“Гэртээ орчихоод ирье” хэмээн хамар хашаанд байх эмээгийнхээсээ гарч гэрийн зүг гүйж явсан жаал эмээтэйгээ эргэн уулзахгүйгээ яахан мэдэх билээ. “Дөрвөн настай хүү нохойд бариулж амиа алджээ” гэх мэдээ дуулснаас хойш элэг эмтэрч, сэтгэл өвдөөд одоо л хэдэн үг хэлхэж сууна.

Чонотой ач тач үзэлцдэг анч үүлдрийн нохойгоо хашаандаа сул тавьж орхидогтоо, үр хүүхдээ хараа хяналт муутай, гэр хорооллын гудамжинд ганцааранг нь гаргадагтаа, тоо толгойг нь тогтоох аргагүй болсон золбин нохдоо устгаж дийлээгүйдээ эрүүл саруул, эсэн мэнд өсч торниж байсан дөрвөн настай хүүгийн үхэлд бид өөрсдөө буруутай гэлтэй.

“Дундад Азийн хоньч” хүн битгий хэл хүүхэд “идэх” нохой биш

Хүүг хөнөөсөн “Дундад Азийн хоньч” буюу “Азиат” гэгдэх нохой эзэндээ үнэнч, хүн гэхээс илүү хот руу гэтэх боохойноос хонин сүргээ хамгаалдгаараа алдартай амьтан. Монгол банхарын адил хэдэн мянганы турш эл үүргээ гүйцэтгэсээр ирсэн энэ нохой эрлийзжээгүй, ген сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй л бол хэр барагтай хүн тэр дундаа хүүхэд “идэх” нохой биш болохыг мэдэх нэг нь хэлэх болов уу.
Ер нь, эрлийз, хурлийз эсвэл цэвэр цусных аль нь ч бай нохой гэгч амьтан яг л хүүхэд шиг гөлгөн наснаасаа эзнийхээ ааш аягаар төлөвшдөг. Товчхондоо нохойд тэр зэргийн ухаан бий. Монголчууд бид ч нохой, морь хоёроо хамгийн сайн хань нөхрөө хэмээдэг. Магадгүй II, III үеийн эрлийз эсвэл цус ойртоогүй л бол ямар ч үүлдрийн цэвэр цусны нохой халдах дайснаас эзнээ хамгаалахын зэрэгцээ нас биед хүрсэн хүн, хүүхэд хоёрыг ялгах учиртай. Түүнээс хашааны хажуугаар гүйж өнгөрсөн алгын чинээ амьтан руу халдаж аминд нь хүрэх араатан биш.

Тэжээвэр болон золбин нохдын үржил, үүлдэр угсааг хянадаг журам байхгүй

Жил бүр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг зохион байгуулдаг.Энэ ажлын хүрээнд эрх биш малынхаа тоо толгойг гаргачихдаг нь мэдээж. Өнгөрсөн оны тооллогоор Малын тооллоготой хамтатган худаг, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийсэн аж. Тооллогын дүнг сонссон хэн ч толгой сэгсрэх болов уу. 2015 оны тэжээвэр амьтдын тооллогын дүнд зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд л гэхэд 250 мянган нохой бий гэсэн дүн гарчээ. Нийслэлийн хамгийн том дүүрэг болохын хувьд Баянголд энэ зэргийн нохой байж болох ч энэ бол “туу” гэх эзэнтэй, хашаа, орон байрны ноход.

Үүний цаана “золбин” гэх тодотголтой, зоргоороо тэнэж явдаг нь хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Жилийн жилд нохой устгах, үргүйжүүлэх ажлыг шат дараатай хийдэг гэдэг ч золбин нохдын тоо хяналтаас гарсан нь үнэн. Тиймдээ ч “Золбин нохойд бариулах тохиолдол газар авлаа” гэх мэдээ чих дэлсэх нь олширч. Саяхан даа, Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Б нохойд бариулсан байдалтай нас барсан байхыг олсон. Түүнчлэн, өнгөрсөн оны сүүлээр 47 настай М нэгэн үйлчилгээний газрын тэжээвэр нохойд бариулж, баруун хөлийнх нь булчинг тасдах дөхсөн тухай мэдээ хэвлэлүүдээр шуурч байсан.

Энэ мэт хүний хамгийн сайн нөхөр хэмээгддэг нохой гэгч амьтан ийн зэрлэгших болсны учир юу вэ. Энэ тухай тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг зорьсон юм. Тэжээвэр хийгээд золбин нохдод хэн, хэрхэн хяналт тавьж, үржлийн асуудал, үүлдэр угсааг хэрхэн хянадаг тухай тодруулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Б.Ганхуяг “Гэрийн тэжээвэр нохдыг л нэгдсэн байдлаар тоолдгоос хотын хэмжээнд байгаа нийт нохойн тоог гаргах аргагүй. Үүлдэр угсаа, үржил селекцийн асуудал бол бүр ч орхигдсон. Одоохондоо үүнийг хянаж, зохицуулдаг систем, хууль журам гэж алга” хэмээсэн юм.

Үнэхээр Нийслэлийн ИТХ-аас 2007 онд баталсан “Гэрийн тэжээвэр нохой эзэмших журам”-аас өөр зүйлгүй аж. Таван зүйл бүхий эл журам нь ч тэжээвэр нохдын тооллого, хураамж, золбин нохдын устгал төдийхнийг багтааснаас үржил, үүлдэр угсаа, уг гарвалд тавих хяналт, шалгалтын тухай ямар ч заалт багтаагүй байх юм. Угтаа, золбин, тэжээвэрийн аль нь ч бай тухайн нохойг эрлийзжүүлсэн, эсвэл цэвэр цусны эсэх, сэтгэцийн хувьд ямар нэг өөрчлөлтгүй, цус ойртоогүй зэргийг хянаж шалгадаггүй аж. Тиймдээ ч Улаанбаатар шиг жижигхэн хотод хэдэн мянгаар тоологдох золбин нохой тэнэж яваа нь хоол тэжээлийн хомсдолд орж зэрлэгших, үр удмаа гишгэж улмаар цус ойртохоос аваад олон сөрөг үр дагавар бий болгосон хэрэг.

Нохой гэгч амьтан биологийн төрөлтөөрөө жилд нэг удаа гөлөглөх учиртай ч төв суурин газар удаан хугацаанд суурьшиж, жижиг орон зайд олон тоогоор тархсан нохойн үржлийн үе, зүй тогтол алдагдаж жилд хоёр удаа гөлөглөх болжээ. Товчхондоо, хэт хотожсон гэж болох золбин нохдын биологийн харьцаа бүрэн алдагдсан хэрэг. Монголчууд бид суурин иргэншилд шилжээд удаагүй.

Нохойн аж ахуй эрхэлж золбин нохойн тоо, үржил, өсөлтийг хянах боложтой гэв

Бид барилгын хятад ажилчдыг нохойн мах иддэг хэмээн жигшин зэвүүцдэг. “Чаа” гэх малгүй, тэрбум гаруй хүн ам тэгэхгүй гээд ч яахав. Зөвхөн хятадууд ч гэлтгүй Солонгос тэргүүтэй олон улс оронд нохойн махыг хүнс хоолны хэрэглээ болгосон их байдаг аж. Нохойн аж ахуй эрхэлж мах, арьс, шагай, соёо зэрэг түүхий эдийг нь худалдан борлуулдаг нь ч бий. Бидний хувьд өнгөц сонсвол сэжиг төрөм санагдаж болох ч энэ төрлийн зах зээлд эрэлт ихтэй байдаг нохойн мах авах санал Солонгосоос ирж байсан удаатай гэнэ. Гагцхүү манай золбин ноход элдэв өвчинтэйг эс тооцвол нохойн аж ахуй эрхэлбэл зах замбараагүй тоо толгой, үржлийг нь нэгдсэн журмаар хянах боломжтой аж. Нохойн аж ахуй гэгчийг зөвхөн нядлаад зараад байна гэж ойлгож болохгүй.

Жишээ нь, герман хоньч халтар буюу бидний мэдэх Немц овчаркийг аж ахуйн хэлбэрт оруулж, гадагш худалддаг нэг ёсны үржлийн аж ахуй ч байдаг аж. Гадаад улс оронд бий болгосон эдгээр аж ахуйг ашиг олохоос илүүтэй нохойны тоо толгойн өсөлтийг зохицуулах, ген, удмын санг гэмтээхгүй байх зорилго бий болгосон нь олон.

Ж.ЖАМУХ
Эх сурвалж: www.assa.mn