"Сүржин" нээлтээр яахав ганц борооны ая даачихвал сайн
2016/04/19
Сонгууль болоход 73 хоног дутуу байгаа энэ өдрүүдэд тууз хайчлах арга хэмжээ өдөр алгасахгүй болж мэдэх нь байна.
Зам засврын ажил эхлэх гэж буйтай холбогдуулж ёслолын арга хэмжээг Гандийн гудамжинд хийв. Сүржин нээлт яахав чанартай зам босгох хэрэгтэй. Зөвхөн өнгөөрөө л ялгарч харагдах байдалтай зам шинэчлэн засаад төсвийн мөнгийг салхинд хийсгээд байж боломгүй.
2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар, арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17,900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143,800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50,000 м2 талбайд хийж, есөн байршилд гэрлэн дохио суурилуулж, зургаан гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын өмнө хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж эхлүүлсэн замуудын нэг нь “Блью Скай” зочид буудлын урд талын Жамьян гүний гудамжны тохижилтын ажил юм. Энэхүү явган хүний замыг шинэчлэн засаж байгаа нь сайшаалтай ч өмнөх замаасаа ялгарах зүйл нь өнгө л байна. Энэ мэтчлэн 13 гудамжийг 3 тэрбум төгрөгөөр тохижуулахаар төлөвлөсөн юм. Ганцхан Жамьян гүний гудамжны тохижилтод 100 сая төгрөг зарцуулж буй
Богинохон хугацаанд тавигдаж байгаа замын ажилд чанар яриад хэрэггүй нь ойлгомжтой. Өнгөрсөн зуных шиг усархаг бороо ганц ороход л овон товон болж нөгөө хавтан нь ховхорч унах вий дээ. Манай улсын замын чанарыг мэргэжлийн хүмүүс шалгаад ч тусыг эс олно. Тэрнээс тэнгэр хангайд найдаж шалгуулчихад л гэмгүй. Бороо орлоо, зам ховхорчихно. Бичигдээгүй хуулийн дагуу шалгалт хийнэ гэдэг чинь энэ дээ.
Жилийн жилд нөхөөс маягаар гудамж тохижуулдаг байдлыг цогцоор нь шийдсэн замын төсөл халах юм. Хотын өнгө үзэмжээ сайжруулахад анхаарч байгаа нь сайн ч нөгөө талаараа чанарын асуудал хатуу мөрдөгдөх хэрэгтэй. Зун болгон цогцоор нь солиод байвал ямар хэрэг байна. Ганц зун шинэчлэл хийчихээд хэдэн жилдээ засахгүй байвал "Сайн" үнэлгээ өгч болох л юм.