С.УЯНГА

Эх үрийн ариун нандин харилцааг эрэмдэглэж, эх хүнээс төрүүлж өсгөсөн хоёр хүүхдийг нь шүүх эрх мэдлээр далайлган булаасныг илчилсэн хагацлын нулимстай захидал миний өмнө байна. Энэ захидлын мөрөөр бид хуулийг сахин дээдлэх үүрэгтэй шүүхийн байгууллага мөнгөтэй нэгний өмнө хэрхэн хүчгүйдэж, доройтож байгааг хоёр дахь нийтлэлээрээ хүргэж байна.

Жирийн нэгэн орос бүсгүй Марина, түүний нөхөр Былиновский А.Ю нарын хоорондын маргаанаас болж хоёр хүүхэд нь хэрхэн зовж шаналж буйг нотлох хангалттай баримт бий. Шүүхийн байгууллага Былиновскид А.Ю Маринагаас хоёр хүүхдийг нь хууль бусаар, хүчээр салгаж авч өгсөн байдаг. Харин Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүх Былиновски А.Ю-г хоёр дахь эхнэрээсээ гарсан охиндоо 14 жилийн хугацааны тэтгэмжийг нөхөн төлөх тухай шийдвэрийг хүлээж аваагүй. Гэтэл энэхүү шийдвэрээр түүнийг ямархуу эцэг болох, Маринатай гэрлээд гаргасан хоёр хүүхдэд ямархуу асран хамгаалагч болохыг тодорхойлж өгч байгаа юм.

Гэтэл Маринаг хүүхдүүдээ төрүүлснээс хойш гэрлэлтээ цуцлуулах хүртлээ хүүхдүүдийнхээ өсөлт хүмүүжлийн асуудлыг хариуцан амьдарч байсныг анхан шатны шүүхээс тогтоосон байдаг. Марина 16 жилийн хугацаанд нэг л байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа юм.

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд Маринагаас хүүхдүүдийг нь булааж эцэгт нь өгснөөс хойш 1.9 жилийн хугацаанд түүнийг гэртээ орох, хүүхдүүдийнхээ сурч буй сургууль дээр очиж уулзах гэсэн оролдлого хийх болгонд Былиновский А.Ю цагдаа дуудаж, гомдол гаргаснаар төгсдөг байна. Маринаг цагдаад байнга согтуу байна, эсвэл байранд хууль бусаар нэвтэрсэн хэмээн худал мэдэгдэж, гэрийнхээ цоожийг сольж, хүүхдүүдийг нь өөр сургуульд шилжүүлжээ.

Хүүхдүүдийг гурван сургуульд шилжүүлж суулгаснаар тэдний сурлага эрс муудсаныг багш нар нь Марина руу анхааруулж хэлсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хүүхдүүд нь Галакси дунд сургуульд бүртгэлтэй байгаа ч хичээлдээ тогтмол явдаггүй, хичээлийн хоцрогдолтой байгааг багш нар нь Былиновский А.Ю-д хэлэх гэхээр утасны дуудлагад хариу өгдөггүй тухай Маринад хэлжээ. Үүнээс болж хүүхдүүд нь цаашид сургуульд сурч чадахгүйд хүрч байгаа аж. Учир нь тэд монгол хэл мэдэхгүй, Галакси дунд сургуулийн хичээлийн ихэнх нь монгол хэл дээр ордог байна. Сүүлдээ хүүхдүүдийг ээжээс нь холдуулахын тулд Монголд байлгахгүй Орос руу авч явсан гэх мэдээлэл байгаа гэнэ. Тийм бол хууль хяналтын байгууллага яагаад шүүхийн маргаантай, шийдвэр нь гараагүй байхад ээжийнх нь зөвшөөрөлгүйгээр хоёр хүүхдийг хилээр гаргаж буйг асуумаар.

Хоёрхон хоногийн өмнө болсон Дээд шүүхийн шийдвэрээр хоёр хүүхдийг эцэгт нь өгөхөөр болсон ч Ерөнхий шүүгчид гомдол гаргасан учраас одоохондоо найдлага тасраагүй хэмээн Марина найдвар тээсээр хүлээж, тэвчиж байна. Тэрээр “Шүүхээс надад хүүхдүүдийг минь л өгөхийг сөгдөн байж гуйя.Өөр надад юу ч хэрэггүй” гэсэн юм. Ямартаа ч эрхэм шүүгчид өрөөсгөл шийдвэрээ эргэн харж, гэмгүй эх хүүхдийг өнчрүүлж буй шийдвэрээ эргэн харна гэж найдаж байна. Магадгүй хүний нутагт тээж төрүүлсэн хүүхдүүдээсээ хагацсан эх хүний тэвчээр тасрахыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: www.polit.mn