“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн холбоо” ТББ-ын удирдлага болон хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нар “Сентерра гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгосон, түүнийг цуцлах үндэслэлтэй хэмээн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 75 тонн алтны нөөцтэй Ноён уулыг аврахын тулд “Сентерра Гоулд” компанийн эсрэг хамтран тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

 

 

УИХ-ЫН ДАРГА БИДНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ

 

“Ноён уулаа аваръя” хө- дөлгөөнийтэргүүнО.ЦЭРЭН- НАДМИД:

-Тэмцлийн бүх хэлбэрийг сонгож тэмцээд нэг жил боллоо. Монгол Улс ардчилсан орон байж иргэнээ сонсдоггүй. Мөн дарангуйллын төр тогтож, улс төрийн хэлмэгдүүлэлт яваад байгаад эмзэглэж байна. Иргэнээ сонсдоггүй, дүлий төрд хандаад нэмэргүй юм байна. Тиймээс “Сентерра гоулд” компанийг Захиргааны хэргийн шүүхэд өглөө. Тус компани ашиглалтын болон хайгуулын гэсэн дөрвөн лиценз эзэмшдэг. Одоогоор хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэн байхад Ноён уулын 34 хувийг баталъя, 11 га газраа тусгай хамгаалалтад авъя гэж байгаа нь УИХ-ын эмгэнэл. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгсөн өргөдлийнхөө хариуг шаардаж байна. Мөн З.Энхболдыг албан ёсоор шүүхэд өгч байна. Яагаад гэвэл 2015 оны нэгдүгээрсарын 30-ныөдөр “De facto” нэвтрүүлэгт оролцохдоо өлсгөлөн зарласан биднийг “Булш ухагч, нинжа нар асар өндөр ашиг сонирхолтой” гэж ярьсан. Тухайн үед төрөө дээдлээд гомдол гаргаагүй. Гэтэл аравдугаар сард Дархан хотод болсон “Монгол хүн 2020” чуулганы үеэр бас л биднийг доромжилсон. УИХ-ын дарга эрх мэдэл, албан тушаалдаа дулдуйдаж санаатайгаар бидний нэр хүндэд халдсан тул иргэнийхээ хувьд албан ёсоор уучлалт гуйх ёстой. Мөн буруутай шийдвэр гаргасан сумын Иргэдийн хурлын дарга Эрдэнэхүү, олон удаа ашиг сонирхлын зөрчил гаргасан Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа нарыг АТГ-т өгч байна. Монгол Улс тусгаар тогтносон улс учир хууль дүрэмтэй. Хэн ч хуулиндаа захирагдаж амьдардаг. Тиймээс бид хуулийн хүрээнд л асуудлыг шийднэ.

 

НОЁН УУЛАА АВАРЧ ҮЛДЭХ ТЭМЦЭЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА

 

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.МӨНХБАЯР:

-Ноён уулын байдал ямар байгаа, яаж уруудан доройтож байгааг би мэднэ. Байгаль орчинд учруулсан хохирол өдөр бүр нэмэгдэж байна. Байгаль орчны хохирлыг үнэлүүлэхэд 10 тэрбум орчим төгрөг гарсан. Мөнгө ярихдаа гол биш. Мөнгө л олж байвал өвөг дээдсийнхээ булш бунхныг ухаж, цэвэр усны эх ундаргыг бохирдуулах нь хамаагүй гэж бодож байгаа бол хамаа алга. Гэхдээ монголчууд бүгд тэгж бодохгүй байгаад л учир байна. Төр Гацууртын ордыг “Сентерра гоулд”-д ашиглуулах болсноо нинжа нартай холбон тайлбарладаг башир аргатай. Ард иргэдээ нинжа гэж нэрлэж тэднийг доромжилж болохгүй. Үндсэн хуулийн 17.2-т зааснаар Монгол Улсын иргэн бүр байгалиа хамгаалах үүрэгтэй, 16 дугаар зүйлд бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Бид энэ үүргээ л биелүүлж байна. Ноён уулын ай савын усанд хүнцлийн агууламж байх ёстой хэмжээнээс 6000, хөрсөнд нь 8000 дахин их байна. Бид Ноён уулаа аварч үлдэхийн төлөө тэмцэх болно. Энэ тэмцэл дөнгөж л эхэлж байна.