Зам тээврийн сайд түүхэнд байгаагүй урт зам барьсан тухайгаа өчигдөр “Бүтээн байгуулалтын цагаар” сайрхан ярьлаа. А.Гансүх сайдад замын км ярьж, өөрийгөө ПР-дахаас өөр зүйл байхгүй байсан бололтой юм.
Тэрээр “Монгол Улсад өнөөдөр 2100 км автозам баригдаж байгаагаас энэ жил 1700 км-ыг нь дуусган хүлээж авна. Өнгөрөгч дөрвөн жилд 1300 км автозам барьсантай харьцуулахад ганцхан жилийн дотор ийм хэмжээний зам барьж ашиглалтад оруулж байгаа нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэж” хэллээ.

 

Дөрвөн жилд 1300 км зам автозам баригдаж байсантай харьцуулахад нэг жилийн дотор 1700 км автозам барина гэдэг бол үнэндээ өндөр үзүүлэлт. Гэхдээ замын урт нь хурдан баригдаж байна уу үгүй юу гэдэг нь чухал биш. Харин замын чанар нь хэр найдвартай вэ гэдэг нь бас энд яригдах ёстой зүйлийн нэг биз. Нэг жилийн дотор 1700 км автозам барьтал өнөөх нь жил хүрэхгүй эвдэрч хэмхрээд байвал ямар хэрэг байхав. Татвар төлөгчдийн мөнгө салхинд хийслээ л гэсэн үг. Тиймээс бид түүхэнд байгаагүй амжилттай ажиллаж байна гэж өөрсдийгөө рекламдахаасаа өмнө төсвийн мөнгө дэмий үрэн таран хийгээгүйгээ батлах хэрэгтэй болов уу.

 

Өнөөдөр Монголын эдийн засаг үнэхээр хүнд болж ирж байна. Энэ нь өдөр ирэх тусам мэдэгдэх боллоо. Гэвч засгийн газар эдийн засагт анхаарлаа хандуулж, ард иргэдийн амьдралд санаа тавихгүй байна. Доллар өдрөөс өдөрт өссөөр 1650 хүрчлээ. Эдийн засагчид энэ байдалд ямар нэгэн арга хэмээ авах ёстойг байнга хэлж ярьж буй. Гэвч засгийн газар дорвитой зүйл хийхгүй, ярихгүй байсаар байна. Чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байсаар байна. Харин доллар өсч буй энэ хугацаанд засгийн газар ПР-ынхаа ажлыг л гаргууд сайн хийж байх шиг харагдана.

 

Тиймээс түүхэнд байгаагүй тийм, тийм амжилт тогтоолоо гэж засгийн газрын гишүүд ярихынхаа оронд хүндрээд байгаа эдийн засгаа аврах талаар ярьж хэлж, ард түмэн яах ёстой. Үнийн дарамтаас ард иргэдийг яаж аврах тухайгаа ярих хэрэгтэй байна.

 

Н.Чинзориг