Саяхан нэг танил маань хэлж байна. “Та нар бичээч” гэж. “Юуг” гэтэл “Энэ Саппорогоос III, IV хороолол өгсөх замын гол зурвасыг өнгөрсөн жил учиргүй зүлэгжүүлээд л сүйд болоод байсан.

Одоо яасныг нь хар даа. Дээр нь шугам засах нэрийдлээр баахан шороо овоолчихсон. Ирэх жил үүнийгээ дахиад зүлэгжүүлнэ, цэцэгжүүлнэ гээд мөнгө зарна даа. Үүнийг бичээч” гэв. Хариуд нь “Уг нь бичээд л байдаг юм шүү дээ” гэхэд “Дахиад бич л дээ. Ер нь манайх шиг улс гэж ер нь байдаг юм болов уу” гэлээ. Энэ мэтээр бидний яриа удаан үргэлжлэв. Их олон сэдвээр. Тухайлбал:

-Энэ замын хайс байна аа даа.

-Тийм ээ.

-Байс хийгээд л солих юм. Арай хийж шинээр хийснээ буцаагаад л авчих юм. Тэгснээ дахиад л шинийг хийнэ. Тэр нь таалагддаггүй юм уу, гэрт нь мөнгөний хэрэгцээ гардаг юм уу бүү мэд. Дахиад л нураачихна.

-Тэр ч нээрээ тэгээд байдаг шүү?

-Явган хүний зам байна. Худалч хүнд хоёр жилд дөрвөн удаа сольдог байх аа. Шинээр хийгээд, түүнийгээ дахиж солиод л.

-Одоо харин арай гайгүй болоо юу даа.

-Яаж ч бодсон зам тавьсныхаа дараа шугамаа тавьдаг улс гэж ер нь байх уу. Энэ жил шинэ зам тавьчихаад дараа жил нь шугам солих нэрийдлээр ховхлоод шидчихнэ. Түүнийг нь дараа жил нь дахиад засна. Бодоод байхад “Би энэ жил хэдэн төгрөг халааслаадахъя. Чи дараа жил халааслаарай” гэж ярилцаж тохиролцож байгаад л иймэрхүү хөгийн ажил хийдэг байх.

-Магадгүй ээ. Ер нь бол төр чинь юм болгоныг санаачилдаг хэрнээ юм бүхнийг бүтээдэггүй юм биш үү?

-Ёстой үнэн. Одоо тэр найман хувийн зээл гэдгийг хараарай. Засгийн газраас дориун аятайхан бодлого гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн чинь төр нь өөрөө бүх зүйл дээр нь гацаачихсан гээд л тэрбээр ярьж гарав.

Учрыг нь сонсч, энд сийрүүлэх нь ээ бас үнэний ортой үг олныг хэлжээ. Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан найман хувийн зээлийг боломжийн хэмжээнд олгож, ипотекийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө бас ч гэж ажиллаагүй биш ажиллаад байгаа гэнэ. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтад орсон болон шинээр баригдаж байгаа 98 барилгыг төвийн дулаанд холбохгүй гэсэн шийдвэрийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас гаргачихаж. Ингэснээр уг барилгад найман хувийн зээл авч орсон иргэд сандралд орж таараа. Үүгээр ч зогсохгүй нийслэлийн хэмжээнд 98 барилга дулааны ямар ч найдваргүй болчихоор бусад барилгынх нь үнэ нь өсч, болзол нь хатуурч, эргээд Засгийн газраас зарласан хөтөлбөр бэрхшээлтэй тулгарах нь энэ. Энэ бол нэг л жишээ. Санаачлаад л, нураагаад л, санаачлаад л түүнийгээ шалтай тэгшлээд л... Хэрвээ тэр хүний бүх бухимдлыг бичвэл зай талбай хүрэхгүй. Иймд товчлон хүргэхэд нэг ийм. Эцсийн дүндээ энэ бол бүх хүний л бодол. Сэтгүүлчид ч бичдэггүй биш бичдэг сэдэв. Хардаггүй биш хардаг л өнцөг. Хамгийн гол нь төрийн түшмэдүүд өөрсдөө юм бүхнийг санаачилдаг хэрнээ юм бүхнийг бүтээдэггүй төртэй байхыг хүсээд байна. Түүнийг нь хязгаарлах эрх энгийн иргэн бидэнд байхгүй нь юутай гачлан, юутай эмгэнэл билээ.

 

Г.Отгонжаргал