилгаа явуулж байгаа нь өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа болжээ. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг зөрчсөн байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу зөрчлийг арилгахад чиглэсэн дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх. Үүнд:

1. “Мобиком корпораци” ХХК-ийн 94xx дугаарыг 20 төгрөгөөр худалдаалж цэнэглэлт хийхгүй тохиолдолд дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд, улмаар “Мобиком корпораци” ХХК-ийн 20 жилийн ойн баяр хүртэл үнэгүйгээр яриа хийх урамшуулалт үйлчилгээг зогсоож, зөрчлийг арилгах.

2. Бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосон өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгааг таслан зогсоох.

3. “Мобиком корпораци” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээ авсан.

Одоо Мобиком ХХК-ийн зүгээс дээрх үйлдлийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа.