7361875f-0e96-4a29-826d-011d39f99ff9.jpg

ХБНГУ-ын Халле хотноо 43 дахь удаагаа зохион байгуулж буй "Химийн цом" олон улсын боксын тэмцээнээс манай тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүлснээр өмнө нь хүртэж байсан мөнгө, хүрэл медалиа улам чанаржуулж шилдэг тамирчин гэдгээ баталлаа. Тэрбээр хагас шигшээд Германы боксчин Кристос Черакисийг 3:0-ээр ялсан бол аваргын төлөө мөн л дэвжээний эзэн Алберто Мустафитай өрсөлдөж 2:1-ээр хожиж “Химийн цом”-ын аваргаар тодорлоо.

Дэлхийн Универсиад наадмын аварга, ОУХМ Х.Энх-Амар рингэндээ эргэн ирснээс хойш 2016 оны УАШТ-д түрүүлсэн бол энэ удаагийн "Химийн цом" олон улсын тэмцээний 52 кг-д түрүүлж шилдэг боксчин гэдгээ харууллаа. Тэрбээр хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт хашир туршлагатай Германы Ронни Бебликийг хожин аваргын төлөө шалгарч, мөн эзэн орны боксчин Европын аваргын хүрэл медальт Тоуба Хамзаг 3:0-ээр илт давуу ялж аварга болов.

Тус тэмцээний 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар аваргын алтан медалийн эзнээр тодорлоо. Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэл медальт Э.Цэндбаатар хагас шигшээд Германы Ш. Раманыг техникийн илт давуугаар ялсан. Харин аваргын төлөө Азийн наадмын мөнгөн медальт, АIВА-пробоксын тэмцээнд аваргалж олимпийн эрхээ авсан Хятадын боксчин Занг Жиавейг 2:1-ээр ялж түрүүллээ.

Харин өнгөрсөн жил 64 кг-д тус тэмцээний алтан медалийн эзэн болж байсан ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ.

Б.Дэжид

Gereg.mn