УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийх мэдээлэл байна. Уг хуралдаанаар сүүлийн үед АН дотор үүсээд буй нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлыг ярилцах аж.

Тодруулбал,

 

1. АН дотор үүсээд буй хагарал, хэрүүл тэмцлийг хэрхэн шийдэх вэ?

2. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярыг хэвээр нь байлгах уу, явуулах уу.

3. ҮЗХ-ны хуралдаанаа амжилттай хуралдуулахын тулд юуг анхаарах ёстой вэ?, уг хурлаар ярилцах асуудал. /Тус намын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 16-нд товлогдоод буй билээ/.

4. Сүүлийн үед хууль хүчний байгууллагаас АН-ын гишүүдийг ихээхэн шалгах болсон. Уг асуудалд баримтлах бодлого зэргийг ярилцаж нэгдсэн шийдвэрт хүрэх зорилготой байгаа аж.

 

Энэхүү хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна.

 

 

УИХ-ын Х.Баттулга "Жудагт Монгол" хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд оролцож дахин сонгож болохгүй гишүүдийг зарлахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын нэрийг дурдсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байгаа хэмээн буруутгасан. Энэ мэт дотоодоо хагаралтай байгаа асуудлыг цэгцлэх нь тус хуралдааны хамгийн гол зорилго гэнэ. Уг хуралдаанаар сайн, муугаа ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй бол өөр, өөрсдийнхөө зам, мөрийг хөөх нь зүйтэй гэх байр, суурийг тус намын нөлөө бүхий хүмүүс илэрхийлж буй сурагтай.

 

Уг хуралдааны дараа аймаг, дүүргийн АН-ын хороо хуралдаж, УИХ-д нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулах юм байна.

Т.Энхэлээ

24tsag.mn