Дуулсан дуу бүр нь хит болж, түмэн олны зүрх сэтгэлд хоногшдог МУГЖ С.Жавхлан ахынхаа шийрийг хатааж яваа бөгөөд урлагт өөрийгөө брэнд болгож чадсан дуучин Ноён Бондгор сүүлийн үед уран бүтээл хийлгүй алга болоод байсан билээ. Тиймдээ ч түүний дууг сонсох дуртай фенүүд нь “дуу гаргахгүй яасан бэ” хэмээн шүүмжилцгээж байгаа гэнэ. Тэгвэл “Ноён Бондгор”-ын дуулсан “Миний найз” дуу Өвөрмонголын өөртөө засах орны толгой сайт болох “Egshig” сайтын хамгийн өндөр хандалттай дуугаар шалгарч, том амжилт гаргажээ. Мөн Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийн дуулсан “Би монгол хүн” хэмээх бүх монголын хит дууг Ноён Бондгор дуулсан нь Өвөрмонголд хит болж байгаа сайхан мэдээ байна. Тэр ч бүү хэл Хятад, Монголын найрамдалын 45 жилийн ойн баярын үеэр түүнд Хятадын засгийн газраас хүндэт жуух, цом өргөмжлөл мөнгөн шагнал гардуулсан аж. Хятадын том зах зээлд өнөө үеийн залуу дуучид гарах боломжийг тэрбээр ийнхүү нээсэн байж болох юм. Ямартай ч эх орныхоо сонсогч фенүүдийг багагүй чилээсэн дуучин маань хөгжмийн зохиолч Пүрэвсүрэнтэй хамтран “Ээжийгээ зүүдэллээ” хэмээх уран бүтээл гаргажээ. Түүний дуулсан энэхүү дуу олонд хүрсэн эхний 10 хоногт 150 мянган хүн сонссон бөгөөд фм, радиогоор ч хит болж байна. Ноён Бондгор нэрээ олон сайхан хит бүтээлтэйгээ брэнд болгож чадсан эрхэм дуучны маань валентинаар барих дараагийн бэлэг УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран дуулсан дуу ажээ. Тэд хайрын баярт зориулан ийнхүү хайрын дуу дуулж олонд хүргэхээр бэлдэж байгаа юм байна. Одоо харин олон түмэн хайртай дуучныхаа тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай.

Н.Чимэг