Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконг хотноо “Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын арван ес дэх удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа. Тэрбээр гадаадын нэр хүндтэй телевиз, агентлагуудад ярилцлага өглөө хэмээн Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь сурталчилж байгаа ч үнэндээ гадны хэвлэлд Монголын тухай мэдээлэх өнгө аяс хошин, бүр доромж хэлбэр рүү хэлбийж байгаа нь нууц биш.

Тухайлбал, “WallStreet Journal”-д бичихдээ Монголын эрх баригчид хөрөнгө оруулагчдыг татахын тулд хожимдож хөдөлж байгааг хамгийн түрүүнд онцолжээ. Монгол төгрөгийн ханш унаж, гадаад валютын нөөц дундарсан, түүхий эдийн үнийн уналтаас хамааран эдийн засгийн амаргүй үеийг туулж яваа Монгол улс гурван жил хагасын өмнө 4,25 хувийн хүүтэйгээр бонд гаргаж байсан бол саяхан 11 хувийн хүүтэйгээр 500 саяын бонд гаргасныг тэд дурджээ.

Мөн чуулганы албан бус уулзалтын үеэр инээх гэж их л байдгаараа хичээсэн Ерөнхий сайдын янз байдал гадны хэвлэлийнхний нүдээр бол хөрөнгө оруулагчдыг татах гэж ядсан мэт санагдсан бололтой. “Манайх хамгийн ардчилсан малтай орон. Манай мал хаа дуртай газраа идээшилдэг болохоор хамгийн амттай, органик мах болох нь тодорхой” хэмээн хэлсэн Ерөнхий сайдын үгний араас “Даанч, малын мах зэс шиг үнэ хүрдэггүй нь тоогүй хэрэг” хэмээн үг хавчуулахаа ч мартсангүй.

Б.Сэвжидмаа

Эх сурвалж: Wall Street Journal

http://www.newscom.mn/