​Архи, спирт зэрэг хатуулаг өндөртэй согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл сүүлийн үед архи үйлдвэрлэгчид далд хэлбэрийн сурталчилгааг их хэмжээгээр явуулах болжээ. Манай улс азийн хөгжиж буй орнууд дундаа зар сурталчилгааны тухай хуулиндаа архи тамхийг хэрхэн сурталчилах тухай зүйлчилж өгснөөрөө “чангахан”-даа орно.

Манай улсын зар сурталчилгааны тухай хуулинд зааснаар 18 хувь хүртэлх этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг орон нутгийн цагаар 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл сурталчилахыг зөвшөөрдөг. Харин сонин сэтгүүлийн хувьд нэг нүүрний талаас илүүгүй хувийг эзэлсэн хэмжээтэйгээр сард нэг удаа сурталчилбал “асуудалгүй” гэж ойлгож болно.

Гэхдээ энэ хууль хэрэгжиж, архи тамхины сурталчилгаа зохих байрандаа байгаа юу гэвэл үгүй. Саяханаас “Жем интернэшнл” ХХК шинэхэн бүтээгдэхүүн болох 18 хувьтай этилийн спирт агуулсан Моду сархадын сурталчилгаа орой телевизээр цацагдах болсон. Зар сурталчилгааны хуулийн 11.6.Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нэвтрүүлж болно хэмээн заасан байдаг. Энэ ч талаараа хуулиа зөрчөөгүй юм шиг харагдах ч уг хуулийн 141.3. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй гэсэн байдаг. Хэдийгээр хууль гэх гуулиндаа тааруулж сурталчилгаа хийж байгаа нь тэр боловч гурван настай хүүхэд ч архины сурталчилгаа гэдгийг ойлгон гашуун биш болохоор уг архийг ууж болно хэмээн ойлгохоор байна.

Түүнчлэн уг зар сурталчилгаанд “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамж бичсэн ч тэр нь хүнд харагдахаасаа харагдахгүй шахуу бүдэг зүйл бичсэн байв. Хамгийн хөгтэй нь энэ хуулийг зөрчсөн тохиолдолд иргэн 10 мянгаас 50 мянган төгрөгөөр торгуулна, аж ахуй нэгжийг 50 мянгаас 250 мянган төгрөгөөр торгон гэснээс өөр хариуцлага тооцох нэг ч зүйл заалт байдаггүй. Ингэснээрээ хуулиа хүүхдийн тоглоом болгож байна. Хамгийн ихдээ 250 мянган төгрөгөөр торгуулаад хөнгөхөөн мултарч байгаа юм.

Түүнчлэн хуулинд цахим хэрэгслээр архи согтууруулах ундааг хэрхэн сурталчилах талаар ямар нэгэн заалт байхгүй учраас “Жем интернэшнл” ХХК уг сурталчилгааг 24 цагийн турш ямар ч насны хүн үзэхээр тавьж байгаа нь харамсалтай юм.

Т.Буянаа