“Богда Холдинг” компани “Богд-Ар”-ын 7А байрыг барихдаа зоорийн давхаргүй, карказгүй барьснаас болоод барилгын суурин доогуур байнга бохир, цэвэр, халуун ус алдан улмаар хөрсөнд эвдрэл өгч суулт өгснөөс дээд талын буюу тав, зургаан давхрын айлуудын гадна, дотно хана, тааз нэвт хагарч цууралт үүссэн байдалтай байдаг хэмээн өнгөрсөн 2013 онд оршин суугчид нь гомдол гаргаж байсан билээ. Чанарын шаардлага хангаагүй бөгөөд цууралт өгч эхэлсэн уг барилгыг анх хүлээн авсан улсын комиссод нэлээд буруу бий.

Мөн явган хүн машин хоёр нэг замаар явдаг, орцноосоо гарахад автын осолд орж болзошгүй аюултай байдалтай байдаг машины зогсоолгүй зэрэг олон тулгамдсан асуудал тэнд бий. Хүчтэй газар хөдлөлтөд нурах барилгын тоонд зүй ёсоор ордог Богд-Ар хорооллынхон одоо ч гомдолтой байна.

Тодруулбал аргаа барсан иргэд “Эрхээ хамгаалья” төрийн бус байгууллагынхантай хамтран эсэргүүцэл илэрхийлж, холбогдох шат шатанд нь асуудлыг тавьж байгаа аж. Тэд хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр баригдах зураг төсөл 2000 онд батлагдсан байдаг аж. Ингээд бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлсэн “Богда Холдинг” ХХК дээрх зураг төслийг зөрчин сургууль цэцэрлэгийн тохижилтыг орхигдуулчихсан байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэг барих 3515 м2 талбайд орон сууц барин, айл өрхийн тоог хоёр дахин нэмэгдүүлж 1500 гаруй болгожээ. Өөрөөр хэлбэл анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, сургалтын төв зэргийг барихаар зэхэж байжээ. Гэвч одоо аль нь байхгүй, зөвхөн ашгийн төлөө орон сууц барьсан байдаг байна.

Учрыг тайлбарлавал “Богда Холдинг” ХХК-иас 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан Н.Хүрэлбаатараар хууль бус зураг төсөл батлуулж, анхны зураг төслийг хүчингүй болгуулчихсан байдаг байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Богда Холдинг” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн тус хорооллын сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрын захирамжийг хүчингүй болгожээ.

Ингээд 2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар барилга барих газрын захирамж гаргасан байна. Өмнөх захирамжаа өөрчилж болдог Хотын даргыг өөрчилсөн захирамжаа буцаан хүчингүй болгохыг Богд-Ар хорооллын иргэд хүсч байгаа юм байна. Харин тэдэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм.

Н.Ганаа