Ер бусын бүтээлийн ертөнцаар сонин юу байна
2016/02/25
Орчин үед хүмүүсийн тав тухтай байдлыг хангахын тулд тусгайлан бүтээсэн олон тооны янз бүрийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл амьдралд нэвтэрч байгаа билээ. Хүний ухаанаар бүтээгдсэн олон тооны цоо шинэ бүтээлүүд мэндэлж байгаад гайхах зүйлгүй билээ. Эдгээр бүтээлүүд хүний сонирхлыг ихээр татдаг боловч цаг хугацаа өнгөрөх тусам амьдралын салшгүй хэсэг болдог байна. Ингээд та бүхэнд орчин үеийн сонирхолтой бүтээлүүдээс толилуулж байна.
Эрчүүдэд зориулсан сандал
Ихэнх эрчүүд гэр орондоо нүцгэн байх дуртай гэж ярьдаг. Энэ яриа хэр үнэн болохыг мэдэхгүй. Тавилга зохион бүтээгчид сайтар тунгаан бодсоны эцэст эрчүүдийн биеийн онцлогт тохирсон мөн энгийн сандалтай харьцуулбал илүү тав тухтай сандал зохион бүтээжээ. Харамсалтай нь одоохондоо энэ сандал нь загвар төдий байдлаар л байгаа юм. Харин зохион бүтээгчид эрчүүдэд зориулсан энэ сандлыг олноор нь үйлдвэрлэх болно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ. Амьдрал дээр хэр тохиромжтой байхыг хэлж мэдэхгүй ч загвараас нь харахад энэ сандал эрэлт хэрэгцээтэй байх болов уу.
Амьтан тэжээдэг автомат тэвш
Муур эсвэл нохой тэжээдэг хүмүүс хаа нэг тийшээ хэд хоногоор явах хэрэг гарвал амьтнаа авч явж чадахгүйд хүрдэг. Энэ тохиолдолд хэд хэдэн гарц байж болох юм. Жишээлбэл: төрөл садан эсвэл найз нөхдөөсөө хайртай амьтнаа тэжээж байхыг гуйх; амьтанд зориулсан тусгай газарт түр хугацаагаар аваачиж өгөх /гэхдээ энэ нь тийм ч амархан зүйл биш/; автомат тэвш хэрэглэх гэх мэт.
Тавган дээр суурилуулсан тусгай цагаар тэжээлийн хэмжээ ба хооллох хугацааг тааруулж болно. Цаашилбал тэвш нь өгч буй хоолыг хэрхэн идэж буйг хянаж болохуйц тусгай системтэй юм. Хэрвээ танай нохой эсвэл муур эхний хоолыг идээгүй бол дараагийн хоол ирэхгүй гэсэн үг.
Энэхүү бүтээл нь харьцангуй хямд ердөө 1000 рублийн үнэтэй бөгөөд ялангуяа мууртай хүмүүст илүү тохиромжтой юм. Нохойтой хүмүүст бол тэжээлээс гадна түүнийг салхилуулах гэдэг нэг том асуудал байдаг. Магадгүй ирээдүйд нохойгоо автомат төхөөрөмжийн тусламжтай салхилуулдаг болох ч юм бил үү?! Тэгвэл ч сайхан л хэрэг.
Унадаг дугуй
Тиймээ, орчин үед иймэрхүү бүтээлүүд үнэхээр чухал юм. Бидний мэдэх ердийн унадаг дугуйнаас ялгаатай нь зөвхөн газраар бус мөн усаар, цаашилбал усан доогуур явж болдог юм байна. Уг дугуй нь гаднах байдлаараа жижиг шумбагч онгоцтой төсөөтэй харагддаг гэнэ. Шумбагч онгоцноос ялгаатай нь гэвэл энэ дугуй моторгүй бөгөөд хөдөлгөөнийг педалийн тусламжтай хийдэг байна. Тус дугуй нь 30 метрийн гүн хүртэл шумбах чадалтай, хурд авдаг бөгөөд энэхүү гайхамшигт бүтээлийн өртөг нь зарим автомашинтай ойролцоо гэдгийг тэмдэглэх нь зүйтэй .
Шоколадан шүршигч
Харвардийн их сургуулийн профессор Дэвид Эдвардс энэ бүтээлийн зохиогч нь юм. Ам руу шүршигчийг хэрэглэхэд амны хөндий шоколадны нимгэн бүрхүүлээр бүрхэгдэн маш тааламжтай мэдрэмж төрүүлдэг хэдий ч энэ нь ердийн үед иддэг хэмжээнээс хамаагүй бага байдаг учраас илүү калори авчих вий гэж айлтгүй. Зохион бүтээгчийн бодлоор бол шоколаданд дуртай хүмүүсийн хувьд жинхэнэ аврал болж болох юм. Энэ аэрозолийг 8-10 удаа хэрэглэх боломжтой ба гадна байдлаараа уруулын будагтай төсөөтэй харагддаг байна. Энэ бүтээл нь ойрлцоогоор 3 фунт стрелингийн үнэтэй байх юм байна.
Орчуулагч бээлий
Бээлий – орчуулагчийг хэлгүй хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхийн тулд зохион бүтээжээ. Тийм хүмүүс дэлгүүрт худалдагчтай эсвэл найз нөхөдтэйгээ, хамт ажилладаг хүмүүстэйгээ, заримдаа гудамжинд хэн нэгэн хүнтэй хэл амаа ололцоход хүндрэлтэй үе тохиолддог. Учир нь хэлгүй хүмүүсийн хэлийг ойлгодог хүн ховорхон байдагт л учир байгаа юм. Хэл ба сонсголын бэрхшээлтэй нэгэн эмэгтэй кофе захиалах гэж хэрхэн будилж байгааг ажиглаж байсан оюутан хэлгүй хүмүүсийн дохионы хэлийг ямар ч хүн ойлгож болох хэл рүү хөрвүүлж болох юм гэсэн санаа төржээ. Нилээд их хөдөлмөрлөсний үр дүнд энэхүү бүтээл хийгджээ.
Зугтдаг сэрүүлэгтэй цаг
Энгийн сэрүүлэгтэй цаганд нэг дутагдалтай тал байдаг. Сэрүүлэг дуугарангуут л гараа сунгах төдий зогсоочихоод цааш нь үргэлжлүүлэн унтаж болно. Олонхи хүмүүс энэхүү үйлдлийг хийдэг бөгөөд ажлаасаа хоцорсон хирнээ яаж сэрүүлгээ зогсоосноо ч санадаггүй байна. Иймэрхүү дутагдлыг дахин давтуулахгүйн тулд тусгай сэрүүлэгтэй цагийг зохион бүтээжээ. Энэ бүтээл нь эзнийгээ сэрээх үед дуугараад зогсохгүй өрөөн дотуур ”явж” эхэлдэг байна. Одоо та түүнийг гараа нэг хөдөлгөөд зогсоох боломжгүй боллоо гэсэн үг. Та түүнийг зогсоохын тулд хөөж гүйцэн товчлуурыг дарах гэсээр байтал таны нойр аль хэдийн сэргэсэн байх болно. Ийм гайхалтай туслагчтай байхад та ажлаасаа хожигдохгүй нь лавтай.
Орчуулсан Б.Осоржав /ШУТИС. Гадаад хэлний багш/
Зочин · 2016/02/25
okay