“УBC” намынхны зөрчилдөөн ширүүслээ
2013/09/06
'Увсынхныг “Нам гэж талцдаггүй. Увс гэсэн нэр, эрх ашгийн дор атгасан гар шиг зангидагдаж чаддаг хүмүүс” гэлцдэг. Гэтэл сүүлийн үед “Увс” намынхны улс төрийн тэмцэл ширүүсч, хагарал нь эрчимжиж байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшсэн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Нямхүү намын дарга болон намын нөхдөдөө анхааруулга өгч эхэллээ. Тэрбээр “Увсын хоёрыг эргүүлэн татуулна” гэсэн үгийг нь намынхаа дарга Н.Алтанхуягт хэлэхийн зэрэгцээ Ардчилсан намд 1990 оноос эхлэн зүтгэхдээ ямар, ямар ажил хийснээ ч тайлагнасан байх юм. Энэ нь тойруу утгаараа “Ардын намаас Увсад ялалт байгуулсан гэгдэж байгаа Б.Чойжилсүрэн болон Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татахгүй бол хэцүүхэн л юм болох байх шүү” гэсэнтэй агаар нэг сонстож байгаа юм.
Д.Нямхүү бол Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай нэг нутаг усных. Мөн Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракцийн нэр хүнд бүхий гишүүдийн тоонд албан ёсоор багтдаг нэгэн. Тиймээс ч хамтарсан Засгийн газрын үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын албан тушаалыг хашиж байсан гэлцдэг. Тэгэхээр түүний үг Ерөнхий сайдын чихний хажуугаар зүгээр ч нэг өнгөрөхгүй нь лавтай. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр мөнгө тараасан нь үнэн гэдгийг шат шатны шүүхээс тогтоочихсон нь түүний хувьд аз юм уу даа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг Ардчилсан нам болон Ардын намынхан өөрсдийнхөөрөө тайлбарласнаас болоод өнөөдөр олон нийтийн толгой эргэчихсэн байна. Шүүх шийдвэр гаргаж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахуудад торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг хэрхэн тайлбарлах нь одоо болтол тодорхойгүй байгаа гэхэд болно. “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр мөнгө тараасан нь үнэн. Гэхдээ энэхүү үйлдлийг тэд мэдээгүй. Туслахууд нь л гардаж хийсэн учир торгуулийн арга хэмжээ ногдуулсан юм байна. Тиймээс шүүхээс туслахуудад нь торгууль ногдуулжээ” гэсэн ойлголт олон нийтийн дунд тархсан. Үүнийг хэн ч буруутгаж, зөвтгөөгүй байсаар нэг жилийн нүүрийг үзэж байна.
2008-2012 оны парламентын хугацаанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг эргүүлэн татах тухай асуудал мөн л яригдаж байсан ч ажил хэрэг бололгүй одоогийн маргаантай золгосон. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр түүнтэй холбоотой гарсан маргааныг одоо болтол шийдэхгүй сунжруулж байгааг нь мөн л Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай нэг нутгийнх гэдэгтэй нь холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Алтанхуяг нар Ардчилсан нам, Ардын нам гэлгүйгээр “Увс” хэмээх нэг намын эрх ашиг дор нэгдэж чаддаг хүмүүсийн томоохон төлөөлөл. Тэгээд ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өөрсдийг нь эргүүлэн татах тухай асуудалд нэг их санаа зовохгүй байгаа бололтой. Тэд өнөөдөр Шинэ Зеландыг зорьж байгаа гэсэн. Уул уурхайн асуудлаар туршлага судлахаар УИХ-аас гаргасан ажлын хэсэгт эрхэм хоёр гишүүн багтсан байгаа аж. Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр Шинэ Зеланд улсыг долоо хоногийн хугацаатайгаар зорьж байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Нямхүүгийн хүслийг биелүүлж чадах уу гэсэн асуулт хариулт нэхэж байна.
Р.Сарангоо
Зочин · 2013/09/09
мөнгө тараасан л юм бол хууль зөрчсөн л байна ш дээ. тэгээд мөнгө тараасны хүчинд худалдаж авсан санал гэж үздэг учир тэдний авсан саналын тоо хууль бус гээд татах нь зүйтэй биш үүүүүүүүүүү