Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт шүүхээс 4.6 жилийн хорих ял оноогоод байсан.

Анхан болон Давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх ялыг яллагдагч талын зүгээс эсэргүүцэн Улсын Дээд Шүүхэд хандсан юм. Уг хурал энэ сарын 10-нд товлогджээ. Уг нь энэхүү хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд болох байсан хэдий ч 14 хоногоор хойшилсоор дахин товлогдож байгаа юм.

Эл хэргийн талаар эргэн сөхвөл, өнгөрсөн оны намар болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг хэлэлцээд ахлах зөвлөх асан Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хассан бол Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Харин Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Мөн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг гаргасан байдаг.