Өнгөрсөн онд гарсан гэмт хэргийн 60 гаруй хувийг залилангийн гэмт хэрэг эзэлж байгаа тооцоо гарчээ.

Тодруулбал манай улсын иргэн Ж-нь иргэд, албан байгууллагаас нийт 300 гаруй сая төгрөг залилан мэхэлж авсан нь баримтаар тогтоогдсон байна. Тиймээс түүнд холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд орон даяар эрэн сурвалжилж байгаа ажээ.

Сэжигтэн Ж нь өөрийгөө “Монгол улсын хөрөнгийн биржид Үнэт цаасны брокер хийдэг” хэмээн худал хэлж, өөрийн хамаатан болон бусад иргэд албан байгууллагаас удаа дараагийн үйлдлээр 300 гаруй сая төгрөгийг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан аж.

Гэтэл гэмт этгээдийг цагдаагийн байгууллага олж чадахгүй байгаад хохирогчид гомдолтой байгаа юм байна. Өөрөөр хэлбэл долоон хүний нийлсэн 300 гаруй сая төгрөгийг иргэн Ж залилан авчээ. Хамгийн дээд тал нь гэхэд л нэг хүнээс 120 сая төгрөг авсан байгаа юм байна. Хохирогчид хэлэхдээ тэрбээр “Өнгөрсөн 2015 оны гуравдугаар сараас зургаан сарын хооронд үйлдсэн бөгөөд хэргийг цагдаа нар есөн сараас шалгаж эхэлсэн. Хил гарах гэж байгаад цагдаад баригдсан ч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэгтэнг алдсан. Одоо болтол олохгүй байна” гэжээ.

Н.Ганаа