Өнгөрсөн 2012 оны долдугаар сарын 1-нд Төрийн албан хаагч Д. Батболд гэгчийн нууц амраг, хамтран амьдрагч гэх хоёр эмэгтэй өс хонзонгийн сэдэлтээр бие биетэйгээ муудалцаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.
Тодруулбал Д.Батболдын хүүхдийг төрүүлсэн, хамтран амьдрагч Ц.Туяа нь татварын байцаагчаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа аван гэртээ хүүхдээ харж байжээ. Ингээд нөхөр болох хүнтэй нь нууц амрагийн холбоотой байсан бүсгүйг, хууран мэхэлж, орцонд нь гаргаж ирээд 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байдаг юм.

Харин гэмт этгээд анхны мэдүүлгээ өгөхдөө “Би өмнө нь хэд хэдэн удаа нөхрөөс минь холдохыг тэр хүүхнээс гуйсан. Гэвч миний хүсэлт, гуйлтыг ер хүлээж авалгүй, нөхөртэй минь улам л дотноссон. Тэвчээр алдахдаа согтууруулах ундаа ихээр хэрэглэж, нэг мэдэхэд л гэрийнх нь үүдэнд очсон байсан. Уулзсанаас хойш юу болсныг үнэхээр санахгүй байна. Нэг мэдэхэд л гар минь нилэнхүйдээ цусанд будагдсан байсан” гэж мэдүүлсэн байдаг.
Талийгаач бүсгүй 31 настай, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хяналтын байцаагчаар ажилладаг бөгөөд Ээж, аав, хүүгийн хамт амьдардаг байсан юм билээ. Харин Д.Батболд нь анхны эхнэр, хүүхдээсээ салж Ц.Туяатай хамтран амьдарч, үрийн зулай үнэрлэх үеэс эхлэн талийгаачтай нууц амрагийн харилцаа тогтоожээ.

Д.Батболд Уул, уурхайн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын алба хашдаг байсан ч энэ хэрэг болсны дараа ажлаасаа нэг жилийн чөлөө авсан гэдгийг тухайн үед эх сурвалж хэлж байлаа. Тэрбээр хохирогч болон гэмт хэрэгтэн болсон хоёр бүсгүйд ижил өнгийн “Volkswagen Touаreg” маркийн автомашин бэлэглэсэн байжээ. Төрийн алба хашдаг хэлтсийн дарга чухам ямар мөнгөөр хоёр бүсгүйд чамгүй үнэтэй автомашин бэлэглэсэн гэдэг нь ч асуулт хэвээр үлдсэн.

Тэрбээр тухайн үед шүүх хуралд хар нүдний шил зүүж ирээд, сууж байсан ч хаана ч юу ч яриагүй бөгөөд хэвлэлийнхэнд “Би юу ч ярихгүй” гэхээс өөрийг хэлээгүй юм.
Харин дараагийн шүүх хуралд тэр үзэгдээгүй. Ингээд Ц.Туяад холбогдох шүүх хурал өнгөрсөн 2013 оны 10-р сард болж, түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, түүнд 22 жилийн ял оноосон байдаг. Ингээд хоёр бүсгүйн нэгийг шороонд нөгөөг нь шоронд хатаасан Д.Батболд гэгч ямарч хариуцлага үүрээгүй үлдсэн түүхтэй.

Нэг зүйлийг марталгүй сануулахад: 2012 оны долоодугаар сарын 01-02-нд шилжих шөнө уг жигшүүрт хэрэг гарсан бөгөөд гурван жил хамтран амьдарсан эхнэр Ц.Туяа нь татварын байцаагч бүсгүйг олон удаа хутгалан амийг нь хөнөөсөн тэр шөнө Д.Батболд Яргайтын аманд шинэ нууц амраг М-тэйгээ хамт жаргаж байжээ. Тэндээс цагдаагийнхан очиж баривчилсан аж. Өөрөөр хэлбэл Д.Батболдыг гэртээ хонохгүй болохоор нь ийнхүү хардаж, очоод өмнөх нууц амрагийг нь хөнөөсөн байтал тэрбээр өөр нэг нууц амраг бүсгүйтэй болчихсон байсан гэсэн үг. Ц.Туяа 22 жилийн ял эдлээд, 61 настайдаа шоронгоос суллагдах юм билээ.

Харин нэгэн цагт түүний нөхөр болж явсан Д.Батболд ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа юм байна. Тодруулбал 1970-аад оныхноо төлөөлөн Ардчилсан намаас Хөвсгөлд нэр дэвших гэж байгаа ажээ. Тэрбээр хамгийн сүүлд Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын алба хашиж байсан байна. Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1977 онд төрсөн түүний намтарыг сонирхвол ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд ажлын гараагаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс эхэлсэн ажээ. Мөн “Алтандорнод Монгол”-ынхон Монголын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгөхөд Монголын талаас байгуулагдсан ажлын хэсэгт Уул уурхай яамыг төлөөлөн орж ажиллаж байсан учир АН-ын зүгээс түүнд итгэл хүлээлгэж, нэг талаараа өрөө төлж, ийнхүү сонгуульд сойхоор болсон бололтой.

Нууц амрагийн явдлаасаа болж хоёр бүсгүйн амьдралыг дуусгасан, эл хэргээр олонд танигдсан Д.Батболд УИХ-д нэр дэвших нь хэр зохимжтой вэ. Ирэх сонгуульд нэр дэвшихээр сэтгэл шулуудсан залуусыг хараад байхнээ хийсэн бүтээсэн ажил багатай, муу нэрээр олонд танигдсан, сурсан эрдэм сулхан нөхдүүд харагдах юм. Өөрөөр хэлбэл эх орныг удирдан чиглүүлж чадах хэмжээний “гайгүй”залуус бохир нь дэндсэн улстөрөөс зугтааж байх шиг байна. Арга ч үгүй биздээ. Тэдэнд хийж бүтээх чадах ажил мундахгүй байгаа тул улстөрийн хэрэггүй байх. Харин ямар нэгэн нам дагаж, улстөрд орохгүй л бол ажил олдохгүй байгаа залуус хямралын өнөө үед улстөр рүү хошуурах болжээ.

Н.Ганаа