ЗӨРЧИЛ

-Энэ Засгийн газар ер нь ажиллаж чадаж байна уу?

-Ёстой үгүй. Юу ч хийхгүй байна шүү дээ.

-Харин ч сайн ажиллаж байгаан биш үү...

-Чамд Монголын төрийн дууллыг өөрчлөх хэрэгтэй гэж бодогддог уу?

-Үгүй ээ. Надад таалагд­даг.

-Надад харин таалагд­дагүй ээ....

Энэ бол хүмүүсийн үнэлэмж. Хүн бүр дор бүрнээ аливаа асуудлаар өөр өөрийн дүгнэлтийг хийдэг. Гэхдээ тэр нь нэг утга санаан дээр эцэслэн нэгтгэгдэх нь тун ховор. Гол нь тэглээ гээд үүнийг өөрчлөх, захиргаадах ямар ч боломжгүй. Үүнийг ардчилал гэдэг. Өөрөөр тодорхойлсон нь өнөөдөртөө үгүй. Түүнчлэн олонх нь буюу “51+X” хувь нь “Засгийн газар сайн ажиллаж байна” гэж үзвэл засгийг буруутгахад хэцүү. Засаг ч заавал цөөнхийн хүсэлд нийцүүлэх гэж, тэдний сэтгэл ханамжийн баталгааг олох гэж өөрсдийгөө зовоох шаардлагагүй. Санал асуулга явуулаад олонх нь “Төрийн дууллыг өөрчлөх цаг болсон” гэж үзвэл өөрчлөхөөс өөр аргагүй болно. Яагаад гэхээр олонх “Өөрчил” гэж шийдсэн учраас тэр. Ерөнхийдөө энэ бүхэн ардчилсан нийгмийн мөн чанар. Бараг л үзэл бодлын зөрчил байх тусмаа “гоё”.

 

ОЛОНХИ

 

-Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Иргэн таны оролцоо төр шударгаар ажиллахад хамгийн том хувь нэмэртэй шүү.

-Би саналаа өгөхгүй ээ. Надад хэн сонгогдсон нь хамаагүй.

 -Би лав саналаа өгнө. Сонгуульд саналаа өгөөгүй байж төрөө муулаад байгаа хүмүүсийг би лав ойлгодоггүй юм...

Монголд төрийн түшээдээ сонгох албан ёсны гурван сонгууль болдог. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгууль. Энэ гурван сонгуулийн аль аль нь олонхийн санал дээр тулгуурлаж үр дүн нь гардаг. Тухайн нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө олон санал авсан бол өөрийгөө автоматаар УИХ-ын гишүүн болсон хэмээн оргилуун дарс буудуулж болно. Гэхдээ нийт сонгогчдын 51-ээс дээш хувь нь саналаа өгсөн бол УИХ-ын сонгуулийн дүн хүчинтэй гэсэн  үг. Энд үлдсэн 49 хувь нь саналаа өгөөгүй гэдэг нь ямар ч хамаагүй. Тэд санал өгөхийг хүсээгүй бол хүсээгүй л гэсэн үг. Тэднийг албадаж сонгуулийн санал авах өрөөнд оруулж, гарт нь цаас бариулан дугуйлуулах боломжгүй. Энд зөвхөн “51+X”” гэсэн хүч үйлчилнэ. Ардчилсан нийгмийн мөн чанар нь өөрөө олонх учраас арга ч үгүй.

 

ХУВААРИЛАЛТ

 

-Хамтарч компани байгуулах хүн байна уу. Надад санаа нь байгаа хэрнээ мөнгө нь байхгүй байна аа?

-Би нийт санхүүжилтийг нь гаргаад 51 хувийг нь эзэмшмээр байна.

-Би тэгээд ердөө 49 хувийг нь эзэмших юм уу...

Хүн бүр шинийг санаачлагч байж чаддаггүй. Чадлаа гэхэд тэр бүхнийгээ бодит байдал дээр хийж, хэрэгжүүлж түүндээ эзэн суух нь ховор. Тийм ч учраас бусдаас санхүүгийн дэмжлэг хүсдэг. Энэ бол бизнесийн л хууль. Хэн санаачилсан бэ гэдгээс илүүтэй хэн нь хэрэгжүүлж чадав гэдэг нь чухал. Тийм ч учраас мөнгөгүй санаачлагын эзэмших хувь мөнгөтэй хамтрагчийн эзэмших хувиас бага байх нь бий. Үүнд бас л “51+X” гэсэн хуваарилалтын зарчим үйлчилнэ.

 

ҮР ДҮН

 

-Н.Алтанхуягийн Засгийн газ­рыг огцруулах цаг нь болсон юм биш үү. Тийм ээ?

-Дэмий байх аа. Ардчилсан нам засаг барьж тоглодог гэдэг нэрээ батлах гэж байгаа биш. Тэгээд найман хувийн зээл, санал гомдлын “11-11” төв, хүүхдийн 20  мянга гээд олны талархал хүлээсэн ажлууд хийгээд л байна шүү дээ.

-Хамаагүй ээ. Огцруулах цаг нь болсон.

Үр дүн нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах уу, үгүй юу гэдэг хоёр шийдвэрийн нэгээр л гарна. Цөөнхийн эрх ашгийг энд дурьдах ч хэрэггүй. Ардчилсан намын лидерүүд дотроосоо “Огцруулна” гэж шийдсэн бол огцруулах л асуудал. “Хэрэггүй” гэж ярилцвал Н.Алтанхуягийн Засгийн газар урт удаан хугацаанд ажиллана гэсэн үг. Гол нь энд нөгөө л “51+X”-ийн зарчим. Санал зөрөлдөөн, олонхийн эрх ашиг, хуваарилтын зарчим, үр дүн бүхэлдээ “51+X” гэх хуульд ч захирагдана. Бид ийм шударга хэрнээ хэтэрхий хатуу нийгэмд амьдардаг. Цөөнхийн хүсэл олонхийн шийдвэрээр хязгааралагддаг тийм нийгэм. Засгийн газрыг огцруулах, эс огцруулах тухай асуудал ч адилхан. Гэр бүлийн гишүүдийн олонх нь бантан идэхийг хүссэн бол бантан хийж, хуушуур идэхийг хүссэн бол хуушуур хийх тийм л зарчим. Үүнийг өөрөөр ойлгох гээд, асуудлыг хөндрүүлэх гээд байх шаардлагагүй. Бүх зүйл “51+X”...

 

Г.Отгонжаргал