Оны босгон дээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх л үлдээд байгаа билээ. Энэ жилийн Сонгууль ирэх зургадугаар сарын 29-ны лхагва гаригт болох юм. Ингээд уг хуулийн цаг хугацааны зарим тайлбарыг хүргэж байна. Сонгууль болоход 121 хоног үлдээд байгаа юм.

 

2016.01.01-2016.06.29-ны дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй

Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна. /Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2/

2016.4.25-аас өмнө Сонгууль товлон зарлах

Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана. /Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1/

2016.2.1-нөөс өмнө Тойргийн нутаг дэвсгэр, мандатын тоог тогтооно

Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно. /Хуулийн 22 дугаар зүйлийн 22.5/

2016.3.1-нээс өмнө Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана

Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. /Хуулийн 23 дугаар зүйлийн 1/

2016.4.21-нээс өмнө Сонгуулийн хорооны дарга болон бусад хүнийг томилно

Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. /Хуулийн 31 дүгээр зүйлийн 4/

2016.5.16-нээс өмнө Гадаад улсад байгаа иргэдийн санал авах төв комиссыг томилно

Сонгуулийн төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, дэд дарга, сонгууль зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. / Хуулийн 36 дугаар зүйлийн 3/

2016.3.1-нээс өмнө Нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно

Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно. /Хуулийн 41 дүгээр зүйлийн 1/

2016.3.1-нээс өмнө Нам, эвсэл сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно

Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно. /Хуулийн 41 дүгээр зүйлийн 2/

2016.6.29-нөөс хойш Нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөх

Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. /Хуулийн 57 дугаар зүйлийн 3/

2016.3.1-нээс эхлэн Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна. /Хуулийн 61 дүгээр хэсгийн 6/

2016.6.6-наас өмнө Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. /Хуулийн 61 дүгээр зүйлийн 12/

2016.6.9-нөөс өмнө Нэрийн жагсаалтаа шалгах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. /Хуулийн 61 дүгээр зүйлийн 15/

2016.5.8-2016.5.27-ны дотор Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ./Хуулийн 62 дугаар зүйлийн 1/

2016.6.16-наас өмнө Сонгогчийн шилжилтийг зогсооно

Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно. /Хуулийн 65 дугаар зүйлийн 6/

2016.6.11-2016.6.28 хүртэл Сонгуулийн сурталчилгааг явуулна

Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. /Хуулийн 68 дугаар зүйлийн 1/

2016.6.29-ний 07.00-22.00 цаг: Санал авах өдөр

УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр...байна. /Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2/

Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

/Хуулийн 87 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг/

2016.4.30-аас өмнө: Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Нам, эвсэл нь....УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

/Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1/

 

2016.5.05-2016.5.11 УИХ-ын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. /Хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг/

Т.Буянаа