Хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх багажтай боллоо
2016/03/30
Сүүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хийсэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Цагдаагийн ерөнхий газарт хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газарт богино хугацаанд шинжлэх хүчин чадалтай АНУ-ын “Термо Фишер” технологийн компанид үйлдвэрлэсэн олон улсад ашиглагддаг “TruNarc” гар багаж гурван ширхэгийг бэлэглэлээ. Мөн хэргийн газарт хойшлуулашгүй ажиллагааны үед ул мөр бэхжүүлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест бүхий иж бүрдэл цүнх хоёр ширхэгийг тус тус буцалтгүй тусламжаар бэлэглэсэн байна.
“TruNarc” багаж нь:
- Ашиглахад хялбар гурван товчлууртай. Зөвхөн нэг товчоор ямар төрлийн бодис болохыг шинжлэх үйлдлийг гүйцэтгэнэ.
- Сэжигтэй бодисыг тодруулан шинжлэхэд шинжилгээний үр дүн дэлгэцэн дээр богино хугацаанд гарч ирнэ.
- Шинжилгээний дүн санах ойд хадгалагддаг тул багажийг залгуураар компьютерт холбож хэвлэн гаргах боломжтой.
Энэхүү багажны давуу тал:
- Багажны өөрийн жин 0.57 кг авч явахад авсаархан, хөнгөн
- Нэг ширхэг гар багажаар олон төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг тодруулан шинжилдэг.
- Шинжилж буй бодист ямар нэгэн хорогдолгүйгээр тодруулан үр дүнг өөртөө бүрэн эхээр нь хадгалдаг. /он, сар, цаг, минут, хайлтын үр дүн зэрэг/
- Хайлтын үр дүн тодорхой хэрэглэхэд хялбар
- Хайлтын үр дүнг хэвлэж гарган эрүүгийн хэрэгт ашиглах боломжтой. Олон улсын чанарын гэрчилгээ бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи юм.
- Багаж нь өөрийн хэвийн ажиллагаа болон шинжилгээнд бэлэн эсэхээ шалгадаг.
- Энэхүү багажийг Олон улсад хүлээн зөвшөөрч, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд өргөнөөр ашиглаж байна.
Үүнээс гадна“TruNarc” НҮБ-ын конвенцид багтсан 158 нэр төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, шинжилдэг бөгөөд хайлтын үр дүн дэлгэцэн дээр зургаан төрлөөр /өнгөөр/ илэрхийлэгддэг.
- Улаан өнгө нь хар тамхи, мансууруулах бодис байна гэдгийг илэрхийлэх бөгөөд улаан өнгөн дээрээ бодисын нэртэй хамт гарна.
- Ногоон өнгө нь шинжилсэн бодис хар тамхи, мансууруулах бодис биш болохыг илэрхийлнэ.
- Улбар шар бодис нь хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэхэд ашиглах химийн бодис болохыг илтгэх бөгөөд бодисын нэршил хамт гарна.
- Хөх, саарал өнгө нь тус багажны шинжлэх боломжтой бодисын төрөлд байхгүй болохыг илэрхийлнэ. Энэ тохиолдолд багажны дагалдах хэрэгсэл болох тусгай уусмал болон дээж авах алтжуулсан халбаганы тусламжтайгаар түргэн шуурхай нарийн шинжилгээ хийх боломжтой.
- Багаж нь тэсэрч дэлбэрэх бодисын төрөлд орох бодисыг шинжлэх үр дүнг дэлгэцэн дээр харуулж анхааруулга өгдөг.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх Олон улсын чанарын шаардлага хангасан, 158 нэр төрлийн бодисыг шинжлэх “TruNarc” багажтай боллоо.
Түүнчлэн Олон улсад хар тамхи, мансууруулах бодисын төрөлд шинээр орсон бодисын мэдээллийг үйлдвэрлэгч компанийн вэб сайтаас олгогдсон нууц үгийн тусламжтайгаар татан авч программ хангамжаа шинчлэх боломжтой юм.
Б.Элбэрэл