Түүхч-багш, судлаач Хишигдэлгэртэй ярилцлаа. Залуу насны эрмүүн эрч хүч, сэтгэлийн дуудлагаар харийн орондсурч мэдэж, олж харсан зүйлээ улс эх орондоо зориулж, хийж хэрэгжүүлэхийг хичээж яваа тэрээр монголын бүтээлч залуусын нэгэн төлөөлөл юм.

Багаасаа эгэл борог амьдралыг туулсан ч юунд ч шантрахгүй байвал ард нь шагнал байдгийг мэдэрсэн тэрээр бүхий л цаг хугацааг сурч мэдэх үйлсэд зориулж бичсэн илтгэл нь шалгарч холын Америкийг зорих болсноо хувь тохиол хэмээсэн. Мөн Харвард Кеннеди Улс төрийн сургууль, Харвардын их сургуулийн Гүйцэтгэх засаглалын боловсролын хөтөлбөр, Дэлхийн банкны хүрээлэн, Вашингтон Д.С, АНУ “Худалдаа болон жендерийн асуудал” зэрэг сургалтуудад сууж мэдлэг мэргэжлээ зузаатгажээ.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Тиймээс таныг АНУ-д ажиллаж амьдарч байхдаа монгол руу чиглэсэн ямар ажлуудыг хийв гэдгээс яриагаа эхэлье?

-2006 онд эртний нийслэл Хархорумд ?????нийгэмлэгээ байгуулаад хүүхэд эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг болон зорилтот бүлгүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ чиглэлээр өөрийн зорьсон зорилтондоо хүрэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай нэлээд хамтарч ажилласан. Үүнийхээ хажуугаар нийгмийн чиг хандлагатай нийтлэлүүдийг бичдэг байлаа. Үүний нэг жишээ нь Хөдөлмөрийн эрх зүй хэмээх хилийн чанадад байгаа олон мянган иргэдийнхээ тухайн үеийн нөхцөл байдалд нь тохирсон эрдэм шинжилгээний өгүүлэл юм. Аз тохиож энэхүү илтгэл маань Дэлхийн банкны хүрээлэнгээс зарласан уралдаанд шалгарч АНУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдаж байлаа. Улмаар 100 гаруй орон оролцсон уралдаанд шалгараад дахин сонгон шалгаруулалт явуулахад миний бичсэн нийтлэл шалгарсан. Удалгүй Дэлхийн банкны хүрээлэнгээс манай хүрээлэнд нийгмийн хариуцлагын чиглэлээр суралцах хөдөлмөр хөдөлмөрийн эрх зүй, хүний наймааны асуудлаар сургалтанд суух урилга ирэхэд тухайн үед үнэндээ өөртөө итгээгүй. Үүний дараа Дэлхийн банкны Монголд дахь суурин төлөөлөгчийн газраас захидал ирж энэ л үеэс Америк орныг зорих эхлэл тавигдсан даа. Америкт очоод сургалтаа дүүргэхийн зэрэгцээ бусдын адилаар Вашингтонд ажиллаж амьдарсан. Тухайн үед гадаадад амьдарч буй монголчууд хүүхдэдээ эх хэлээ сургах, ёс заншил, өв соёлоо үлдээх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байсан. Ингээд бидний хэсэг багш мэргэжилтэй хүмүүс монгол сургууль байгуулъя гээд 2006 оны 9 дүгээр сард АНУ-ын нийслэл дэх монгол сургуулийг байгуулж байлаа. Гадаадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл заана гэдэг тийм амаргүй. Тийм учраас боловсролын хөтөлбөрийг нарийвчлан шинэчилж боловсруулах талаар хэд хэдэн сайхан хүмүүстэй хамтарч ажилласан. Тэр үед буюу2015 онд гадаадын нэр хүндтэй сургуулиудад суралцах чин хүсэлтэй иргэн олон байсан. Олноор ч суралцаж эхэлсэн. Энэ нь магадгүй залуучууд өөрсдийнхөө карьерыг хөөе гэсэн бодолтой ч байсан байх. Надад ч мөн тийм бодол байсан. Гэвч азаар АНУ-ын Хорвардын их сургуулийн улс төрийн сургуулийн удирдлагын академийн хөтөлбөрт тэнцсэндээ маш их баярлаж билээ. Төрийн бус байгууллагуудын стратеги төлөвлөлт, мөн цаашилбал нийгэмдээ хэрхэн нөлөөлөх хөгжлийн стратеги төлөвлөлт хөтөлбөрөө 2012 онд дүүргэж амьдралдаа гэрэл гэгээг авчирсан гэж боддог. Энэ хугацаанд сургуулийнхаа буянаар ар гэрээ тэжээх, дүү нараа зөв тийш нь ч чиглүүлэх, ээж аавдаа туслах эх оронтойгоо ойр байя гэдэг үүднээс хоёр,гурваннийгмийнчанартайхөтөлбөрүүдийгхэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээрт: Хилийн чанад дахь монголчуудын иргэний танхим гэдгийг санаачлаад гадаад дахь монголчуудын нийгмийн асуудал тэр дундаа зөрчигдөөд байгаа асуудлууд нь юу юм, түүнээс хэрхэн гарах вэ зэрэг асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ ажилд надаас гадна олон сайхан хүмүүс хамтарч зүтгэсэн. Хоёрдугаарт Монгол Улсын хөжлийн стратеги ойрын болон хэтийн хөгжил юу байна, бусад хөгжингүй орнуудтай хэрхэн хөл нийлүүлж хөгжихөв гэдэг дээр ойрын хугацаанд тулгамдсан асуудал юу байна гэдгийг нэлээд тунгааж боддог байсан. Гэсэн хэдий ч манайд мэдээллийн технологиуд хөгжиж, инвоциуд гэж том салбар бий болж, бид уул уурхайгаа ашиглаад байх уу, эсвэл бид өөрийн болон ард иргэдийн оюуны үнэлэмжийг дээшлүүлээд зах зээл рүү өрсөлдөх үү гэсэн гаргалгааг харсан. Үүн дээр үндэслээд монгол хүн оюуны өндөр чадамжтай юм байна цаашдаа энэ агуу түүх хүчирхэгжих боломжтой юм байна гэдгийг олж хараад “Хүчирхэг монгол” хөтөлбөр боловсруулсан. Энэ нь дотроо зөв засаглал, нийгмийн хөгжлийн хөтөлбөрүүд, юуны түрүүнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой юм байна, тэгвэл эх орондоо өндөр цалинтай эрүүл нийгэмд амьдарч байхад тухайн хүн дутагдаж гачигдах зүйлгүй эх орон маань цэцэглэн хөгжинө гэсэн томъёоллыг гаргаж өгсөн. Эдгээр зүйлээ хэрэгжүүлэхийн тулд нэлээдгүй оюунаа чилээсэн дээ.

- Та үнэхээр харийн нутгаас хийж бүтээе гэсэн ирмүүн хүслээр эх орондоо ирсэн. Эдгээр ажлууд тань эхнээсээ биеллээ олж бүр тодруулбал нийгмийн даатгалын системийг цахимжуулахыг санаачилж өдгөө Монгол Улсад хэрэгжиж байгаад олон хүн талархдаг?

-Хилийн чанад дахь иргэд маань албан бус тоогоор 2 сая гарчихсан гэсэн судалгаа бий. Тийм учраас тэднийгээ эх оронтойгоо хэрхэн ойр байхав гэдгийг бодож нийгмийн даатгалыг цахимжуулах гэдэг системийг санаачилж, 2010 онд Монгол Улсын засгийн газарт өргөн барьсан. Тэр үеэс энэ системийг Хүний хөгжил хөдөлмөрийн яаман дээр хэрэгжүүлээд явж байгаад нь баяртай байдаг. Мөн улс төрийн намуудын сонгуулийн хуулин дээр ажилласан. 2015 онд монголдоо ирээд хийе гэж хүсч мөрөөдөж байсан зүйлүүдээ хэрэгжүүлж үүнийгээ бодит болгохыг хүссэн. Энэ үүднээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед хэмнэлттэй эрчим хүчний төслийг монголдоо хэрэгжүүлэх талаар танилцуулж байсан. Үүнд гадаадад үерхэж нөхөрлөж явсан бүтээлч нөхдийн минь санаачилга дэм болсон. Тийм учраас тэднээрээ маш их бахархаж явдаг. Улс эх орныхоо цаашдын хөгжилд сайн үйлсийг дэлгэрүүлэхийн тулд зөв заавал хөгжлийн гаргалгаатай байх ёстой. Гадаадад амьдарна гэдэг эх орноосоо хол байхын нэр биш, улам эх оронтойгоо ойртох, ялангуяа зүрх сэтгэлээрээ эх орноо таньж мэдээд бусдыг хүндлээд сурахаараа эх орноо хүндэлж эхэлдэг. Гадаадад амьдарч байхдаа монголын сор болсон хүмүүстэй үерхэж нөхөрлөж тухайлбал Монгол Улсын залуу жанжин Лхагвасүрэн гуайн охин Лхагважав гуайтай нэг дор амьдарч байсан. Энэ дашрамд ширхэг чулуу нь хүртэл алт шиг санагддаг эх орон минь мөнгөн сар алтан нарны дор мөнхжин мандтугай гэдгийн адил гадаадад байгаа монголчууд ингэж боддог юм шүү гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх аа. Миний бие зөвхөн гадаадад байгаа иргэд гэлтгүй монголд ажиллаж байхдаа ч хүүхэд эмэгтэйчүүдийн тал дээр багагүй зүйл хийсэн.

-Монгол залуусын орон. Шинэ зууны залуучууд ямар байх ёстой вэ. Тэд улс орноо хөгжүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж та боддог вэ?

-Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч оюутан залуучууд гэж нэрлэдэг. Өнөөдөр зарим орнууд хөгжлийн бодлогоо залуучууд руу хандуулчихсан байна. Жишээ нь хүүхдэд ээлтэй орон гэж байна. Ингэж өөрийн орны имижээ үгээр илэрхийлж байна. Тухайлбал Америк цэрэг зэвсгээр хамгийн хүчирхэг, Швед гэхэд боловсролын орон, Монгол Улсын өнөөдрийн имиж нь уул уурхай гэж хэлэх гээд байна шүү дээ. Тийм учраас ийм орон байлгахгүйн тулд монгол хүмүүсийг оюунлиг болгож гэгээрүүлэх хэрэгтэй. Үүнд хугацаа шаарддаг гэж ярьдаг ч мэдээлэл технологи хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед мэдээллийг хаанаас ч авах боломжтой. Гэвч ийм боломжтой үед залуучууд нийгмийн идэвхгүй байна гэдэг сайн зүйл биш. Бас тухайн улс орныг эдийн засгийн үнэлэмжээр нь биш, та аз жаргалтай юу гэдэг асуудлаар тодорхойлдог болсон. Жишээ нь Бутан улсад аз жаргалын яам гэж байна. Заавал үнэт эд зүйл хэрэглэхдээ биш онгон дагшин байгальдаа асар өндөр хурдны интернетээ бариад үндэсний өв соёлоо өөртөө аваад явж байвал тэр хамгийн аз жаргал юм. Тухайлбал өөрийн амьдарч байсан АНУ-ын Виржиниа муж улсын Арлингтон, Вашингтон Д.С, Чизаго зэрэг хотуудад Монголынхоо өв соёлыг түгээж байлаа. Гэтэл манайхан өөрсдийгөө гэгээрүүлэх биш, улам л оюун санаагаа боомилоод байна. Тийм учраас залуучууд материаллаг тал руугаа бус эхлээд өөрсдийгөө сайтар хөгжүүлэх хэрэгтэй байна. Хүн өөртөө мэдэхгүй чадахгүй гэсэн ойлголт төрүүлчих л юм бол бүх зүйлийг чадахгүй. Залуу нас мөнхийн ойлголт. Японы Акинова аралын хөгшчүүл сайн байна уу гэж мэндлэхгүй, та хэдэн настай вэ гэж мэндэлдэг. Тэдгээр хүмүүс 90,100-аас дээшнасалчих энгийн үзэгдэл болсон. Тийм учраас монгол залуучууд урт удаан, эрүүл саруул, байгаль дэлхийтэйгээ хосолж амьдрахын төлөө амьдрах ёстой. Ингэж Монгол Улсаа хурдтай хөгжүүлэхийн тулд монгол залуучуудыг эрүүл сэтгэлгээтэй болгох хэрэгтэй.

-Таны ажил амьдралдаа мөрддөг зарчим юу вэ?

-Маш сайхан асуулт байна. Ажил хэрэгч хүмүүсийн талаар олон ойлголт байдаг. Тухайлбал олон мянган жилийн соёл иргэншилтэй дорны хувьд арай өөр ойлголттой. Дорнын хүмүүс аливаа зүйлийг агуулгын хувьд их бодож тунгаадаг. Харин өрнөдийн хүмүүс агуулгаас илүүтэй яг одоо гэж хэлдэг. Түүн шиг бид дорны хүмүүс учраас сүүлийн 70 жил өрнөдөөр нэлээд явлаа. Бидэнд давуу бас сул чанар ч байна.

- Тэгвэл таны хобби?

-Далай лам өөртөө 5 минут зарцуул гэж хэлсэн байдаг. Түүн шиг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийн тулд аль болох сонирхолтой зүйлээ хийх хэрэгтэй. Ер нь монгол хүн авьяастай, зөн билэгчин, хорвоо дээр хамгийн сайхан хүмүүс. Гэвч бид өөрсдийгөө мэдэрдэггүй. Тиймээс би сүүлийн 15 жил хэд хэдэн найраглал бичиж, дууны уран бүтээл хийсэн.Арвайхээрт байхдаа Сүрэнхорлоо гэж багшийн шавь байсан. 1990-ээд оны сүүлээр монголд анх удаа монгол бичгийн олимпиад болоход би түрүүлж байлаа. Үүний хажуугаар багш маань уран зохиолын ном их уншуулдаг байсан. Мөн манай өвөө үлгэр домог ярина, аав минь идэвхтэн бичигч,ээж маань амнаасаа муу үг гаргадаггүй, дандаа л юмыг ерөөж суудаг байсан ийм сайхан буянтай хүмүүсийн дунд өссөн болохоор өөрийн эрхгүй юм бичих дур сонирхолтой болдог юм байна. Миний хувьд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Бааст гуайн зохиол номуудыг их уншдаг. Эх хэлээ баян байхын тулд хүн бүр хичээх хэрэгтэй гэж боддог.

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Та хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрч яваа гэж боддог вэ?

-Хүн бүхэн их бага мөрөөдөлтэй байдаг. Хүний нутагт байхдаа ээжийгээ алдсан болохоор ээжтэйгээ уулзаж чадаагүй. Тийм учраас цаашдаа олон нийтийн төлөө хийж байгаа ажлааүргэлжлүүлж, амжилтанд хүрээд ээжтэйгээ уулзана гэсэн ерөөл тавьсан. Хоёрдугаарт аав маань эмч хүн. Тиймээс надад хөрөнгө мөнгө нь байдаггүй юмаа гэхэд чадвартай хүмүүстэй хамтарч ажиллаад Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, парк эмнэлэг бариад аавдаа харуулах юмсан гэж боддог.

Таны цаашдын ажил амьдрал, санаачлан төлөвлөж хийхээр зүтгэж яваа төсөл хөтөлбөрүүд тэнь их амжилтыг хүсье.

 

Сэтгүүлч Д.Нэргүй