Цэцэрлэг барих зөвшөөрөл өгөөч, Э.Бат-Үүл дарга аа
2013/09/05
-ЭНЭ ЖИЛ 10 ГАРУЙ ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАРИХ ХӨРӨНГИЙГ НЬ ШИЙДСЭН Ч ЗӨВШӨӨРӨЛ, ГАЗАР ХОЁР ОЛДООГҮЙ БАЙНА-
Цэцэрлэгийн хүрэлцээ муу, цэцэрлэг барих газар олдохгүй, зөвшөөрөл олдохгүй байна гэнэ. Үнэн үү гэж дахин дахин асуумаар. Газрыг нь олоод цэцэрлэгээ барья гэхээр нийслэлээс зөвшөөрлийг нь өгөхгүй гүрийгээд байгаа талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ярьсан юм.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 5-6 цэцэрлэг барихаар газраа шийдчихээд зөвшөөрөл авах гэтэл нийслэлээс өгөхгүй байсаар гурав, дөрвөн сарыг үджээ. Энэ үнэн үү, хотын дарга аа. Цэцэрлэг барих зураг төсөл, техникийн нөхцөлөө батлуулахын тулд хүнд сурталтнуудыг аргадах шаардлагатай болсон юм уу. Албан тушаалтнуудын хүнд сурталтай тулгараад байна гэнэ, нэг дүүргийн Засаг дарга тань.
Зөвшөөрлийг нь аль эрт өгчихсөн бол өнөөдөр 5-6 цэцэрлэг нээлтээ хийж, гэр хорооллын 500-600 хүүхэд цэцэрлэгт явж байх байж. Танай нийслэлийн барилгын инженерүүд чинь хэтэрхий их мэдэгчид гэнэ. “Ийм ч газар барилга барьж болохгүй, тийм ч хадаасаар хадаж болохгүй” гээд техникийн нөхцөлийг нь буцаагаад байгаа бололтой юм. Нэг хэсэг нь юм хийе, ядарсан иргэдийнхээ хэдэн хүүхдийг цэцэрлэгт хамруулчихъя гээд гүйгээд байдаг. Нөгөө хэсэг нь хэрэгтэй хэрэггүй зүйлээр шалтаглаад ажлыг нь саатуулаад байдаг ийм жишээ ганц үүгээр тогтохгүй л болов уу. Хэрвээ Д.Пүрэвдаваа дарга худлаа яриагүй бол шүү дээ. Говьсүмбэр аймаг 15 мянган хүн амтай. Тэгвэл Баянзүрх дүүрэгт мөн тооны хүн амтай “Баянмонгол” гэж хороолол бий. Ганц ч цэцэрлэг, сургуульгүй шүү дээ. Хотын дарга аа, та зав гаргаад энэ хороололд очоод үзээрэй. Цонхон дээрээ хэчнээн нулимстай хүүхэд зогсч байгааг хараарай. Аав ээжийгээ харуулдан өлсөж цангаж, нус нулимстайгаа холилдчихсон байгаа бяцхан хүүхдүүд хэд байгаад тоолоод үзээрэй. Шар хад, Дарь-Эх, Баянхошууны гэр хорооллоор хальт яваад үзээрэй. Гудамжны шороо шалбааг, худаг дээр ямархан хүүхдүүд юугаар тоглож, өдөр хоногийг өнгөрөөж байгааг хараарай. 28 хороотой нэг дүүрэгт цэцэрлэггүй есөн хороо байна гээд бодоорой. Та бол сайн хүн. Сайн эцэг, сайхан аав. Таны хүүхдүүд, хүүхдийн чинь хүүхдүүд лав цэцэрлэггүй үлдэхийн зовлонг мэдэхгүй, үзээгүй байх л даа. Тийм болохоор л таныг нийслэлээрээ нэг тойрч үзэхийг гуйж байна. Та бас сайн ч дарга. Сайхан ажил санаачилж, их юм хийж байгаа мундаг дарга. Харин таны албатууд чинь нэг нэгэндээ томорч, даргархаж, мэдэмхийрээд байх шиг. Хэн тэгээд байна гэж асууж магад. Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Пүрэвдаваагаас асуучихаарай. Хан-Уул дүүргийн иргэд “Хотын өмнөх удирдлагуудын балгаар хот байгуулалтын төлөвлөгөөгөөр Хан-Уул баячуудын дүүрэг болсон. Өнөөдөр манай дүүрэгт улсын цэцэрлэг барих газар олдохгүй байна. Газрыг нь баян компаниудад өгчихсөн” хэмээн гомдоллож байна. Сонгинохайрхан дүүрэг цэцэрлэгийн насны 22 мянган хүүхэдтэйгээс 11 мянга нь цэцэрлэггүй үлджээ. Мөн л зөвшөөрөл олддоггүй, газар олддоггүйн зовлон цэцэрлэг нэмж барихад саад болсон гэнэ. Ганцхан жишээ дурьдахад, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тойрогтоо дөрвөн цэцэрлэг шинээр нэмж барихаар өнгөрсөн жилийн улсын төсөвт хөрөнгийг нь оруулж батлуулжээ. УИХ-ын гишүүнийхээ хувиар БШУЯ, БХБЯ, НЗДТГ, Тендерийн хороо зэрэг байгууллагуудад хандсан боловч бие бие рүүгээ чихсээр өнөөдөр нэг ч цэцэрлэг баригдаагүй байгаа аж. БШУЯ-аас “Бид цэцэрлэг барьж байгуулах эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн, тэднээс шаард” гэдэг бол НЗДТГ нь “Монгол Улсын хэмжээнд шинээр барих бүх цэцэрлэгийг нэгдсэн нэг зураг, стандартаар хийнэ. Шинээр байгуулах цэцэрлэг бүрт зураг төслийн мөнгө үрэхгүй” гэдэг. Тендерийн хорооныхон бол “Цэцэрлэгийн зураг төсөл ирэхгүй байна” хэмээн нэг нэгэн рүүгээ түлхсээр өдийг хүрсэн байх юм.
Баянгол дүүргийн хувьд энэ жил хоёр цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч тендер, газрын асуудлаас болоод мөн л баригдаж эхлээгүй байна. Тус дүүргийн Тамгын газрын эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Дулмаагаас энэ талаар тодруулахад “Боловсрол шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албанаас хоёр цэцэрлэгийн тендерийг зарлахгүй хойшлуулсаар байгаад өнгөрөгч наймдугаар сарын 5-нд тендер зарласан. Дээр нь манай дүүрэг барилга орон сууцны нягтрал ихтэй тул газрын асуудлаа шийдэж чадалгүй хичээлийн шинэ жил хүргэчихлээ” гэсэн. Энэ дүүргийн 12, 19 дүгээр хороо нэг талаас БШУЯ-ны хүнд сурталтнуудаас болоод нөгөө талаас хүүхдийн цэцэрлэг барих болохоор олдохоо байчихдаг газрын асуудлаас болж хойшилсон байна.
Хүүхдийн цэцэрлэг барих зөвшөөрөл, газар хоёр олдоогүйгээс нийслэлийн хэмжээнд арав гаруй цэцэрлэг баригдаж чадсангүй. Харин орон сууцны тансаг хороолол, орд харш, оффис, баар, зочид буудлууд өдөр өнжихгүй сүндэрлэсээр байна.
Б.Оюунгэрэл
zochin · 2013/09/10
bat yyl gedeg dongi gariin udirdlag door ajildag abilgal gordson heden manuuhainuud dandaa hymyysd saad bolj bh yum odoo ta nart abilgal ogdog yamar ***** ni bdag yum bee ****bal taarna