Сэрэмжлүүлэг: Автын ослын улмаас сүүлийн зургаан жилд 250 хүүхэд нас баржээ
2016/04/29
Сүүлийн 6 жилийн байдлаарулсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэн 6295 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж,6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ.
Нас барсан, гэмтсэн хүүхдийн үзүүлэлтийг хүснэгт хэлбэрээр харвал:
Д/д |
Он |
Бүртгэгдсэн осол |
Гэмтэл бэртэл авсан хүүхэд |
Нас барсан хүүхэд |
Хүнд хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд |
1 |
2010 |
617 |
656 |
28 |
131 |
2 |
2011 |
962 |
935 |
40 |
162 |
3 |
2012 |
959 |
970 |
43 |
183 |
4 |
2013 |
1218 |
1231 |
37 |
197 |
5 |
2014 |
1195 |
1164 |
48 |
233 |
6 |
2015 |
1112 |
1089 |
54 |
225 |
Нийт: |
6063 |
6045 |
250 |
1131 |
2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна. Зам тээврийн осолд өртсөн 1143 хүүхдийг хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл:
явган зорчигч- 751 буюу 65,7 хувь нь
зорчигч - 364 буюу 31,8 хувь нь
дугуйтай - 28 буюу 2.5 хувь нь
насны хувьд:
0-7 насны - 474 буюу 41.5 хувь нь
8-14 насны - 490 буюу 42.8 хувь нь
15-17 насны - 179 буюу 15.7 хувь нь эзэлж байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хүйсийн байдлаас нь үзэхэд 39.8 хувь нь эмэгтэй, 60.2 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлж байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 279 гарснаас 54 хүүхэд амиа алдаж, 225 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2015 онд нийт 979 ослоор 1010 хүүхэд осолд өртсөний 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна. Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2014 онд 48 хүүхэд нас барж байсан бол 2015 онд 54 болж 6-аар буюу 12.5 хувиар өссөн, 2014 онд 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч байсан бол 225 болж 8-аар буюу 3,4 хувиар буурсан байна.
Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Ховд, Төв аймгуудад, нийслэлд Баянзүрх дүүрэгт хүүхэд хамгийн их амиа алдсан байна.
2016 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 8 /нийслэлд нэг нь/ хүүхэд нас барж, 37 /нийслэлд 23 нь/ хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2015 оны эхний 3 сард 10 хүүхэд нас барж байсан бол 2016 онд 8 болж 2-оор буюу 20 хувиар, 2015 онд 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч байсан бол 37 болж 15,9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-Цэцэрлэг-Гэр” маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсгээр явах, утсаар ярих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль, цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ хэрхэн сургууль, цэцэрлэг рүүгээ явдаг болон гэртээ харьдагийг мэддэггүй, бие даалган, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа ч хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцлийг бий болгож байна.
Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах зэргээр эрсдэлд орох нөхцлийг бүрдүүлдэг.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна.
Ялангуяа хавар, зун, намрын улиралд буюу дулааны улиралд хүүхдүүд гадуур зугаалах, дэмий сэлгүүцэх, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын ойролцоо тоглож яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл их байдаг.Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьчилан сэргийлэхэд дараах ажлуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Үүнд:
- Эрсдэлтэй, замд ойр байрласан ерөнхий боловсролын сургууль орчныг “Сургуулийн бүс” стандартын дагуу иж бүрэн тохижуулах, энэ ажилд аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулах.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх “Сургуулийн автобус” стандартын шаардлага хангасан хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлэх.
- Дүүрэг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадал багаас нь эзэмшүүлэх, сургах зорилготой “Мини замын хөдөлгөөний хотхон” байгуулах.
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах.
- Хүүхэд зам тээврийн осолд эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтны хараа хяналтад байхдаа өртсөн тохиолдолд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтанд хариуцлага оногдуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх.
- Нийтийн тээврийн хэрэгсэл, такси компаниудын тээврийн хэрэгсэлд хүүхдийг тээвэрлэх зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, хамгаалах бүсний тохируулагч, суудал өндөрсгөгч зэргийг байрлуулж, хүүхдийг зөв, аюулгүй тээвэрлэх нөхцлийг хангах нь чухал байна.
Мөн эцэг эхчүүд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байна. Үүнд:
- Явган хүний гэрэл дохио, гарцтай, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах. Ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гаргах
- Тээврийн хэрэгсэл дотор хүүхдээ өвөр дээрээ болон зогсоо байдлаар авч явахгүй, хүүхдэд хамгаалах бүс, хамгаалах суудал, суудал өндөрсгөгч хэрэглэж, аюулгүй зөв тээвэрлэх.
- “Гэр-Сургууль-Гэр” маршрутыг нь зуруулж, дагуулж явж зааж сурга, хэвшүүлэх.
- Хүүхдээ асран хамгаалагч, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулах.
- Замын зорчих хэсгээр явуулахгүй, тоглуулахгүй байх.
- Хөдөлгөөнд оролцох үед нь утсаар яриулахгүй, мессэж бичихгүй, чихэвчний хөгжим сонсгохгүй байлгахад анхаарах.
- Алхам тутамдаа аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байх хэрэгтэй байна.
Ингэснээр бид өөрөөсөө илүү хайралдаг үр хүүхдээ зам тээврийн ослоос сэргийлэх юм. Эс бөгөөсжилийн жилд зам тээврийн ослоор нас барах хүүхдийн тоо өссөөр байгааг эцэг эхчүүд анхаарна уу!!!