Зөрчлийн оноо тооцоод эхэллээ. Сайн байна. Бид олон улсын ашигтай давуу талын тун чиг гайхалтайгаар хэвшүүлж, хэрэгжүүлж байна.

 

 

 

Ингээд 10 оноогоо хасуулчихгүйн тулд жолооч нар ихэд мэрийлтэй замын хөдөлгөөнд оролцоод эхэлж. Ер нь оноо хасна гэсэн мэдээлэл жолооч нарт их л хүнд тусч, айдас өгчээ. Тиймээс л 10 онооноосоо хасуулчихгүйг хичээж, хааз, тоормозоо гишгихдээ хүртэл айдаг болчихож. Зарим жолооч их айснаасаа болоод бүр ч илүү алдаа гаргаж, оноогоо хасуулсаар байна.

 

 

Гэтэл энд нэг "айхтар зүйл” ажиглагдав. Тэр айхтар зүйл нь юу вэ гэвэл, жолооч нар маань оноогоо хасуулаад зогсохгүй бас давхар торгууль төлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл та алдаа, зөрчил гаргасан л бол зам дээр хоёр удаа шийтгүүлээд байна гэсэн үг.

 

 

Жишээ нь таны эхнэр төрөх гээд эсвэл хэн нэгний тань бие гэнэт өвдөөд зөвшөөрөгдсөн хурдаас /60 км/цаг/ хэтрүүлчихэж. Тэгсэн цагдаа таныг зогсоогоод тайлбар тавьсан үл анхаарч,"Та хурд хэтрүүллээ. Торгууль бичнэ ээ” гээд л бичил хар машинаа гаргаж ирээд л 19200 төгрөгийн торгууль бичиж орхино. Мөн дээр нь таны хайрлаж харамлаж явдаг 10 онооноос 2-ыг нь суга татаж аваад л хасчихна шүү дээ. За тэгээд камерт өртчихсөн бол гэрийн тань хаягаар бас торгуулийн хуудас ирж магадгүй. Ингээд л нэг хэргээр хоёроос гурван удаа шийтгүүлчихэж байгаа нь тэр.

 

 

Өөр нэг жишээ. Та ажилдаа нэлээд дарагдаж, оройхон тараад харьж явж. Компьютер удаан ширтсэнээс болоод нүд тань улайж аргаад хэрэг алга. Тэгсэн замын цагдаа зогсоож байна. Яасан гэсэн чинь "Та ядарсан үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцлоо. Таныг 48000 төгрөгөөр торгож байна” гэх нь. Мөн таны 10 онооноос 1-ийг нь хасч орхино. За ингээд л ажил оройтож тарсан та стрэсс нерви ихтэйгээр гэртээ харих нь тэр дээ.

 

 

Ер нь манайхаас өөр оронд нэг үйлдэлд хоёроос гурван удаагийн шийтгэл ноогдуулдаг систем байдаг бол уу. Байдаг бол жолооч нартаа дарамт үзүүлдэггүй шийдвэрлэчихдэг арга технологоос нь мэдчих юмсан. Тэгэхгүй бол автомашинтай л бол хөдлөх аргагүй дарамтлуулах шинжтэй болчихжээ.

 

 

Шар хүү