ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татлаа
2016/02/19
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2016.02.19.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы сүүлчээр хэлэлцэж эхэлсэн ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг гурав хоногийн нэмэлт завсарлага авсан тул эцэслэн шийдвэрлэж амжаагүйгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 14/214 дугаартай “Үндсэн хуулийн цэцийн гишүүний талаарх” албан бичигтэй танилцлаа.
Түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагаас Монгол Улсын Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгааг дурджээ.
Уг асуудлаар Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад Улсын Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гарын үсэг бүхий албан бичгийг Улсын Их Хуралд илгээснийг танилцуулав.
Харин уг асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Тус байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар Улсын дээд шүүх хуульд заасны дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, саналаа ирүүлсэн эсэхийг судлах, Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль зөрчсөн асуудлыг Хууль зүйн, эсхүл Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоох нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчиж, маргаан үүсгэн шалгах ёстой Цэцийн гишүүний эрхэд халдан Улсын Их Хурлын даргад өөрийн нэрийн өмнөөс албан бичиг ирүүлсэн нь Ж.Амарсанааг хууль зөрчсөнийг нотолж байна, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ Улсын Их Хурлаас баталсан хуулийг холбогдох хуульд заасан журмын дагуу албан ёсоор албажуулж, хэвлэн нийтлээгүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж тухайн хуулийг хэрэглэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдэж байгаа нь ёс суртахуунгүй, хууль зөрчсөн үйлдэл, мөн Улсын Их Хуралд Цэцийн гишүүнийг эгүүлэн татах бүрэн эрх хадгалагдаж байгаа тул Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль зөрчсөн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус гаргасан байна.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг дэмжсэн байна.
Улсын дээд шүүхийн санал, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хариулт өгсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн тул уг тогтоолыг батлагдсанд тооцохоор болов. Уг тогтоол батлагдсанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахаар болж байгаа юм.